Ажил бол амьдралын нэг хэсэг. Амьдрал тэр чигтээ ажил байх ёсгүй. Заримдаа бид ажлынхаа завсар зайгаар амьдрах гээд байдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилвэл хувийн амьдрал, өөрийн сэтгэл зүй, хайрын харилцаа, ирээдүйн гэр бүлийн бүрэн бүтэн байдалд хүртэл нөлөөгөө үзүүлнэ. “Энэ ажлаа дуусгачихаад", “Энэ төслийг л дуусгачихвал", “Ирэх сараас”, “Тэр болчихвол", "Тэрний ард гарчихвал" гэхчлэн өөрийгөө дахин дахин хойшлуулсаар нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч, амьдрал хүлээдэггүйг ойлгодог.
Ажил бол амьдралын чухал хэсэг. Гэхдээ бүхэл бүтэн амьдрал биш. Таны амьдралд
Хайртай хүмүүс бий.
Эрүүл мэнд бий.
Амрах хэрэгцээ бий.
Инээх мөчүүд бий.
Өөрийгөө хөгжүүлэх цаг бий.
Дурсамж бүтээх боломж бий.
Хэрэв ажил таны бүх цаг хугацаа, бүх бодол, бүх эрч хүчийг эзэлж эхэлбэл хувийн амьдрал, гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд, сэтгэл санаа аажмаар хоосорч эхэлдэг.

Жинхэнэ ажил–амьдралын тэнцвэр гэдэг нь ажлаа орхих тухай биш. Харин ажилд зохих байрыг нь өгч, амьдралаа тэргүүнд тавьж сурах тухай юм. Учир нь гэр бүл өөрөө сайхан болчихдоггүй. Түүнийг хамгаалж, цаг гаргаж, үнэ цэнийг нь мэдэрч, хамтдаа бүтээдэг. Хэрэв та өөрийн гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалахгүй, харилцаандаа цаг зориулахгүй, дулаан уур амьсгалыг бий болгохгүй бол таны өмнөөс үүнийг хийх хүн үгүй.
Тэнцвэртэй амьдрал зөвхөн таныг аз жаргалтай болгодоггүй. Мөн таны хань, хүүхэд, гэр бүл, ирээдүйд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог.
Өнөөдөр өөрөөсөө нэг асуугаарай. “Би ажлын төлөө амьдарч байна уу, эсвэл амьдралаа илүү утга учиртай, үнэ цэнтэй болгохын тулд ажиллаж байна уу?”
Хэрэв ажил тань амьдрах, хайрлах, мэдрэх, амрах, хөгжих, эрүүл байх, гэр бүлдээ цаг гаргах боломжтой тань зөрчилдөж эхэлсэн бол түр азнаж, амьдралынхаа чиглэлийг дахин эргэцүүлэн харах цаг иржээ.
Амьдрал үргэлж ажлаас илүү том байх ёстой.
Сэтгэл зүйч Д. Намуунзаяа
