МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Хамтын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийн бодит үр дүн хэрхэн гарав?
-Энэ удаад төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөлгөөний, хөдөлгөөний бусаасаа шалтгаалан 50 болон 35 хувиар бодогддог сарын үр дүнгийн шагналыг 10 хувиар буулган 40, 25 хувь болгох. Буулгасан мөнгөн дүнг үндсэн цалин руу шууд шилжүүлэх. Дээр нь цалингийн шинэчлэлийн системийн хүрээнд яригдаж байсан “Удаан жилийн журам”, анх ажилд орсон хүн 12 сар бүрэн ажиллаад хоёр дахь жилийн нэгдүгээр сараас эхлэн жил тутамд нэг хувийн нэмэгдлийг удаан жилийн нэмэгдлээр авах. 11-26 жил ажилласан бол жил тутамд 0.5 хувиар, 26 ба түүнээс дээш жил ажилласан хүмүүс сарын үр дүнгийн шагналыг 17.5 хувиар авах боломж нээгдлээ. Дээр нь одоо бүсийн нэмэгдэлд зарцуулж байгаа дундаж хөрөнгийг бууруулахгүйгээр тогтмол дүн рүү шилжүүлэх гэсэн зарчмын дөрвөн асуудлыг шийдвэрлэж чадлаа.
Шагналт цалингийн тодорхой хэмжээг үндсэн цалин руу шилжүүлнэ гэдэг нь нэгдүгээрт, үндсэн цалинг нэмэгдүүлэх, үндсэн цалингаас тооцох бусад нэмэгдлүүдийн суурь дүнг нэмэх. Цаашлаад жилийн ажлын үр дүнгийн шагнал буюу 13 дахь цалингийн дүнг нэмэгдүүлэх үндэс суурь тавигдаж байгаа юм. Мөн сарын ажлын үр дүнгийн шагналын хэмжээ буурна гэдэг нь нөгөө талдаа баталгаат цалин хөлс буюу үндсэн цалин нэмэгдэж, сахилгын шийтгэл ногдсон бол тухайн хүний гар дээр очих цалин нь хасагдах эрсдэлийг бууруулж байгаа юм. Түүнчлэн, тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэлэг хэлбэрээр оруулж ирснээр таван жил ажилласан ч удаан жилийн нэмэгдэл авч чаддаггүй байсан залуус маань хоёр дахь жилээсээ нэг хувийн нэмэгдэл хүртээд явна гэдэг нь тухайн хүний цалинд хамгийн бодитой нэмэгдлийг бий болгож буй явдал юм. Мөн УБТЗ-д хоёргүй сэтгэлээ зориулж, тасралтгүй олон жил ажилласан хүмүүсийн удаан жилийн нэмэгдэл 10.5 хувь дээд хязгаартаа тулдаг байсан бол одоо 17.5 гээд нэмэгдсэн үндсэн цалингаасаа гадна 7 хувийн нэмэлт цалин авах боломжийг бий болгосон. Энэ бол цалингийн шинэчлэлийн системийн хоёрдугаар шатны эхлэл.
-Дараагийн шатанд ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?
-2024-2025 оны “Хамтын гэрээ”-ний хүрээнд цалингийн шинэчлэлийн системийн гурав, дөрөвдүгээр үе шатны асуудал яригдана. Энэ хүрээнд цалин хөлсний сүлжил, сүлжил хоорондын интервалын асуудлууд, ажил мэргэжлийн тохирооны асуудал гэхчлэнгээр илүү нарийвчилсан судалгаан дээр үндэслэсэн томоохон ажлыг хийнэ.
-Улс орны хэмжээнд үнийн хэт өсөлттэй энэ үед цалингийн нэмэгдэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна гэж үзэх нь ч бий?
-Энэ удаагийн цалингийн нэмэгдэл бол үндсэн цалинг эхэлж 10 хувиар нэмэгдүүлээд дахиад сарын ажлын үр дүн, удаан жил, бүсийн нэмэгдэл гээд олон шатлалд өөрчлөлт авчирснаараа онцлогтой. Сүүлийн дөрвөн ч удаагийн “Хамтын гэрээ”-ний хэлэлцээрт оруулаад шийдүүлж чадаагүй байсан асуудлаа нэг мөр шийдвэрлэж байгаа нь бидний хамгийн том амжилт. Мэдээж цаашдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх зарчмыг барьж байгаа. Гэвч УБТЗ ХНН-ийн хэмжээнд мөрдөгдөж буй цалин хөлсний систем нь өөрөө эрүүл, зөв, залуучуудыг тогтвортой ажиллуулж чадаж байна уу гэдгийг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Цалин хөлсний үндсэн суурь болж байгаа системийг нь маш зөв хийгээд авчихвал хэдийн шийдэл нь төдий хэмжээнд үр дүнтэй, нийт гишүүдэд маань ашигтай байх юм гэж харж байгаа. Нэг үеэ бодвол УБТЗ ХНН тарифаа нэмэгдүүлж чадлаа, ачаа тээврийн хэмжээ өсөж байна. Саяхан л гэхэд МОН П-1, МОН П-2 зээлийн асуудал Ерөнхий хорооны хурлаар шийдэгдлээ. Хөрөнгө оруулалтын асуудал ч нэмэгдэж байна гээд чихэнд чимэгтэй мэдээ ар араасаа хөвөрч байна. Гэхдээ бид олсон ашгаа зөвхөн цалин хөлсөндөө зарцуулна гэж байхгүй. Зөв хөрөнгө оруулалт, үр ашигтай хамтын ажиллагаа түүнээс орох орлогыг ажилчдад хамгийн хүртээмжтэй, тэгш шударгаар зөв хуваарилан зарцуулах нь чухал юм. Энэ ч утгаараа бид цалингийн сүлжлийн системийн хоёр дахь шатыг эхлүүлэх түүхэн шийдвэрт гарын үсэг зурлаа. Тэгэхээр нийт гишүүдийн ирэх долдугаар сарын урьдчилгаа цалин дээр үндсэн цалингийн нэмэгдлүүдээс тооцогдсон өөрчлөлт мэдрэгдэж эхэлнэ. Тухайн сарын сүүлчээс бодит нэмэгдлүүд ороод явна гэж ойлгож болно. Энэ удаагийн шийдвэрийн хүрээнд төмөр замчдын цалин одоо авч байгаагаасаа дундажаар 15 хувиар өснө. Үүнд шаардагдах хөрөнгийн хэмжээ нийтдээ 120 орчим тэрбум төгрөг байх юм. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос ажил олгогч талд тавьсан саналыг ажил олгогч талаас нааштайгаар шийдсэн явдал нь хамгийн том үр дүн юм.
Цалингийн сүлжил буюу интервал гэдэг зүйлийг энд нэн тэргүүнд ярих ёстой. Тав, зургадугаар зэрэгтэй ажилчдын дундаж цалин хөлс, инженер техникийн ажилтнуудаасаа өндөр гараад байвал энэ шатанд ажиллах хүсэл сонирхол улам бүр буурна. Тэгэхээр цаашид өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг бага хэмжээгээр, бага цалинтай хүмүүсийнхийг их хэмжээгээр нэмнэ гэж хэт туйлширч бас болохгүй байгаа юм. Зөв зохистой харьцаа нь ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал.