УБТЗ-д 36 дахь жилдээ хөдөлмөрлөж буй Замын II ангийн хэсэглэл хариуцсан инженер Г.Алтанбаатартай уулзаж ярилцлаа.
-Та төмөр замтай хэрхэн холбогдсон бэ?
-Миний аав Б.Гүнцээ, ээж Б.Манжил хоёулаа төмөр замчин. Аав маань 1960-аад онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас илгээлтээр төмөр замд ирж ажилласан хүн. Би өөрөө Чойрын 18 дугаар зөрлөгт төрсөн. Дараа нь гэр бүлээрээ Батсүмбэрт суурьшиж, тэндээ арван жилийн сургуулиа төгссөн. Төмөр замчдын дунд өссөн болохоор өөр мэргэжил сонгоно гэж бодож байгаагүй. Тиймээс 1990 онд төмөр замд орж, ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Анхны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ?
-Замын ангийн засварын газарт засварчнаар ажиллаж эхэлсэн. Дараа нь Шатан зөрлөгийн хэсэгт замчнаар ажилласан. Замчнаар гурван жил, бригадын даргаар есөн жил, замын мастераар арван жил ажилласан. Харин 2012 оноос эхлээд хэсэглэл хариуцсан инженерээр ажиллаж байна. Нийтдээ 36 жил УБТЗ-д ажиллажээ.
-Таны хариуцдаг замын хэсгийн онцлог юу вэ?
-Манай хэсэг Шатангаас Эмээлт хүртэлх хэсгийг хамардаг. Төмөр замын нэлээд хүндрэлтэй бүс. Өгсүүр, уруудуур хэвгий ихтэй, бага радиустай тахир олонтой. Зарим тахирын радиус ердөө 298 метр байдаг. Ийм хэсгүүдэд цариг тэлэх гэмтэл байнга гардаг. Насжилт, хөдөлгөөний эрчимжилт хоёр нөлөөлдөг. Мөн Шатан, Мандал, Ногоонтолгойн хэсгүүд голын хөндий дагасан, намаг цэвдэгтэй учраас замын суулт, овойлт их гардаг.
-Сүүлийн жилүүдэд төмөр замд томоохон шинэчлэлүүд хийж байгаа талаар тодруулж ярина уу?
-Тийм ээ. 2019 оноос эхлэн модон дэрийг төмөр бетон дэрээр солих ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр бараг төгсгөлийн шатандаа орчихсон явж байна. Төмөр бетон дэртэй болсноор цариг тэлэх асуудал эрс багасна. Замын тогтвортой байдал нэмэгдэнэ. Хөдөлгөөний аюулгүй байдал илүү найдвартай болно. Манай замчид олон жил энэ асуудалтай тэмцэж ирсэн. Одоо харин томоохон ахиц гарч байна.
-Танай хэсэгт уулзваргүй зам байдаг гэсэн?
-Тиймээ. Энэ бол манай хэсгийн хамгийн том онцлогийн нэг. 315-369 дүгээр километрийн хооронд УБТЗ-д хамгийн анх тавигдсан уулзваргүй зам бий. 2009 онд Оросын замын их засварын цуваа энэ ажлыг хийсэн. Уулзваргүй зам гэдэг нь техникийн маш том дэвшил. Замын гэмтлийн ихэнх хувь нь уулзвар хэсэгт гардаг. Харин уулзваргүй зам тавьснаар динамик ачаалал багасаж, замын ашиглалтын чанар эрс сайжирдаг. Энэ зам ашиглалтад орсноос хойш олон жил өнгөрсөн ч найдвартай үйлчилж байна.
-Төмөр зам таны хувьд юу вэ?
-Миний амьдрал гэж хэлнэ дээ. Би төмөр зам дагаж төрсөн, өссөн, насан туршдаа энэ салбарт ажилласан хүн. Өөр ажил хийж үзээгүй. Зарим хүн замын амьдралд дасаагүйгээс ажлаа сольдог. Харин бидний үеийнхэн замаа дагаад өссөн болохоор энэ ажилдаа сэтгэлээсээ дуртай байдаг. Үнэнийг хэлэхэд энэ олон жилд мэргэжлээ орхиж өөр ажил хийнэ гэж бодож байгаагүй.
-Танай гэр бүл ч бас төмөр замтай холбоотой юу?
-Холбоотой. Эхнэр Б.Батцэцэг маань сувилагч мэргэжилтэй. Бид Шатан зөрлөгт ажиллаж байхдаа танилцсан. Одоо манайх гурван хүүхэдтэй. Том хүү А.Эрдэнэхүү ОХУ-ын Санкт-Петербургийн ТЗИС-ийг замын инженер мэргэжлээр төгссөн. Өнөөдөр төмөр замын салбарт ажиллаж байна. Гурван үеэрээ төмөр замын хүн болсон гэж хэлж болно.
-Олон жилийн хөдөлмөрийг тань хэрхэн үнэлсэн бэ?
-Төмөр замын салбарын бараг бүх шагналыг хүртсэн дээ. "Онц хөдөлгөөнчин", "Тэргүүний төмөр замчин", "Төмөр замчны алдар" тэмдэгтэй. 2024 онд "Хүндэт төмөр замчин" цол хүртсэн. Мөн 2025 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулсан. Энэ бүхэн бол ганц миний биш, хамт олны маань хөдөлмөрийн үнэлгээ гэж боддог.
-Та хамт олноо хэрхэн тодорхойлох вэ?
-Би "Алтан босготой замын анги, мөнгөн харгуйтай төмөр зам, ажилсаг хамт олон" гэж хэлэх дуртай. Замын урсгал засвар, хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг замчдын өдөр тутмын хөдөлмөрөөр бүтдэг зүйл. Бидний хийсэн ажил тэр бүр нүдэнд ил харагддаггүй. Гэхдээ галт тэрэг бүр аюулгүй зорчиж, зорчигч бүр саадгүй хүрч байгаа нь замчдын хөдөлмөрийн үр дүн юм.
Төмөр замын дагуу төрж өсөөд, насан туршдаа ган замын төлөө хөдөлмөрлөсөн энэ хүний ярианаас нэг зүйл тодхон мэдрэгдэнэ. Тэр нь мэргэжлээ гэсэн бахархал. Түүний хувьд төмөр зам нь зөвхөн ажил биш юм. Аавынх нь эхлүүлсэн, өөрийнх нь үргэлжлүүлсэн, хүүгийнх нь өвлөж авсан амьдралын зам. Тиймээс алсад үргэлжлэх мөнгөн харгуй түүнд зөвхөн төмөр зам биш, бүтэн амьдрал шиг харагддаг биз ээ.
П.Түмэндэмбэрэл
