Тус өртөө өнгөрсөн онд 40 жилийнхээ ойг тэмдэглэн бүтээн байгуулалт, шинэчлэлтийн олон ажил хийж, ачаа тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ ч зорилт тавин амжилттай давуулан биелүүлсэн. Энэ онд Н.Алтанхуяг даргатай өртөөний хамт олон Замын “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил” зорилтын хүрээнд долоон бүлэг, 66 зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. УБТЗ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэдэг Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийн үйл ажиллагааг саадгүй зохион байгуулж, хоногт гурван галт тэрэг боловсруулж буй гэнэ. Ачаа тээврийн үзүүлэлтийн хувьд эхний дөрвөн сараар авч үзвэл 1.729.110 тонн ачаа ачиж төлөвлөгөөг 105.3 хувиар биелүүлжээ. Энэ хугацаанд 226 вагон буулгаж төлөвлөгөөг 124.9 хувиар, 26.741 вагон явуулж 101.5 хувиар тус тус биелүүлсэн байна. Үзлэгийн үеэр Ачаа тээвэр эрхэлсэн орлогч дарга Ж.Мөнхбат “Манай өртөө улс эх орны эрчим хүчний гол хэрэглээ болсон нүүрсийг тээвэрлэдэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүүрсний тээвэр ч жилээс жилд нэмэгдэж байна. Эхний дөрвөн сард нүүрсний тээвэр 0.5 хувиар нэмэгдлээ. Бид статик даацыг нэмэгдүүлж, орон нутгийн вагоны сул зогсолт, ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг бууруулж, тээврийн орлого өссөн үзүүлэлттэй байгаа” хэмээн танилцуулав. Цаашид шинээр барих V цахилгаан станц ашиглалтад орвол ачилт нэмэгдэж, ачаалал ихэснэ гэдгийг өртөөний дарга Н.Алтанхуяг онцолсон юм. Тус хамт олон төмөр замын аюултай бүсийн дэглэм сахиулах чиглэлээр оны эхний улиралд зургаан зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж 100 хувь гүйцэтгэсэн байна. Тухайлбал, өртөөний хязгаарт байрладаг хашааны салбар замын хаалганы, иргэд гардаг хэсгийг зүүдэг цоожтой болгож, тэмдэг тэмдэглэгээг шалгаж, салбар зам эзэмшигчдэд ажилтнуудаа аюултай бүсээр явуулахгүй байх тухай албан бичиг, зөвлөмж өгч, салбар замын камер, гэрэлтүүлгийг шалгасан зэрэг олон ажил хийжээ.
Үүнээс гадна “Галын аюулгүй байдлаас хамтдаа сэргийлье”, “Гэрээ-тариф”, “ХАБЭА-н сарын аян” зэрэг сэдэвт аяны хүрээнд ачааны бүрэн бүтэн байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна.
Үзлэгийн комисс тус өртөөний ажил байдалтай танилцаад Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Даваажав, Д.Жигжид нар зам, сум, дохиолол холбооны байгууламжид тохируулах ажил багагүй байгааг анхаарууллаа. Харин өртөөний төмөр замчдын төлөөлөл, технологийн орон сууцтай болох саналыг тавьсан юм. Учир нь, шинэ залуус ажилд ороход байрлах газаргүй, тиймээс түрээсийн орон сууцанд амьдардаг нь ажлаас гарах үндэслэл болдог гэнэ. Замын дарга Х.Хэрлэн “УБТЗ ХНН алдагдалтай тарифуудаа индексжүүлснээр ашигтай ажиллаж эхэлсэн. Тиймээс цаашид төмөр замчдынхаа ажиллаж амьдрах нөхцөл боломжийг шат дараатай сайжруулна” гэдгийг хэлсэн.
М.Наранболд