Замын даргын А/02 тушаалын дагуу “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг энэ сарын 09-нд Улаанбаатар зангилаанд зохион байгуулсан бол 10-нд Дархан зангилаа, Баянтүмэн тасагт,11-нд Сайншанд зангилаанд тус тус зохион байгууллаа. Эерэг соёлын үрийг тарьж, хуучин соёлоо хөгжүүлэн шинэчлэх, аюулгүй байдлын эерэг дадал зуршлуудыг хамтдаа бий болгох замаар шинэ соёлыг төлөвшүүлэхэд гол зорилго нь чиглэсэн дээрх үйл ажиллагаанд төвийн бүсээс 280, хойд бүсээс 240, урд бүсээс 156 төмөр замчин хамт олноо төлөөлөн оролцож, шинэ мэдлэг мэдээлэл авлаа. Зохион байгуулагчдын зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг соёлыг төлөвшүүлэхэд удирдах албан тушаалтнуудын манлайлал, ажилтан бүрийн оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ ч утгаараа тус үйл ажиллагаанд дунд шатны ажил удирдагч нарыг хамруулсан аж. Мөн энэ үеэр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг нийт төмөр замчдадаа уриалж байлаа.
“Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийн эхэнд Замын даргын А/02 тушаалыг Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Батдорж, инженер байцаагч Э.Өнөрбаяр нар нийт оролцогчдод танилцуулж, тэр дундаа энэ удаагийн тушаалыг боловсруулан батлах болсны шалтгаан, дотор нь тусгагдсан зүйл заалтуудын онцлог, тушаалыг бүрэн дүүрэн хэрэгжүүлснээр гарах үр дүнг хүргэсэн. Мөн үүний дараа Залуучуудын төв байгууллагын Хувь хүний хөгжлийн багш Г.Мөнгөнхуяг, Б.Дэлгэрхишиг, Г.Бүрэн-Итгэл нар “Байгууллагын соёл”, “Асуудал шийдвэрлэх аргууд” сэдвээр сургалт орсон юм.