Нүүр Дугаарын сурвалжилга Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлнэ
Дугаарын сурвалжилга

Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлнэ

G.Press 2 жилийн өмнө 67 үзэлт 0 сэтгэгдэл

 

          

УБТЗ-ын Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг энэ сарын 17-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй алба, хэлтсийн дарга, салбар нэгжийн удирдлагууд, ИТА-ууд оролцлоо. Төмөр замчид 2021 онд 31.2 сая тонн ачаа тээвэрлэснээс хойш өнгөрсөн онд 32.4 сая тоннд хүргэж түүхэн дээд амжилт тогтоосныг Д.Амарбаясгалан дарга онцлоод “Энэ бол манай нийт төмөр замчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн” гэсэн юм. Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг 2019 оноос жил бүр цахимаар хийж байсан бол энэ удаад танхимаар зохион байгууж буй нь энэ.

Төмөр замчид өнгөрсөн онд урд хөршид өргөн царигаар хүлээлгэж өгөх галт тэрэг солилцоог зарим үед 18-д хүргэж дээд амжилт тогтоосон. Галт тэрэг солилцоог тогтмол нэмэгдүүлснээс гадна алдагдалтэй тээвэрлэдэг 19 нэр төрлийн ачааны тарифыг нэмсэн, төмөр замчдын цалинг 15 хувиар өсгөсөн гээд амжилт ололт дүүрэн жил байсныг хөдөлгөөнчид онцоллоо. Өнөөгийн байдлаар, нефть, хүнсний бараа, барилгын материал гэх гурван нэр төрлийн ачааны тарифыг 2016 оноос хойш нэмээгүй, алдагдалтай тээвэрлэсээр байгаа аж. Эдгээр ачааны тарифыг тодорхой хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ ШӨХТГ-т өгсөн байна.

Энэ оны Замын зорилтыг “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Үүний хүрээнд стандартыг салбар нэгж бүрд хэвшүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг дээшлүүлэх ажлыг илүү эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөж буй аж. 75 жилийн түүхтэй “УБТЗ” ХНН өөрийн гэсэн тогтсон соёлтой, дүрэм журамтай байгууллага. Гэвч техник технологийн шинэчлэл, төмөр замчдын сэтгэлгээ, хөгжлийнхөө үе шатыг даган соёлоо дээшлүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Нөгөө талаар, буруу соёлыг ч хэвшүүлж ирснийг Тээврийн хяналтын албаны орлогч дарга, төвийн хэсэглэл хариуцсан байцаагч Д.Батдорж онцолсон. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой ноцтой дутагдал, үл тохирол гаргахаараа нуун дарагдуулах гэх мэт буруу соёлыг залуу хойч үедээ үлгэрлэн буруу нөлөөлдөг. Энэ нь, эрсдэл буурахгүй байгаагийн гол шалтгааны нэг гэж үзэж, “УБТЗ 2023 онд хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй ажилласан” гэж дүгнэв. Учир нь, 2022 онд төмөр замчид 55 гологдол гаргасан бол өнгөрсөн онд гологдлын тоо 65 болж өсчээ. Гэхдээ төмөр замчдын буруутай үйлдлээс бус гарам дээр тээврийн хэрэгсэл галт тэргэнд дайрагдах гологдлын тоо огцом буюу дөрвөн нэгжээр өссөн байна. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу зам усанд угаагдсанааар хөдөлгөөн нэг цагаас дээш хугацаагаар саатсан тохиолдол гурван удаа гарсан. Гэхдээ ачаа тээврийн хэмжээ үлэмж нэмэгдэж, ажлын эрчимжилт ихтэй байсан жил ийнхүү бусдаас шалтгаалсан долоон гологдол гарсан тул шууд ч “Төмөр замчид хангалтгүй ажилласан” гээд хэлчихэж болохгүй гэдгийг ч тэр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс шалтгаалсан, технологийн алдаанаас болсон гологдлын тоог өмнөх оны түвшинд барьсан байна. Дээрх 65 гологдлын 19-ийг Зүтгүүрийн аж ахуйн алба гаргасан нь өмнөх жилээсээ зургаагаар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Түүнчлэн, Эрчим хүч, ус хангамжийн төв нэг, Вагоны аж ахуйн алба хоёр, Зорчигч тээврийн алба нэг, бусдаар 25 гологдол гаргасан нь өмнөхөөсөө өссөн үзүүлэлт. Харин гологдлын тоог бууруулсан нь гэвэл Тээвэр зохион байгуулалтын алба зургаа, Замын аж ахуйн алба долоо, Баянтүмэн тасаг дөрвөн гологдолтой шинэ оныг угтжээ. Төвийн хэсэглэлийн аж ахуйн нэгжээр нь авч үзвэл Улаанбаатар өртөө гологдлыг нэг нэгжээр бууруулж, Улаанбаатар татах хэсэг өмнөх жилд зургаан гологдолтой байсан бол 2023 онд 12 болгон нэмэгдүүлсэн байна. Өмнөх жилдээ гологдолгүй ажиллаж байсан Вагон ашиглалтын депо хоёр, Зорчигчийн вагон депо, ЭХУХ-ийн I анги тус бүр нэг гологдол гаргав. Төрлөөр нь авч үзвэл тээврийн хэрэгсэл дайрсан, хос дугуй гацсан, сум зүссэн, галт тэргэнд эд юмс дайрагдсан, зам угаагдсан, хөдлөх бүрэлдэхүүний эд анги зам дээр унасан, авто угсраа салсан, ДТХ, эрчим хүч салсан, аяллын үед зам дээр ачаа унасан, зам төмөр ухсан, зам цасанд дарагдсан зэрэг гологдол нэмэгдсэн байна.

Түүнчлэн, УБТЗ 2022 онд 527 дутагдалтай байсан бол өнгөрсөн онд 678 болж өслөө. Тэр дундаа Зүтгүүрийн аж ахуйн алба өмнөх оноос 138 нэгжээр нэмэгдүүлж 291, Замын аж ахуйн алба 11-ээр нэмэгдүүлж 50, бусад 28-аар нэмэгдүүлэн 300 дутагдал бүртгэгдэв. Зүтгүүрчид ийнхүү дутагдлыг ихээр нэмэгдүүлсэн нь олон талын шалтгаантай гэнэ. Харин замчдын хувьд замаас гаралгүй яаралтай тормос хийлгэх дутагдал зонхилж буй аж. Бусад албадын хувьд тодорхой хэмжээгээр бууруулсан бол Баянтүмэн тасаг 12 нэгжээр бууруулан нэг дутагдалтайгаар 2023 оныг үдсэн нь онцгой амжилт гэдгийг хөдөлгөөнчид онцоллоо.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд төмөр замчид багагүй ажил хийсэн байна. Тодруулбал, Улаанбаатар зангилааны орлогч, Татах хэсгийн дарга П.Энхмөнхийн хэлснээр Замын хэмжээнд өртөө зөрлөгийн жижүүрийн байр, парк, гарамд ажиглалтын төхөөрөмж байрлуулах ажлыг үе шаттай хийжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хэсэглэлд ялгах довын паркт 44, Толгойт, Шатанд тав, Эмээлтэд долоо, Давааны зөрлөгт дөрвөн камер суурилуулсан байна. Мөн зуны улиралд өртөө, зөрлөгийн зам, салбар замуудад зэрлэг өвс их хэмжээгээр ургадаг тул Замын II ангийнхан  хавар эрт хор цацаж, ургуулахгүй байх арга хэмжээг авсан байна. Төмөр замын аюултай бүсийн дэглэм сахиулах өргөст тороор ханган 10 км торонд их засвар, 97.2 км-т урсгал засвар хийжээ. Түүнчлэн, Багахангай өртөөний зам паркийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж буйг П.Энхмөнх дарга танилцуулсан юм. Харин Тетра станцын шаардлагатай нөөцийн судалгааг үндэслэн засвар үйлчилгээ хийх, нөөц болон зай бүрдүүлэх ажил төлөвлөсөн ч хөрөнгө оруулалтаас шалтгаалан биелээгүй аж.

УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан ГТХАБ-ыг бүрэн хангаж, тээвэр зохион байгуулалтыг цаг хугацаанд нь хийж, өмнөх дээд амжилтуудаа бататгаж, улмаар давуулан ажиллах зорилт тавьсныг Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тэрбээр, “Саяхан Ерөнхий хорооны хурлаар энэ онд 32 сая тонн ачаа тээвэрлэнэ гэдгээ хэлэлцсэн. Харин ирэх сарын 26-наас Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын V хэсгийн орнуудаар тээвэрлэх ачааны хэмжээг тогтоох олон улсын хурал болно. Энэ хурлаар манай УБТЗ ч тээвэрлэх ачааны хэмжээгээ тохирох бөгөөд зорилтдоо хүрч ажиллахад төмөр замчин бүрийн оролцоо нэн чухал” гэв. Мөн оролцогчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, холбогдох удирдлагууд газар дээр нь хариулт өгч, цаашид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд хүн бүр анхаарч ажиллахыг сануулав. Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг ийнхүү танхимаар зохион байгуулсан нь их үр дүнтэй болж буйг тэд онцоллоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.