Нүүр Дугаарын сурвалжилга Ахмадууд агаарын сайханд аваргуудаа тодрууллаа
Дугаарын сурвалжилга

Ахмадууд агаарын сайханд аваргуудаа тодрууллаа

G.Press 8 сарын өмнө 64 үзэлт 0 сэтгэгдэл

 

Явган аяллын тэмцээнд Ш.Баньдсүрэн даргатай III бүсийн “Хурд” баг тэргүүллээ

 

УБТЗ-ын Ахмадын холбооны 2025 оны аварга шалгаруулах тэмцээн явган аялал, граунд гольф, шугаман бүжиг гэсэн гурван төрлөөр хоёр өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд хойд,  урд төвийн гурван бүсийн долоон багийн 220 ахмад оролцож хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. Баянтүмэн тасгийн “Ургах наран”, Ахмадын холбооны Захиргааны ажилтнуудаас бүрдсэн хоёр баг анх удаагаа тэмцээнд оролцож эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. УБТЗ-ын Ахмадын холбооны аварга шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болон явагддаг ахмад тамирчдын хүсэн хүлээдэг спортын арга хэмжээ билээ. 55-80 насны ахмадуудад хурд, хүч, авхаалж самбаа, нарийн мэдрэмж, багийн ажиллагаа нэгдмэл чанарыг мэдрүүлсэн өдрүүд байв. Тэд жинхэнэ амралтаа эдлэх, алжаалаа тайлах, эрүүл чийрэг, бие тамираар хичээллэхийн давуу талыг сурталчилсан нь бахархалтай санагдсан.

Тэмцээний удирдамжийг УБТЗ-ын Ахмадын холбооны дарга Монгол Улсын гавьяат холбоочин Ч.Цогтбаяр баталж, орлогч дарга М.Ганбат, Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн тэргүүтэй мэргэжлийн шүүгч, багш нарын удирдлага дор гурван төрлийн тэмцээнийг шүүж зохион байгуулсан. Спорт явган аяллын тэмцээнийг уулын оргил булаалдах, газрын зураг дээр ажиллах, нуувч олох, хөгжилтэй буухиа, багийн ахлагч нарын “Би чадна” гэсэн зургаан төрлөөр зохион байгуулав.  Ахмад төмөр замчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдэнд амьдралын зөв дадал, хэвшил олгох, хоорондоо танилцаж туршлага солилцох, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад тэмцээний зорилго оршдог. Баг тус бүр эрэгтэй тав, эмэгтэй тав гэсэн нийт арван хүний бүрэлдэхүүнтэй. Багийн гишүүн бүр өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцах бөгөөд явган аяллын талаар дасгалжуулагчаас зөвлөгөө өгч байлаа. Оролцогчид аяллын хөтөч буюу тэмцээний Ерөнхий шүүгчийн удирдлага, зааврыг тухай бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тэмцээнд оролцогчид үүргэвчинд солих ээлжийн хувцас, нэг өдрийн хүнс, аяга, халбага, борооны цув, усны гутал, гар чийдэн, эмийн сан, лаа,чүдэнз гэх мэт зүйлс багтана. Тэмцээний нээлт, хаалтын ажиллагааны ирц, аяллын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт, багийн болон хувийн бэлтгэл, отгийн ариун цэвэр, эко байдал зэрэг нарийн зохион байгуулалттай өрсөлдсөн.

 Ахмад тамирчид ямар эрч хүчтэй, хурдтай эн тэнцүүхэн өрсөлдөж байгааг цаг минут  нь тодорхойлчихно. Нэг төрлийн тэмцээний даалгаврыг багаараа гурван минутад багтаж гүйцэтгэх ёстой ч тэдний  хамгийн өндөр үзүүлэлт нь нэг минут 30 секунд орчимд багтаж байсан нь гайхалтай байлаа. Багуудын өрсөлдөөн ширүүн байсныг тодорхойлох үзүүлэлт бол явган аяллын тэмцээнд түрүүлсэн “Хурд” баг нь зургаан төрлийн тэмцээнээс хоёрт нь тэргүүн байр эзэлж оноогоо ахиулсан явдал байв. Тухайлбал, багийн ахлагч Д.Чулуунбаатар “Би чадна” багийн ахлагч нарын тэмцээнд богино зайнд гүйх, дээс тоглох, тоосго өрөх, шуудайтай үсрэх зэрэг хөгжилтэй буухиа тэмцээнийг нэг минут гаруй хугацаанд гүйцэтгэж бусдыгаа тэргүүлж, багийн оноогоо ахиулсан амжилт үзүүлсэн. Д.Чулуунбаатар  нь 1985 онд УБТЗ-ын Зорчигчийн вагон депогоос ажлын гараагаа эхэлж, 31 жил үр бүтээлтэй ажилласан, явган аялах хоббигоо хөгжүүлж, мэргэжлийн явган аялагч болжээ. Уртын, уулын, ойрын, өвлийн, зуны гэсэн явган аяллын бүхий төрөлд оролцож Сэлэнгээс-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн маршруттай холын зайны явган аялалд оролцсон туршлагатай тамирчин аж. Цанын спортын мастер, дугуй болон гүйлтээр хичээллэдэг. Олон нийтийн арга хэмжээнд үргэлж идэвхтэй оролцож иржээ.

Тэмцээнд оролцож байгаа ахмад тамирчид спортын хэд хэдэн төрлөөр хичээллэдэг. Явган аяллын тэмцээнд амжилттай оролцсон ахмад тамирчин А.Болдбаатар хөнгөн атлетик, снукер биллиард, сагсан бөмбөгөөр амжилт үзүүлж байсан. Гарбөмбөгийн спортын мастер цол зэрэгтэй. Гарбөмбөгөөр аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа түрүүлж байсан. УБТЗ-ын гурван татах хэсгийн Снукер биллиардын тэмцээний анхны аваргаар тодорч байжээ.

Явган аяллын тэмцээнд Ш.Бадамсүрэн даргатай III бүсийн “Хурд” баг тэргүүлж, С.Оюун даргатай  IV багийн “Хос чавхдас”, Ц.Гантөмөр даргатай V бүсийн “Хоёр Загал” багууд удааллаа.

 

Ахмад тамирчин Д.Алтанцэцэг, Ж.Догсом нар “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодров

 

Граунд гольфыг “хэн ч”, “хаана ч”, “хэзээ ч” тоглох боломжтой спорт гэдэг.  Анх 1982 онд Тоттори мужийн Юрихама сум (тухайн үеийн Томари тосгон)-нд үүсч, олон нийтийн спорт болтлоо хөгжсөн байна. Граунд гольфийн тоглолтын дүрэм тун энгийн. Талбайд нийт  найман барианы үүр байрлуулна. Цохиураар бөмбөгийг барианд ортол цохиж, найман үүрний нийт оноогоор, хамгийн цөөхөн цохилтоор барианд оруулсан хүн ялагч болно. Хэрвээ нэг цохилтоор бөмбөгийг барианд оруулбал нийт онооноос гурван оноо хасаж тооцдог. Ийнхүү хялбар дүрэмтэй, хэн ч тоглох боломжтой спорт тул Японд төдийгүй гадаадын улс орнуудад ч эрчимтэй хөгжиж байгаа ажээ. Мэргэжлийн өндөр ур чадвар, техник шаардахгүй зөвхөн мэдрэмжээрээ тоглодог. Нас, хүйс, мэргэжил, ажил, ур чадвар харгалзахгүй ийм спорт юм. Граунд гольфийн спортоор хичээллэхээр байнгын хөдөлгөөнтэй байдаг. Тонгойно, бөхийнө, цохино, бөмбөгнийхөө араас гүйнэ, алхана.

Энэ бүх хөдөлгөөн гимнастик болдог байна.  Нэг цохилтоор оруулсан тохиолдолд “Алтан бөмбөг”-ийн эзэн болдог. Энэ удаагийн тэмцээнд “Замчин” спорт хорооны ахмад тамирчин Д.Алтанцэцэг, Ж.Догсом нар “Алтан бөмбөг” тус бүр нэг удаа оруулж “Алтан бөмбөг”-ийн эзэн тодорч, алтан медаль хүртсэн юм. “Замчин” спорт хорооны ахмад тамирчид граунд гольфын тэмцээнд тогтмол оролцож, амжилт үзүүлдэг. Оролцсон тэмцээн бүрийнхээ түрүү байрыг авдаг, “Алтан бөмбөг”-ийн эзэн олноор тодордог болохоор бусад багийн тамирчдаа “Замчин”  спорт хорооны граунд гольфчид “айлгадаг” гэнэ. Тэдний нэг нь Ж.Догсом. Энэ удаагийн Ахмадын холбооны шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, эхний цохилтоор “Алтан бөмбөг” хийсэн амжилт үзүүлсэн. Граунд гольф спортыг 2018 оноос сонирхож нийтдээ арав гаруй алтан бөмбөг хийсэн амжилттай яваа ахмад тамирчин. Замчин спорт хороондоо “том” Алтай гэж алдаршсан Д.Алтанцэцэг ахмад тамирчин маань 20 гаруй  удаа” Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорсон хүчтэй өрсөлдөгчдийг нэг юм. Тэрбээр ширээний теннис, хийн дасгал, аэробекээр хичээллэдэг. Ахмадын аварга шалгаруулах Дартсын тэмцээний гурван удаагийн аварга, явган аяллын спортын мастер цолтой. Өрхийн аж ахуй эрхэлдэг, бэлэг дурсгалын зүйл хийдэг үргэлж завгүй байдаг нэгэн. Д.Алтанцэцэг,”Баг хамт олноороо хүрээлүүлж, “Алтай эгч ээ та чадна аа” гэсэн амжилт хүссэн ерөөл үгсээс урам авч амьдрах сайхан. Спорт үнэхээр гоё, граунд гольф нарийн мэдрэмж шаардана, үргэлж алхана, нүдний хараа сайжирна. Төв аймагт болсон олон улсын тэмцээнд 50 метрийн зайд алтан бөмбөг хийж, Дархан-Уулын аймгийн IX наадамд ширээний теннис, гольфоор амжилттай оролцсон. Граунд гольфын тэмцээнүүдэд “Замчин” спортын хорооны тамирчид оролцоно гэсэн сургаар бусад тамирчид сүрддэг шүү” гэж өгүүлж байсан.

Граунд гольфын тэмцээний хамгийн ахмад тамирчин нь Говьсүмбэр аймгийн өндөр настан Ж.Раднаа,Чойр зангилааны Ахмадын хорооны даргаар ажиллаж байсан Б.Ичинхорлоо нар байлаа.    

 

Шугаман бүжиг  сонирхолтой дасгал хөдөлгөөн

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын улсын хорооноос зарласан дасгал хөдөлгөөнд "Цаг гаргая" аяны хүрээнд шугаман бүжиг амжилттай хөгжиж байгаа билээ. Дэлхий нийтээрээ бүх насныхан бүжиглэж эрүүлждэг шугаман бүжгийг манайхан ахмадын бүжиг гэж нэрлэдэг. УБТЗ-ын Ахмадын холбооны 2025 оны аварга шалгаруулах шугаман бүжгийн тэмцээнд зургаан баг өрсөлдсөн. Нэгдүгээр байрыг Ш.Баньдсүрэн даргатай III бүсийн “Хурд” баг эзэлж, урд бүсийн “Жавхаа” баг хоёрдугаар байрт, II бүсийн “Соёмбо” баг гуравдугаар байрт шалгарсан. Эхний гурван байранд шалгарсан багууд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монголын шугаман бүжгийн ахмадын холбоо үүсэн байгуулагдсаны найман жилийн ойн хүрээнд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах Олон улсын “Line Dance”шугаман бүжгийн нээлттэй тэмцээнд оролцох эрхийн бичиг гардав.

Өнгөрсөн жил Монголын Биеийн тамир, спортын улсын хорооноос “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 41 багийн 443 тамирчин оролцсон Монгол туургатан, үндэсний угсаатны шугаман бүжгийн их наадамд УБТЗ-ын Ахмадын холбооноос хоёр баг оролцож, 65-85 насны ангилалд “III бүс” хамтлаг тусгай, 45-64 насны ангилалд Ахмадын холбооны “Улаан сарнай” хамтлаг гуравдугаар байрт тус тус шалгарч байжээ. Мөн БНСУ-д болсон олон улсын шугаман бүжгийн тэмцээнд ахмад тамирчин Р.Батсүрэн тэргүүтэй ахмад төмөр замчид оролцсон баг хамт олон амжилттай оролцож хоёрдугаар байранд шалгарсан байна.

Ийнхүү 2025 оны УБТЗ-ын Ахмадын холбооны аварга шалгаруулах тэмцээн Баянбуурал амралтын газар хоёр хоног амжилттай болж өндөрлөлөө. Ахмад тамирчдыг алжаалаа тайлж амрах, уралдаан тэмцээнд амжилттай оролцоход тус амралтын газрынхан хөнгөлөлт үзүүлж ивээн тэтгэж хамтран ажилласан юм.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.