Нүүр Энэ сэдвээр Б.Алтан-Очир: Материалын агуулахаа төвлөрсөн дулаанд холболоо
Энэ сэдвээр

Б.Алтан-Очир: Материалын агуулахаа төвлөрсөн дулаанд холболоо

G.Press 5 сарын өмнө 223 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-ийн  Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны Орлогч дарга Б.Алтан-Очироос 2025 оны өвлийн бэлтгэл, худалдан авах ажиллагаатай холбоотой зарим асуудлын талаар тодрууллаа.

 

-2025 оны төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан худалдан авалтын талаар товч мэдээлэл өгнө үү?

 

-Энэ жилийн хувьд Замын хэмжээнд нийт 600.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бүхий 392 тендерийн төлөвлөгөөг Зам тээврийн яамаар батлуулж, 2025 оны 12-р сарын 1-ний өдрийн байдлаар 335 тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем “tender.gov.mn”-ээр зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны явцын хувьд тендер зарласан, хүлээн авч байгаа 39 тендерийн 56 багц, үнэлгээний шатанд 26 тендерийн 29 багц, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 41 тендерийн 53 багц, гэрээ байгуулсан 198 тендер 319 багц тус тус байна.

 

-Өвөлжилттэй холбоотой ажил үйлчилгээ, бараа материалын нийлүүлэлт ямархуу явцтай байна вэ?

 

 -Тухайн онд нийт 198 тендерийн 319 багц шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, 257 гэрээ байгуулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Замын нэгдсэн төлөвлөгөөнд 14 ажил тусгагдсан 100 хувийн биелэлттэй дүгнэгдсэн. Тухайлбал, Замын хэмжээнд нийт ажилтнуудыг хоёр төрлийн ажлын тусгай хувцас, дөрвөн төрлийн ажлын гутлаар бүрэн хангасан. Түүнчлэн Барилга, орон сууцны албаны 35 зуухны халаалтын хэрэгцээний нүүрс, өндөр илчлэг бүхий технологийн хэрэгцээний нүүрс, зорчигчийн вагоны галлагаанд шаардлагатай миддлингийн хангалтыг хугацаанд нь нийлүүлж, илчит тэрэгний өвлийн дизель түлш, салбар нэгжийн автомашин, хүнд машин механизм, тоног төхөөрөмжид хэрэглэгдэх автобензин, дизелийн түлш болон шатах тослох материалын хангалт, замын төмрийн тос, халаалтын тогоо зэрэг худалдан авалтуудыг амжилттай зохион байгуулж Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж ажиллалаа.

 

-Худалдан авах ажиллагааг үр дүнтэй, ил тод зохион байгуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд?

 

-Манай албаны зүгээс 2023-2025 онд дотооддоо олон шинэлэг санаачлагыг нэвтрүүлэн ажилласан. Замын хэмжээний худалдан авах ажиллагаанд алба, төв, хэлтэс, салбар нэгжийн удирдлагуудын болон худалдан авах ажиллагаанд оролцдог инженер техникийн ажилчдын оролцоог хангах үүднээс Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээний мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх сургалтыг удаа дараа зохион байгуулсан. Энэ оноос Худалдан авах ажиллагааны хэлтэс болон худалдан авалтын гэрээнүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор дотоод бүтэц, орон тоонд гэрээний хэсгийг оруулж өгсөн нь үр дүнтэй алхам болсон.

 

-Худалдан авах ажиллагааны чиглэлээр Замын хэмжээнд зохион байгуулсан онцлох ажлуудаас дурьдвал?

 

-Бид Замын даргын 2025 оны 10-р сарын 28-ны өдрийн 300 Б цахилгааны дагуу “Худалдан авах ажиллагаа-2025” зөвлөгөөнийг 2025 оны 10-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Замын Нэгдүгээр орлогч даргын баталсан Зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу Дотоод аудит, хяналт шалгалтын албатай хамтран урд, хойд, төвийн хэсэглэлд зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. УБТЗ ХНН-ийн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны материалын агуулахын дулаан болон цэвэр, бохир усны шугам татах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр УБТЗ ХНН-ын АБТЭМА-ийн талбай руу ч дулаан татах боломж бүрдсэн. Замын хэмжээнд худалдан авах ажиллагааны захиалгыг цахимжуулахаар Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэстэй хамтран Захиалгын бүртгэлийн программыг ашиглалтад оруулснаар худалдан авах ажиллагааны ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим хангагдаж, шинэ захиалгыг авахдаа агуулахуудын үлдэгдэлтэй тулган хяналт тавих боломж бүрдсэний дүнд үр ашиггүй худалдан авалтыг бууруулах боломжтой боллоо.

 

-Дизелийн түлш, тос маслын хэрэгцээ, хангалтын асуудал байнга чихнээс хонх уяж байдаг. Энэ талаар?

 

-Энэ жилийн хувьд 2025 оны 11-р сард “Шунхлай” ХХК-аас 6800 тонн түлш нийлүүлсэн. Гэрээний дагуу 2000 тонн дизелийн түлшийг сар дамнуулан нийлүүлж байна. Бид улирлаар нь тооцон захиалгыг өгч байгаа бөгөөд 2025 оны 12-р сард 10000 тонн дизель түлш нийлүүлэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 4580 тонн түлшний үлдэгдэлтэй буюу 12 хоногийн нөөцтэй байна. ОХУ-ын үйлдвэрүүд дотоодын автобензен, дизелийн түлшний хэрэгцээгээ эхэлж хангасныхаа дараагаар Монгол Улс руу автобензин, дизелийн түлшийг нийлүүлж байгаагаас бага зэргийн хоцролт үүсэж байгаа. “Шунхлай” ХХК-аас 2025 оны 12-р сард дизелийн 120 тонн тосыг худалдан авахаар гэрээ байгуулаад байна. Одоогоор 280 тонн тосны үлдэгдэлтэй буюу 45 хоногийн нөөцтэй. Иймд тосны хувьд асуудал үүсэхгүй.

 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

Б.Занданхүү

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.