Нүүр Ярилцлага Ч.Цогтбаяр: Ахмадын баярын өмнө 1.6 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон
Ярилцлага

Ч.Цогтбаяр: Ахмадын баярын өмнө 1.6 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон

G.Press 18 цагийн өмнө 339 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Ахмадын холбооны дарга, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяртай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө та УБТЗ-ын Ахмадын холбооны үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар манай уншигчдад товчхон танилцуулна уу. Төмөр замынхаа бүх ахмадуудад хүрч ажиллахад хүндрэл байна уу?

-УБТЗ-ын Ахмадын холбоо ТББ байгуулагдаад 46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын салбарын ахмадууд хамтран ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай үнэхээр сайн ажиллаж ирсэн. Миний бие энэ холбооны зургаа дахь дарга нь байгаа юм. Манай холбооны ахмадуудын тоо сүүлийн үед нэлээд нэмэгдсэн. Намайг ажил авснаас хойш мянгаад ахмадаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 9150 гаруй ахмадтай боллоо. Тэгэхээр холбооны үйл ажиллагааны цар хүрээ тэр хэрээр тэлж байна. Манай холбооны үйл ажиллагаа төмөр замын бүх зангилаа, өртөө зөрлөгүүдийн 37 хороо, зөвлөлөөр дамжин ахмадуудад хүрч байгаа. Цаашлаад 37 хороо зөвлөл маань дотроо 10 бүсэд хуваагддаг. Тухайлбал, Баянтүмэн тасаг нэг бүс, Багахангай, Багануур нийлээд нэг бүс,  урд бүс Сайншандад төвтэй, хойд бүс Дарханд төвтэй, Улаанбаатарт байгаа 24 байгууллагын дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлүүд дөрөв дөрвөөрөө нийлээд зургаан бүс болон ажилладаг. Манай хороо, зөвлөлүүдийн ажил жигдэрсэн. Ахмадын хороо, зөвлөлийн удирдлага, сонгуультнууд маш сайн ажиллаж байгаа. Бид жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргаад манай хороо зөвлөлүүд өөрсдийнхөө харьяа зангилаад, аж ахуйн нэгжийн дарга нартай хэлэлцэж тохиролцоод үйл ажиллагаагаа явуулдаг.

-Ахмадын баярыг зүгээр тэмдэглээд өнгөрүүлэх биш ахмад настнуудын нийгмийн халамж, эрүүл мэнд, нийгмийн оролцоог хангахад чиглэсэн асуудлыг дэвшүүлж, тодорхой хэмжээгээр шийдвэрлүүлэх нь чухал байх?

-Яг тийм. Энэ сарын 24-нд УБТЗ-ынхаа хэмжээнд Ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ жил Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байгаа. Бид баярын концертоо энэ ойд зориулан тоглож, холбооныхоо үйл ажиллагааны тайлангаа тавьсан. Энэ үеэр Х.Хэрлэн даргатай замын удирдлагууд ахмадууддаа хэрхэн анхаарч ажиллаж байна вэ гэдэг нь тодорхой харагдсан. Бид жил бүр Замын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Сая Ахмадын баярын өмнөх өдөр Замын даргын 01 тоот албан даалгавар гарсан. Энд Замын захиргаа, Ахмадын холбооны хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангахаас гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа Ахмад настны тухай хуулийн тодорхой заалтуудыг Замын хэмжээнд хэрэгжүүлэхийг тусгасан. Үүний дагуу манай залуу дарга нар сэтгэл гарган ажиллаж байна. Замын даргын гаргасан албан даалгаварт манай ахмадууд маань маш их өндөр сэтгэгдэлтэй байна.

-Танай холбоо Монголын Ахмадын холбоотой хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Монголын Ахмадын холбооны 95 жилийн ойг тохиолдуулаад УБТЗ-ын ахмадын байгууллага хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Энэ оны эхээр Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр миний бие сонгогдсон. Манай төмөр замын ахмадуудыг хүндэтгэж байгаа хүндэтгэлийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Би Замын даргын үзлэг болон бусад үеэр төмөр зам дагуух аймгуудын ахмадын байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн. Тухайлбал, Дорнод, Дорноговьд, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Дархан-Уул, Орхон-Уул аймаг, Улаанбаатарт БГД-ийн ахмадын байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллаж байгаа. Шугам замын ахмадууд маань орон нутгийнхаа ахмадын байгууллагатай нягт уялдаатай ажилладаг болсон. Монголын Ахмадын холбооны 95 жилийн ойн баярын хурлуудад манай ахмадын байгууллагын төлөөлөл ач холбогдол өгч, нэлээд нэр хүндтэй оролцсон. Түүхэн ойг тохиолдуулаад манай холбооноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хаяг, хаалга хийж байрлуулсан. Мөн улс, нийслэл, дүүргийн ахмадын байгууллагуудын урлаг, спортын хамтарсан тоглолт, сургалтуудад манай холбооноос идэвхтэй оролцож байна.

-Ахмад настнуудын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Замын захиргаатай хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу жил болгон ахмадуудынхаа хүсэлтээр шугам зам дагуу хөдөлгөөнт оношилгооны төвийн эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон. Мөн Монголын Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт Замын дарга Х.Хэрлэн, Геронтологийн Үндэсний төвийн захирал Бат-Ундрах бид гурав гарын үсэг зурсан. Ингэснээр манай ахмадууд энэ эмнэлгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа гэсэн үг. Цаашид дээрх санамж бичгийн хүрээнд Замын захиргаа, Ахмадын холбооны удирдлага, сонгуультнууд хамтран тодорхой ажил зохион байгуулна.

-Төмөр замын байгууллагууд маань ахмадууддаа хэр анхаарал халамж тавьж байна вэ?

-Манай аж ахуйн нэгжүүд түүхэн ой болон бусад үед ч ахмадуудаа хүндэтгэн урьж, ахмадын хороо, зөвлөлтэйгээ хамтран ажиллаж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээг сайн авч яваа.  Мөн жил бүр Замын хэмжээнд гурван үеийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг. сайхан уламжлал тогтсон. Үүнд УБТЗ-ын Залуучуудын байгууллага, ҮЭ-ийн холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын байгууллага, алба, хэлтсийн удирдлага, аж ахуйн нэгжүүд бүрэн хэмжээгээр хамрагдаж, оролцдог. Жил бүр Цагаан сар, ахмадын өдөр болон бусад тэмдэглэлт өдөр, мэргэжлийн баяраар төмөр замчид ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байгаа.

Энэ жил манай салбар хороо, зөвлөлүүд ахмадын баяраа нэлээд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Ахмадуудын маань хүсэн хүлээдэг мэргэжлийн баяр болоогүй учраас ахмадын баяр, шинэ жил, цагаан сарынхаа баярыг аятайхан зохион байгуулна гэж төлөвлөж, идэвхтэн сонгуультнууд маань сайн ажиллаж байна.

-Төмөр замд он удаан жил ажилласан хэрнэ хөдөлмөрөө үнэлүүлж чадалгүй тэтгэвэрт гарсан ахмадууд цөөнгүй байдаг. Ахмадуудаа шагнаж, урмаар тэтгэх ажлыг танай холбооноос сайн зохион байгуулж байгаа харагдах юм?   

-Өнөөгийн байдлаар, бидний дунд Хөдөлмөрийн баатар дөрөв, Гавьяат цолтой 49 ахмад байна. Холбооны зүгээс баяр ёслол, ойн баярууд, бусад үйл ажиллагааны үеэр төмөр замдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа төрийн болон салбарын яам, УБТЗ-ын шагналаар шагнуулж, урамшуулаад явж байгаа. Энэ онд олон байгууллагын 70, 75 жилийн ой тохиож байна. Энэ ойн арга хэмжээнд манай ахмадууд залуучуудтайгаа хамт зорилгоо нэгтгэн хүчин зүтгэж, хамтран ажиллаж байна. Эдгээр ойгоор залуус маань ахмадуудаа хүндэтгэн урьж, шагнаж урамшуулж байгаа. Тэгэх ч ёстой.

-Төмөр замчин ахмадуудаас 100-аас дээш настай хүн хэд байгаа вэ?

-Манайд 100-аас дээш настай таван хүн байгаа. 100 насалж, зургаадай таяг тулсан ахмадууддаа УБТЗ ХНН-ийн дарга болон бусад удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар хүндэтгэл илэрхийлж, анхаарал халамж тавьдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд амьдарч байгаа хороо дүүргээр нь дамжуулан хүндэтгэл үзүүлдэг.  

-Ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж нь хуулиар нээлттэй болсон. Үүнд ахмадууд талархалтай байдаг. Танай холбоонд хөдөлмөр эрхэлж байгаа ахмадуудын судалгаа бий юу?

-Оны эхний зургаан сарын байдлаар УБТЗ-д тэтгэвэрт гарсан 87 ахмад ажиллаж байна. Ахмад настны тухай хуулийн 9,11,  Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т зүйл заалтаар ахмадууд хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй болсон. Сая гарсан Замын даргын албан даалгаврын зургадугаар заалтад дээрх хуулиудын зүйл заалтын хэрэгжилтийг хангуулах тухай тусгасан байна. Тухайлбал, 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагууд нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулж болно гэж заасан заалтын хэрэгжилтийг хангуулах юм.

Одоо бид уг албан даалгаврыг хамтран үр бүтээлтэй хэрэгжүүлэх ажлыг ирэх сараас эхлэн хамтран зохион байгуулж ажиллана.

-УБТЗ ХНН ахмадууддаа эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлдэг үү?

-Өөр аль ч байгууллагад байдаггүй сайхан уламжлал УБТЗ-д бий. Намайг Ахмадын холбооны ажлыг хүлээж авснаас хойш “Ахмадын дэд сан” болон төмөр замд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудад ахмадын баяраар болон цагаан сараар олгодог тэтгэмжид хоёр  удаа нэмэгдэл оруулсан. Энэ бол манай Замын удирдлага санхүүгийнхээ нөхцөл боломжоор биднийг дэмжиж байгаагийн илэрхийлэл юм аа. Энэ тэтгэмж Ахмадын баярын өмнө бүх л ахмадуудад очсон байгаа. Энэ мөнгөн тэтгэмжийг ажилласан жил, авсан гавьяа шагналыг харгалзан тодорхой хувиар тогтоосон. Ахмадууд маань харьяалах Ахмадын хороо, зөвлөлөөрөө дамжуулан авсан байгаа. Ахмадын баярын өмнө нийт тэрбум 600 сая төгрөгийг тэтгэмжийг ахмадуудад олгоод байна.

-Ахмадын холбоонд тулгамдсан, шийдэл хүлээсэн асуудал бий юу?

-Манай ахмадуудын хүсэж, хүлээж байгаа нэг асуудал бол энэ Ахмадын өргөөгөө шинэ байртай болгочих юм сан гэсэн хүсэл. Үүнийг Замын удирдлага ч ялгаагүй бодож, төлөвлөж яваа. Нийслэлийн Засаг дарга, БГД-ийн Иргэдийн хурлаас ч бидэнд энэ талын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлдэг. Энэ талын зураг төсөл, тооцоог хийлгэх ажлыг манай Их барилга, хөрөнгө оруулалтын алба хариуцаж байгаа. Гэвч цаг үеийн нөхцөл байдал, Замын санхүүгийн байдлаас шалтгаалан энэ онд л лав амжихааргүй болсон. Гэхдээ Замын санхүүгийн нөхцөл боломж бүрдэхээр энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Хэдийгээр өргөөний маань багтаамж бага байгаа ч бид бүх боломж нөөцөө ашиглаад үйл ажиллагаагаа явуулаад л байж байна. Ер нь хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд, цаашлаад аймаг, нийслэл, дүүрэг, хороод бүгд ахмадын үйл ажиллагаа явуулах танхим, өргөөтэй байж, ахмадын байгууллагын үйл ажиллагаагаа явуулах бүх нөхцөлд боломжийг хангах ёстой юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Б.Гүнжээ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.