Багануур зангилааны хувьд энэ жил 40 жилийн ой нь тохиож буй юм. Замын даргын үзлэгээр ой угтсан олон ажил хийснээ зангилааны дарга Н.Алтанхуяг танилцуулав. Мөн ирэх сард өртөөний зүгээс 40 жилийн ойгоо тэмдэглэх хүсэлтийг Замын захиргаанд өгсөн байна. Тиймээс ТҮГ болон бусад хэсгүүд бас ой тэмдэглэх хүсэлтээ үзлэгийн комисст дуулгахад Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “40 жилийн ойг өртөө дангаараа биш, нийт зангилаагаараа хамт тэмдэглэ. Нэг төсөв, төлөвлөгөө гарга” гэсэн үүрэг өглөө. Тус зангилааны Булагтай зөрлөгийн хувьд өвлийн тээвэрт бэлэн байлаа. Харин сувиллын шинээр барьсан заалны дулаан, цэцэрлэгийн дээврийн засвар зэрэг ажлыг БЗАҮ-ний анги төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхээр боллоо. Ийнхүү Багануур зангилааныхан намрын үзлэгт бүгд “Онц” дүнтэй гэрчилгээ гардлаа.

Түүнчлэн, Улаанбаатар зангилааны урд хэсэглэл Агуйт, Мааньт, Багахангай, Хангай, Чулуут, Цагаанхяр, Хоолт, Хайрхан, Хонхор, Туул зөрлөгийн төмөр замчид амжилттай шалгуулж “Онц”, “Сайн” дүнтэй гэрчилгээ гардсан юм. Өртөө, зөрлөгийн төмөр замчид өвлийн тээвэрт бэлэн ч зарим зөрлөгт нүүрсгүй, ажилчдын нүүрс буусан ч агуулах савгүй гэх асуудал яригдав. Үүнийг хүйтрэхээс өмнө зохицуулж өгөхийг комиссын ахлагч тулгуур өртөөний дарга болон холбогдох аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болголоо. Баян өртөөний хувьд Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар зам сумын хувьд нэлээд өргөжөөд байгаа билээ. Замын II ангийн X хэсгийн мастер Т.Буянтогтох “Чанга яригч нэмж тавихгүй бол өртөөний зам парк уртасснаар сонсогдохгүй болсон. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавив. Ер нь, урд хэсэглэлд өртөө, зөрлөгүүдийн замыг уртасгаснаар чанга яригчийн асуудал нэлээд яригдсан тул Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Замын хэмжээнд нэмж суурилуулах чанга яригчийн судалгааг яаралтай гаргаж ирэх оны төлөвлөгөөнд суулга” гэдэг үүрэг даалгаврыг Дохиолол холбооны албанд өглөө. "УБТЗ" ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тээвэр логистикийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд Баян зөрлөгөөс үйлдвэр хүртэлх 2.2 километр урт төмөр замыг суман шилжүүлгийн хамт угсарч ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэж буй аж. Энэхүү үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор тус зөрлөгийн ачаа, тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж, аж үйлдвэрийн томоохон зангилаа болон хөгжих юм. Тиймээс өртөөний жижүүрүүдийг чадавхжуулах, Замын хэсгийн ажлын хэмжээ нэмэгдсэн тул орон тоо нэмэх шаардлага үүссэн талаар дүнгийн хурлын үеэр хөндөгдлөө. Үүнийг холбогдох алба, анги, тулгуур өртөө нь судлан шийдвэрлэхийг комиссын ахлагч үүрэг болгож, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бэлэн байх ёстойг зөрлөгийн төмөр замчдад анхааруулан, илүү их хичээж, галт тэрэгний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллахыг сануулав.

            Өртөө, зөрлөгүүдийн замын аж ахуйн хувьд ихэнх нь мөн л сумын металл эд ангиуд шаардлагатай байгаа талаар ярьж байлаа. Энэ талаар Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал “Сумын металл эд анги нийлүүлэх гэрээ хийсэн. Харин Р50 зам төмрийн тусгаарлагчийн хувьд л жаахан асуудалтай байгаа. Үүнд албаны зүгээс анхаарч ажиллана. Энэ жил урд хэсэглэлийг бетон дэрээр багагүй хангасан. Замчид маань солиогүй үлдсэн бетон дэрээ яаралтай солих хэрэгтэй. Шугам замаар явж байхад замчдын сууцны дулаан алдалт их байна. Ээлж дараатай засварлана гэвэл замчид нэлээд зутрахаар харагдлаа. Тиймээс дулаан алдалтыг нь багасгах талд яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй болов уу” гэсэн юм.

 

М.Наранболд