УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн албаны салбар нэгжүүдийн дунд албаны даргын энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 9 тоот тушаалаар “Анхны тусламжийн тэмцээн”-ийг УБТЗ дахь Улаан загалмайн хороотой хамтран энэ сарын 23-нд зохион байгууллаа. Тус тэмцээн нь нийт ажилтнуудад анхны тусламжийн боловсрол олгох, сэхээн амьдруулалтын зөвлөмжийг сурталчлах замаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тулгарсан аюул, ослын үед арга хэмжээг цаг алдалгүй үзүүлэх дадлыг бий болгох зорилготой юм.
Тэмцээнд Зорчигчийн вагон депогийн найм, Зорчигч тээврийн төвийн хоёр, нийт 10 багийн 50 ажилтан оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээнийг Худалдааны албаны харьяа “1000 машины зогсоол”-д зохион байгуулж, дараах үе шаттайгаар явуулсан байна. Үүнд:
• I цэгт “Сэхээн амьдруулалт, CPR хийх, AED багаж ашиглах”
• II цэгт “Гэмтлийн үеийн анхны тусламж”
• III цэгт “Ясны хугарал, тээвэрлэлт”
• IV цэгт “Түлэгдэлт, хахалтын үеийн анхны тусламж”
• V цэгт Улаанзагалмайн үүсэл хөгжил, анхны тусламжийн талаарх онолын мэдлэгийг 20 асуулттай тестээр тус тус шалгав.
Тэмцээний явцад оролцогчид зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлагдахгүй, анхны тусламжийг хүнд хэрхэн зөв үзүүлэх талаар 12 удаагийн сургалтад хамрагдаж, дадлагажсан нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Зорчигч тээврийн албаны ХАБЭА хариуцсан ижненер Б.Азбаяр, шүүгчээр Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Сонгинохайрхан дүүргийн УЗХ-ны арга зүйч н.Мөнхзаяа, УБТЗ дахь УЗХ-ны арга зүйч н.Дөлгөөн, н.Бүнчинжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч В.Сарангуа болон Зорчигч тээврийн төвийн сургалтын инженер Л.Батжаргал нар шүүж ажилласан байна. Тэмцээнд ТЗИС-ийн Вагоны аж ахуйн III, IV дамжааны 15 оюутан сайн дурын ажилтнаар ажиллажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн оролцогчид тусламжийг хэрхэн зөв дарааллаар гүйцэтгэж буйд нэгдсэн байдлаар үнэлж дүгнэсэн байна.
Тэргүүн байрт, Зорчигч тээврийн төвийн I баг 83.6 оноогоор шалгаран өргөмжлөл, нэг сая, дэд байрт Зорчигчийн вагон депогийн Тэргэнцэр засварын цех 80.7 оноогоор өргөмжлөл 700 мянга, гутгаар байрт Зорчигчийн вагон депогийн Вагоны сантехник, усан хангамжийн цех 75.8 оноогоор өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.
Энэхүү тэмцээн нь ажилтнуудын ажлын байран дахь болон ахуйн орчинд гэмтэл, бэртэл, гэнэтийн бие тавгүйрхэх байдалд хэрхэн цагийн байдлыг зөвөөр үнэлж, хүний амь насыг аврах, эдгэрэлтийг түргэсгэх, хохирлыг бууруулах талаар бодит ур чадварт суралцсан өндөр ач холбогдолтой болж өндөрлөлөө. Цаашид ийм төрлийн тэмцээн, сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулснаар ажлын байрны аюулгүй байдлыг хангах, осол зөрчлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
В.Сарангуа
