Нүүр Сурвалжилга Б.Батбаатар:Вагоны усны нөөцийн савыг түвшин мэдрэгчтэй болгочихвол  олон асуудл...
Сурвалжилга

Б.Батбаатар:Вагоны усны нөөцийн савыг түвшин мэдрэгчтэй болгочихвол  олон асуудлыг шийднэ

G.Press 1 долоо хоногийн өмнө 68 үзэлт 0 сэтгэгдэл

Төмөр замын тээвэр, үйлчилгээ олон төмөр замчдын хамтын хөдөлмөрийн үр дүнд үйлчлүүлэгчдэд хүрдэг. Бид энэ булангаараа төмөр замын “арын алба”-нд зүтгэгчдийг урьж тэдний ажлын онцлогийг уншигчдадаа танилцуулахыг зорьдог билээ. Энэ удаад УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн усаар зэхэгч Б.Батбаатарыг урилаа. Тэрбээр энэ ажлыг нэг жил орчим хийж байгаа аж.

-Өдөрт хэчнээн вагон усаар зэхдэг вэ. Ажлын талбараа танилцуулна уу?

-Өдөрт дунджаар 60-70 вагон усаар зэхдэг. Өнөөдөр (2026.05.22) 80 гаруй вагон усаар зэхнэ. Зорчигчийн вагон депод 40 орчим худаг бий. Эдгээр худгаас усны хоолойгоор зорчигчийн вагоныг усаар зэхдэг. Нэг худгаас хоёр вагон зэхдэг.

-Нэг вагоныг хэдэн литр усаар зэхдэг вэ?

-Зорчигчийн вагон 1000 литр буюу нэг тоннын усны банктай. Аяллаас ирж байгаа вагонуудын усны нөөцийн сав нь хоосорч ирдэггүй. Тиймээс нэг вагоныг 400-500 литр усаар зэхэж, нөөцийн савыг нь дүүргэдэг. Өдөрт 30 орчим тонн усаар зэхдэг гэсэн үг. Нэг ээлжинд хоёр ус зэхэгч ажилладаг. Бид нэг өдөр ажиллаад, нэг өдөр амрах зарчмаар ажилладаг.

-Нэг вагоныг зэхэхэд хэдэн минут зарцуулдаг вэ?

-5-10 минут зарцуулдаг.

-Ажиллахдаа хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Зорчигчийн вагоны усны нөөцийн сав түвшин мэдрэгч байхгүй, дүүрч байгаа эсэхийг нь мэдэх аргагүй. Дээр нь худаг дээрээ тоолуургүй учраас вагоны усны илүүдлийн хоолойгоор ус хальж гарч иртэл нь усаа хийдэг. Аль болох ус бага асгаж, усаа зэхэхийг хичээдэг. Өвлийн улиралд нэлэнхүйдээ мөстдөг. Үүн дээр хүн хальтарч унах, бэртэх эрсдэл өндөр. Тиймээс ус хальж асгахаас сэргийлэх ажил хиймээр санагддаг.

-Энэ талаар хийхээр төлөвлөж, бодож яваа зүйл бий юу?

-Өнгөрсөн жил би усны масс ашиглаад дөрвөн түвшинд гэрэл асах мэдрэгч хийх талаар туршиж үзсэн. Болмоор л юм билээ. Эхлээд 220 вольтоор тэр мэдрэгчийг ажиллуулж туршихдаа өөрөө тогонд цохиулсан. Тэгэхээр нь 12 вольтоор ажиллах мэдрэгчийг 10 литрийн саван дээр туршиж үзсэн. Одоо нэг тоннын багтаамжтай саванд ийм мэдрэгчийг хэдэн вольтоор ажиллуулбал болох вэ гэдгийг туршиж үзье гэж бодож байгаа. Цахилгааны мэргэжилтэй хүнтэй хамтармаар санагдсан. Нэг тоннын саванд 250, 500, 750, 900 литр гэсэн дөрвөн түвшинд гэрэл асдаг мэдрэгч хийвэл их зүгээр санагдсан. Нэг аялалд 500-600 литр ус зарцуулж байгаа юм чинь 1000 литрийн багтаамжтай нөөцийн савыг 900 литрээр зэхээд явуулахад болно шүү дээ. Зам дээр илүүдэл ус асгарахгүй, усаа ч хэмнэнэ. Өвөл мөстөхгүй, зун шавхай шалбааг үүсэхгүй. Олон хүний аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Дээр нь, усны нөөцийн саванд даралт үүсгэхгүй. Хуучин вагоны нөөцийн савнуудын резинэн шийрэг муудсан байдаг. Тиймээс байнга хальтал нь их даралттай усаар дүүргээд байх нь усны нөөцийн савандаа ч сайн биш гэж бодож байна.

-Өөрийн тань энэ санаа хэрэгжих боломж хэр бол...?

-Би бол бүрэн боломжтой гэж бодож байна. Сая Оросын төмөр замын эмнэлгийн цувааг усаар зэхэхэд усны цоргоных нь дэргэд жижиг самбар дээр дөрвөн түвшинд гэрэл асдаг мэдрэгч байсан. Миний зөвхөн тархин дотроо төсөөлж байсан төхөөрөмж тэнд бодитоороор байна. Хэрхэн ажиллаж байгааг нь хараад бүр өөрийнхөө төсөөлж байсан ажлыг хийх бүрэн итгэлтэй болсон шүү.

-Шинэ төмөр замчин анхны өвлийг давахад хэцүү байв уу?

-Өнгөрсөн өвөл сүрхий хүйтэн өвөл байлаа. Гэхдээ харьцангуй гайгүй. Ганц нэг худаг мэр сэр хөлдсөнийг эс тооцвол гайгүй шүү. Вагоны үйлчлэгч нар хүйтэнд орж ирээд аяга халуун цай, кофе ууж дулаац гэж сэтгэл гаргадаг. Өвлийн хувцасны чанар маш сайн байсан, даараагүй. Харин өвөл гутал л хөлдчихдөг. Хоёр ээлжийн гуталтай. Хөлдөөд нугаларахгүй болчихсон гуталтай ажиллах хэцүү байсан. Тиймээс илүүдэл ус асгахгүй вагоноо зэхдэг болохсон гэж бодож явдаг.

-Ажлын талбарыг чинь харахаар өдөрт нэлээд алхдаг бололтой юм?

-Тийм шүү. Гар утсандаа алхам тоолдог аппликейшн суулгасан. Хамгийн их нь 28 мянга алхсан байсан. Өдөрт дунджаар 20 мянгаас дээш алхдаг. Энэ ажил маань миний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгаа. Өмнө нь уран дархнаар ажиллаж байхдаа хөдөлгөөний дутагдалтай, илүүдэл жинтэй байсан. Энэ ажилд анх ороход миний биеийн жин 118 кг байсан бол одоо 99-100 кг-ын хооронд хэлбэлздэг. Биеийн жин буураад ирэхэд эрүүл мэндэд ч эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ ажлын давуу талыг би хөдөлгөөн гэж хардаг.

-Өөрийн тань үндсэн мэргэжил...?

-Миний үндсэн мэргэжил ойн инженер. Мэргэжлээрээ ажиллая гэхээр гэр бүлээсээ хол хөдөө их явах шаардлага үүсдэг учраас хотод суурин байхын тулд энэ ажилд ороод жил орчим болж байна. Үүнээс гадна оюутан байхаасаа алт мөнгөний дархнаар ажиллаж байсан. Одоо чөлөөт цагаараа захиалга орж ирвэл дархны ажлаа хийдэг.

-Төмөр замчдын эгнээнд орж ирээд сэтгэгдэл хэр байна вэ?

-Надад төмөр замчдын дунд ажиллах нь таалагдаж байгаа. Цаашид боломж нь олдвол сурч, мэргэжил эзэмших бодолтой байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Б.Гүнжээ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.