Улаанбаатар төмөр зам ХНН-ийг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж, тус нийгэмлэгийн бахархам түүхийг бүтээлцсэн ахмад төмөр замчид та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. УБТЗ-ын ахмадууд бол өнөөдрийн бидний амжилт ололтын үндсийг тавьсан ач буянтай бахархам гавьяатай хүмүүс юм. Бидний өнөөдрийн ололт амжилт бүрийн цаана ахмадуудын маань хөлс хүч шингэсэн байдаг. Ахмадууд та бүхэн маань УБТЗ-аа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй алдар цолонд хүргэхэд асар их хөдөлмөр зүтгэл, хувь нэмрээ оруулсан билээ. УБТЗ-ын ажилсаг бүтээлч хамт олны дундаас 15 Хөдөлмөрийн баатар, 60 гаруй гавьяат төрөн гарсан нь ахмадууд маань улс эх орныхоо хөгжилд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг илэрхийлж байна. Замын захиргаа ахмад төмөр замчдынхаа хөдөлмөрч, дайчин зан чанар, арвин их туршлагаас суралцаж, үнэтэй заавар зөвлөгөөг нь сонсож ажиллахад онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж байдаг. Цаашдаа ч ахмад төмөр замчдаасаа суралцах нь бидний амжилт ололтын үндэс байх болно. Шинэ залуу төмөр замчдыг ажилдаа дур сонирхолтой, тогтвор суурьшилтай, дадлага туршлагатай, сахилга бат, хариуцлагатай төмөр замчин болгон төлөвшүүлэхэд манай ахмадуудын оролцоо, идэвх зүтгэл чухал юм. Залуу сайхан насныхаа эрч хүч, эрдэм чадлаа УБТЗ-даа харамгүй зориулсан ахмадууддаа анхаарал халамж тавих нь Замын удирдлагын үүрэг, нэр төрийн хэрэг юм. Замын удирдлага УБТЗ-ын Ахмадын холбоо болон залуучуудын байгууллагатайгаа хамтран ахмадууддаа тавих анхаарал халамжаа улам сайжруулж, ахмад залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхэд цаашдаа улам анхаарч ажиллах болно. Улс эх орон, УБТЗ-ынхаа хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмадууд та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе. Ахмад үеийнхний яруу алдар мандан бадартугай.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР УБТЗ ХНН-ИЙН ДАРГА МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН Х.ХЭРЛЭН
