УБТЗ ХНН-ийн даргын албан даалгавар №01
УБТЗ ХНН-ийн дарга, МУГТ Х.Хэрлэнгийн есдүгээр сарын 23-ны 01 тоот албан даалгавар гарч, Замын хэмжээнд нийгэмлэг болон Ахмадын холбоо ТББ-ын хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна. Энэхүү албан даалгаврыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”- ын дүрмийн 22 дугаар зүйлийн "а” заалт, “Ахмад настны тухай” хуулийн 9.8, 9.9, 11.1.4, 12.1, 14.6, 14.7, хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”- ын дарга, УБТЗ-ын “Ахмадын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлын хооронд тухайн онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нарт ДААЛГАХ нь:
1. “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 3.1.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагаас ахмад настны талаар баримтлах бодлого, тусламж, үйлчилгээтэй холбоотой үүргийг хэрэгжүүлэхдээ ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, УБТЗ-ын үйл ажиллагааны тасралтгүй байдал, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, батлагдсан төсөв, санхүүгийн сахилга, хөрөнгийн зохистой ашиглалтыг хангаж, дараах арга хэмжээг авч ажилла.
1. Ахмадын байгууллагаас зохиох жилийн ажлын төлөвлөгөөг холбогдох салбар нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, боломж, батлагдсан төсөвтэй уялдуулан хамтран боловсруулж, эрх бүхий албан тушаалтнаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг жилийн эцэст хэлэлцүүлдэг байх. Төлөвлөгөөнд тусгагдаагүй, нэмэлт зардал шаардах арга хэмжээг батлагдсан төсөв, эрх олгогдсон шийдвэргүйгээр хэрэгжүүлэхгүй байх.
2. “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.2-т заасны дагуу Ахмадын холбоо, анхан шатны хороо, зөвлөлөөс соёл, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах үед төв болон зангилааны соёлын төв, биеийн тамир, урлаг, спортын болон хурлын заалыг боломжит хүрээнд, урьдчилан тохирсон хуваарь, дотоод зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын болон бусад холбогдох шаардлагыг ханган, УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаанд саад учруулахгүй нөхцөлөөр үнэ төлбөргүй ашиглуулах. Ашиглуулах хуваарь, хугацаа, хариуцлага болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг холбогдох салбар нэгжийн удирдлага урьдчилан тодорхойлж ажиллах.
3. “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.3-т заасны дагуу салбар нэгжүүд тэтгэвэрт гарах ажилтнуудын судалгааг тухай бүр гаргаж, тэтгэвэрт гарахтай холбоотой нийгэм, сэтгэл зүйн бэлтгэл хангах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай мэдээллийг харьяалах ахмадын хороо, зөвлөлд хууль тогтоомж, хүний хувийн мэдээлэл хамгаалах шаардлагад нийцүүлэн хүргүүлэх.
4. “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.5, “Ахмад настны тухай” хуулийн 11.1.4, 12.1, 14.6-д нийцүүлэн жил бүрийн Цагаан сар, Ахмадын өдөр болон гэрээнд тусгасан бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулах. Үүнд шаардагдах зардлыг зөвхөн батлагдсан төсөв, Ахмадын сангийн зориулалт, тухайн жилийн хамтын ажиллагааны гэрээнд нийцүүлэн зарцуулж, хууль болон дотоод журмаар тогтоосон санхүүгийн баримт, тайлагналын шаардлагыг хангах.
5. “Ахмад настны тухай” хуулийн 11.1.4, “Хамтран ажиллах гэрээ”- ний 2.2.3-т нийцүүлэн ахмад туршлагатай, мэргэжлийн болон удирдах ажилтнуудын оролцоотой зөвлөл байгуулж, ахмад настны мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал авах, зөвлөлдөх ажиллагааг зохион байгуулах. Зөвлөлийн санал нь УБТЗ-ын эрх бүхий удирдлагын шийдвэрийг орлохгүй бөгөөд байгууллагын нууц, худалдааны нууц болон бусад хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх шаардлагыг мөрдүүлэх.
6. “Ахмад настны тухай” хуулийн 9.11, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 145.4-т заасны дагуу 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доорх болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулахтай холбоотой арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулах. Ингэхдээ ажлын байрны бодит хэрэгцээ, сул орон тоо, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал болон тухайн ажлын байрны шаардлагыг харгалзан үзэж, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ажлын байранд ахмад настныг хуульд заасан нөхцөлөөс гадуур ажиллуулахгүй байх.
7. “Ахмад настны тухай” хуулийн 9.8-д заасны дагуу ахмад настныг байгууллагын зорилго, зорилт, хууль ёсны эрх ашигт нийцсэн сайн дурын ажилд оролцохыг дэмжиж, оролцогчийн хүсэл, зөвшөөрөлд үндэслэн аюулгүй, зохистой нөхцөлөөр хангах. Сайн дурын ажил нь хөдөлмөрийн гэрээний ажил үүргийг орлохгүй бөгөөд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд эрсдэл учруулах ажилд ахмад настныг оролцуулахгүй.
8. Байгууллагын түүхт ой болон тэмдэглэлт баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настныг төрийн болон төмөр замын, салбарын яам, агентлагийн шагналд тодорхойлох арга хэмжээг холбогдох шагналын журам, шалгуур, материал бүрдүүлэх хугацааг баримтлан, үндэслэл бүхий саналын дагуу зохион байгуулах. Ийнхүү тодорхойлсон нь шагнал олгогдох баталгаа болохгүй.
9. Байгууллагын гурван үеийнхний дунд зохион байгуулагдах арга хэмжээг УБТЗ-ын үйл ажиллагааны онцлог, батлагдсан төлөвлөгөө, төсөвт нийцүүлэн дэмжиж, ажил, амьдралын арвин туршлагатай ахмад настны мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх, хөдөлмөрийн алдар гавьяаг нь хүндэтгэн алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах.
10. Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны арга хэмжээг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хуульд нийцүүлэн хамтран зохион байгуулах бөгөөд явуулын оношилгооны үзлэгийг жилд нэг удаа зохион байгуулах бол тухайн жилийн батлагдсан төсөв, хамтын ажиллагааны гэрээ, эмнэлгийн байгууллагатай байгуулах гэрээ, үйлчилгээний нөхцөлд үндэслэнэ. Үзлэгт хамрагдах нь сайн дурын үндсэн дээр байх бөгөөд эрүүл мэндийн мэдээллийн нууцлал, хүний хувийн мэдээлэл хамгаалах шаардлагыг чанд мөрдөнө.
2. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, салбар аж ахуйн нэгж, алба, хэлтэс, төвүүдийн хэрэгжилтийг нэгтгэн, шаардлагатай тохиолдолд илэрсэн зөрчил, эрсдэлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргад даалгасугай.
