Намрын налгар өдрүүд алсарч, өвөл үүдэнд ирснийг сануулах цастай, жавартай өглөө АБТЭМА-ийг зорилоо. Тус ангийн нэг, хоёрдугаар цехийн ажлыг сурвалжлахыг зорьсон минь энэ. Залуус хэдийнэ ажилдаа гарчээ. Нэгдүгээр цехийн дарга сургалтад явж эзгүй байсан тул түүний ажлыг орлон гүйцэтгэж буй Агуулах талбайн эрхлэгч Р.Даваасүрэнтэй уулзлаа. Оны эхнээс тус цехийнхний амжилт ололт хэр байгааг сонирхвол;
-Манай цехийн энэ жилийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж байгаа. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажлын хэмжээ эрс буурсан.
Өнөөдрийн байдлаар (2023.11.02) л гэхэд нэг вагон буулгаад, хоёр вагон ачина. Үдээс хойш таван вагон буулгана. Ер нь, есөн вагоны төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд бол ачаалал их байсан. Өмнөх онд ачаалалтай үедээ манай цехийнхэн өдөрт 21 вагонд ачилт, буулгалт ч хийж байсан гэлээ. Ийнхүү ажлын хэмжээ эрс буурсан шалтгааныг ковидтой жилүүдэд ихэнх тээврийг төмөр замаар хийж байсан нь манай ажлын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэхэд нөлөөлсөн. Үүнтэй холбогдуулаад ачаалал ихтэй байсан учраас Замын захиргаанаас агуулахын хадгаламжийн тарифыг шинэчлэн тогтоосон. Тухайлбал, ачааг эхний нэг хоногт үнэгүй, хоёр дахь өдрөөс тонн тутамд 1000 төгрөг, 3-7 дахь хоногт 5000 төгрөг, найм дахь хоногоос тонн тутамд 10000 төгрөг хүртэл төлбөр авахаар шийдвэрлэсэн. Энэ тариф л манай зарим үйлчлүүлэгчдэд хүндээр тусаж байна гэдэг. Нөгөө талаар, ачаа тээврийн урсгал авто тээвэр рүү чиглэсэнтэй ч холбоотой байх.
-Ачаа хүлээн авагчид ямар шалтгаанаар ачаагаа авахгүй уддаг вэ?
-Үйлчлүүлэгчид гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг шат дамжлагуудаар явж байж ачаагаа авдаг учраас ачаагаа авалгүй удах тохиолдлууд гардаг хэмээв.
Тэрбээр, УБТЗ-д 38 жил, үүнээс 35 жилд нь тус байгууллагад ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм. Харин эл өдөр түүний удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ихэнх нь залуус ажээ. Тэдний заримаас сэтгэгдлийг нь сонслоо.
Ц.Мандахсолонго /ачаа вагон хүлээлцэгч/: Би МСҮТ-ийг төгсөж ирснээс хойш АБТЭМА-д 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллахын хажуугаар Политехникийн коллежид техникчээр сурч байгаа. Ирэх хавар төгсөнө.
-Өдрийн ажлын ачаалал хэр байна вэ?
-Ковидын жилүүдэд ачаалал их байсан. Энэ жилээс ажил багассан.
-Өдөр тутамд тулгардаг хүндрэлтай асуудал бий юу?
-Байхгүй дээ. Ээлжийн хамт олон маань хоорондоо эвтэй. Хүндрэлтэй асуудал гардаггүй. Өглөө бүр тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөгөө сайн ярилцаад гарчихдаг болохоор ажил дээр асуудал үүсдэггүй.
Б.Баярмаа /агуулах талбайн эрхлэгч/: Өдөрт дунджаар 20 гаруй үйлчлүүлэгчтэй харилцдаг. Манайхаар тогтмол үйлчлүүлдэг 10 гаруй байгууллага бий.
-Үйлчлүүлэгчид та бүхэнд ямар хүсэлт, санал тавьдаг вэ?
-Байнгын үйлчлүүлэгчид бол манайхаар үйлчлүүлээд сурчихсан болохоор нэг их санал хүсэлт тавьдаггүй. Үнэхээр ачаалалтай үед зарим үйлчлүүлэгч цухалдах үе байдаг. Тэгээд манайхаас өөр газраар үйлчлүүлж үзээд “Өөр газраар ачаагаа авахаар удаан, хэцүү байна. Танайх л амар юм” гээд буцаад ирдэг хүмүүс байдаг” гэхэд Р.Даваасүрэн “Уурлаж орж ирсэн үйлчлүүлэгч манайхаас инээгээд л гардаг даа. Олон жил ажилласан бид байнгын үйлчлүүлэгчдийнхээ зан аашийг андахгүй. Тэд ч биднийг андахгүй. Гааль дээр бухимдаад гарч ирсэн бол манайхаас инээгээд л гарцгаадаг” гэж туршлагатай ажилтны хувиар ярьж байлаа.
Харин сүүлийн үед тэднийд ачигчийн орон тоо бүрдэхгүй байгаа гэнэ.
Тус цех 26 ачигчийн орон тоотойгоос одоо 11 ачигчтай ажиллаж байна. “Ачигч авна” гэсэн зараар ирсэн залуус 1-2 өдөр ажиллаад алга болчихдог аж. Уг нь, ачигч нар хийснээрээ цалинждаг тул хийж чадвал цалин боломжийн авчихдаг гэлээ. Ачаалал ихтэй, ачигч хүрэлцэхгүй үед хүлээн авагч нар өөрсдөө хүн хүч олж ирээд ачаагаа буулгаж авдаг гэв. Биднийг ийнхүү ярилцаж зогсоход хоёр авто ачигчаар вагонд лонх ачиж байлаа. Багахан зай талбайд авто ачигчийг тун чадварлагаар жолоодон ажлаа гүйцэтгэх тэднийг Р.Даваасүрэн эрхлэгч “Манай авто ачигчийн жолооч нар чадварлаг байгаа биз. Энэ бол ур чадвар шаарддаг ажил шүү. Манай ачигч нар ч ширхэгийн ачааг ачиж, буулгах үедээ өрөлтийг буруу хийнэ гэж байхгүй. Тоо алдаж, будилахгүй шүү. Ташрамд хэлэхэд, Замын захиргаанаас төмөр замчдадаа удаан жил ажилласны урамшуулал олгодог болсон нь маш зөв зүйтэй шийдвэр санагдсан. Жишээ нь, сая чамд яриа өгсөн Ц.Мандахсолонго маань 1.0 сая төгрөг, Б.Баярмаа маань 1.5 сая төгрөгийн урамшуулал авсан. Энэ залууст маш их урам өглөө гэж харж байна” хэмээн ярилаа.
Таван хүнтэй ачигчийн бригад 10000 ширхэгтэй ачаатай нэг вагоныг 4-5 цагт буулгах нормтой аж. Ачигч нар ачилт буулгалтаа хийхээс гадна талбайнхаа цас мөсөө цэвэрлэж, ажлын талбарынхаа аюулгүй байдлыг хангадаг аж.
Хоёрдугаар цехийн дарга М.Золзаяа гэх залуухан бүсгүйтэй уулзлаа.
Тус цех нь чингэлгийн болон хүнд ачааны ачилт буулгалтыг гүйцэтгэдгээрээ нэгдүгээр цехээс ялгаатай аж.
Хүнд ачаа гэдэгт техник тоног төхөөрөмж, машин механизм, төмөр гэх мэт зүйлс багтдаг байна.
Тус цехийн хувьд оны эхнээс төлөвлөгөөт үзүүлэлтүүд нь бүрэн биелж яваа аж. Гэхдээ өнгөрсөн оноос ачилт буулгалтын хэмжээ нэлээд буурчээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад вагон буулгалт 49, ачилт 72, ачаа боловсруулалт 47 хувийн биелэлттэй байгаа гэнэ.
Ийнхүү чингэлэг тээврийн хэмжээ ковидын үеэс бараг 50 хувь буурсан нь ачаа тээврийн урсгал авто тээврээр түлхүү явах болсонтой холбоотойг цехийн дарга бүсгүй тайлбарлалаа. Ер нь, чингэлгийн тээврийн хэмжээ ганц энэ байгууллагын хувьд ч биш Улаанбаатарт байгаа бүх терминалд буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Саяхан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй терминалууд цахимаар хуралдахад тэд ч чингэлэг тээврийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 37-49 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцуулж байжээ.
Мөн Замын-Үүд ШАА-ийн хувьд ч энэ жил чингэлэгтэй ачааны хэмжээ буурсан дүнтэй байгаа аж. Тус ангийнхан Замын-Үүд ШАА-аас ачигдаад гарч байгаа ачааны мэдээллийг урьдчилан авч ажлаа төлөвлөдөг байна. Эндээс харахад ч ачаалал эрс буурсан дүнтэй байгаа гэв.
Хоёр цехийг удирдаж байгаа дарга нар хоорондоо ажлаа уялдуулж, шаардлагатай үед хүн хүчний хуваарилалтыг хийдэг аж.
Ер нь, тус ангийнхан өнгөрсөн жилээс ажлын ачааллыг харгалзан цех хооронд ачилт буулгалтыг шуурхай зохион байгуулах үүднээс хүн хүчээ шилжүүлэн ажиллуулж эхэлжээ. Байгууллага дотроо ийнхүү хөдөлмөр зохион байгуулалтыг уян хатан байдлаар хийдэг болсон нь олон талын эерэг үр дүнг авчирч байгаа гэдэгт М.Золзаяа, Р.Даваасүрэн нар санал нэгтэй байна билээ.
Хоёрдугаар цехийн дарга М.Золзаяа “Энэ шийдвэрийг эхэндээ ажилтнууд тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ удалгүй ажилтнууд ач холбогдлыг нь ойлгож мэдэрч эхэлсэн. Цех хооронд шилжүүлэн ажиллуулах нь тухайн ажилтнаа хөгжүүлэх, ур чадварыг нь сайжруулахад нөлөөлж байна. Тухайн ажилтан нэг цехэд нэг л ажлын байранд 10, 20, 30 жил хөдөлгөөнгүй ажиллах нь мэдлэг, ур чадварын хувьд зогсонги байдалд орох талтай. Гэтэл одоо манай ажилтнууд шаардлагатай үед бусад цехүүдэд шилжин ажиллаж байна. Цех бүрийн ажлын технологи шал өөр шүү дээ. Манай цех л гэхэд дотроо краны бригадаа тойргоор ажиллуулж байгаа. Манайх 50, 32, 12.5 тоннын гурван крантай. Энэ кранууд дээр ажиллахад хүртэл өөр технологитой. Бүх краннист маань аль ч кран дээр ажиллах чадвартай болж байна гэсэн үг.
Хамгийн анх энэ туршилтыг манай байгууллага кассируудын ажлын байранд хэрэгжүүлсэн. Толгойт, Амгалан, 44 гэх мэт талбайдаа кассируудыг тойруулж ажиллуулсан. Эхэндээ дургүйцэх хүн ч байсан.
Тэгж ажиллаж байгаад одоо Амгалан, 44 дээр кассир байрлахгүй зайнаас ажиллаж байгаа. Зөвхөн төв болон Толгойт дээр кассир ажиллана. Энэ мэт шинэ туршилтын үр дүн гарч байгаа. Хүн ер нь өөрчлөлтийг хүлээж авахад бэлэн биш байдаг бололтой. Анх ийм өөрчлөлтийг хийхэд бидэнд ч хэцүү л санагдаж байсан. Одоо бол асуудалгүй гэж бодож санаснаа нээлттэй хуваалцлаа.
-Ингэхэд та бүхэн төлөвлөгөөгөө биелүүлээд л байгаа юм байна шүү дээ. Гэхдээ өнгөрсөн оноос ажил бага гээд чамлангуй байна уу даа? гэхэд тэд инээлдэж “Төмөр замчид бид амжилтаа ямагт л ахиулж, илүү ихийг хийж бүтээх ёстой гээд “кодлогдчихсон” хүмүүс юм шиг байна. Оны төгсгөлд “Шинэ онд үүнээс илүү ажил хийнэ, амжилт гаргана” гээд төлөвлөчихдөг. Тэгээд л амжилт дундуур санагдаад байхгүй юу” хэмээв.
Тиймдээ, төмөр замчид маань ийм л хүмүүс. Тэдэн дунд төлөвлөгөө биелсэн л бол болоо гээд “гар газар, хөл хөсөр” суух хүн цөөн. Улам ихийг л хийж бүтээхийг эрмэлздэг сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүстэй уулзахад цаанаа л нэг урамтай байдаг.
Б.Гүнжинлхам
