Замын III ангийн ерөнхий инженер А.Мэндбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай ангийн хэсэглэлд шар усны үерийн эрсдэл хэр байгаа вэ?
-Манай ангийн хэмжээнд хоёрдугаар сард их хэмжээний цас орсон. Гуравдугаар сард харьцангуй дулаан байгаа учраас ихэнх хэсгийн цас хайлсан байдалтай байна. Замын ангийн хойд хэсэг Наран-Элгэн-Лүн хооронд, урд хэсэгт Айраг-Бор-Өндөр хооронд бага зэргийн цастай байна.
-Замын III ангийн хэмжээнд хаврын улиралд төлөвлөсөн засвар арчлалтын ямар ажлууд байна вэ?
-Хаврын шар усны болон зуны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай Замын даргын А-179 тоот тушаал гарсан. Уг тушаалд үндэслэн Замын ангийн дарга А-08 тушаалыг гаргаж мөрдөн ажиллаж байна. Шар усны үерийн аюул манай ангийн хувьд харьцангуй бага байна. Үерийн нөөцийн чулууг ачиж, Замын анги дээр нөөцөлсөн, үерийн нөөцийн бусад материалуудыг бүрдүүлж байна.
Урсгал засваруудын хувьд зам төмөр нэгчлэн солих, тоонолж солих, зам төмрийн шамралт авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.
-Ирэх зун хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд бий юу?
-Дөрөвдүгээр сараас томоохон ажлууд эхэлнэ. 798-804 дүгээр км хооронд балласт эрүүлжүүлэх дунд засвар хийнэ.
Мөн энэ зун үерийн эрсдэл өндөртэй 559 дүгээр км-т шинээр гүүр барина. Одоо байгаа төмөр замын баруун талаар түр зам барьж, гол зам дээр төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн, зураг төсөл нь хийгдэж байгаа.
Үүнээс гадна хүнд жинтэй галт тэрэг аялуулах, түр зогсоогоод хөдөлгөхөд хүндрэлтэй байдаг Оорцог-Энгэр зөрлөгт өргөтгөл хийхээр төлөвлөсөн байгаа.
-Танай ангийн хувьд ямар тулгамдсан асуудал байна вэ?
-Манай ангийн хувьд их засварын хугацаа дууссан, яаралтай их засвар хийх шаардлагатай модон дэр, Р50 зам төмөртэй Олон-Овоогоос-Айраг өртөө хүртэл 38 км зам бий. Энэ хэсэгт яаралтай их засвар хийх шаардлагатай. Мөн бетон дэртэй боловч Р50 зам төмөртэй хэсгүүдэд балластын дунд засварыг хийж байгаа боловч зам төмрийн ядралаас шалтгаалан хурц гэмтэл ихээр илэрч, тухай бүрд нь яаралтай сольж байна. Зөвхөн 2024 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар 103 зам төмөр солиод байна. Ер нь, Р50 зам төмрийн нөөц хүрэлцэхгүй байгаа учир цаашид Р65 зам төмрөөр хангаж зам төмрийг тууш солих зайлшгүй шаардлага үүссэн.
Б.Гүнжинлхам
