Нүүр Дугаарын сурвалжилга Агуу бүхэн энгийнээс эхэлдэг
Дугаарын сурвалжилга

Агуу бүхэн энгийнээс эхэлдэг

G.Press 2 жилийн өмнө 65 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“1990 онд дунд сургууль төгсөөд сурагчийн ширээнээс шууд ажлын талбарт ирэхэд намайг тосож авсан багш минь тухайн үеийн Худаг засварын бригадын (Их засварын бригадыг тухайн үед ийн нэрлэдэг байж) мастер н.Халзанбанди гэж хүн байлаа. Багш маань гайхалтай ажилсаг, хөдөлмөрч хүн байсан. н.Халзанбанди мастер гагнуур, токарь гээд хийхгүй юмгүй. Тийм мундаг багштай болсон минь азтай хэрэг гэж бодож явдаг. Багш минь надад “Ажлыг сэтгэлээсээ хийж байгаарай. Өөрийгөө болоод бусдыг хуурч гагнуур хийж огт болохгүй” гэж захьдагсан. Тэр үг одоо ч мартагддаггүй” хэмээн ЭХУХ-ийн II ангийн Их засварын бригадын гагнуурчин-слесарь Борын Эрхэмбаяр хуучилсан юм.

Замын мэргэжлийн аваргаар гурван удаа, албаны аваргаар хоёр удаа шалгарч байсан энэ эрхэм зангилаа, үйлдвэрийн аваргаар хэдэн удаа шалгарснаа бол тоолж байгаагүй гэсэн шүү. Хамт олон нь түүнийг “ясны хөдөлмөрч хүн” гэх юм билээ.

Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн тэрбээр удам залгасан төмөр замчин. Түүний аав Л.Бор насаараа машинч, ээж нь аймгийн ахуйн үйлчилгээний хими цэвэрлэгээнд ажилладаг байж. Арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын зургаа дахь хүү багаасаа ажилч хичээнгүй, даруу төлөв нэгэн байв. Б.Эрхэмбаяр 1990 онд дунд сургуулиа дүүргээд ЭХУХ-ийн II ангид дагалдан слесариэр ажлын гараагаа эхэлсэн нь түүний өөрийнх нь сонголт байж. Түүний зулайг гишгэж төрсөн ах эгч нарын дийлэнх нь мөн төмөр замтай ажил амьдралын гараагаа холбосон нь ч түүнд нөлөөлсөн байж магад. 1990-ээд он Монголчуудын хувьд зах зээл гэгчтэй улаан нүүрээрээ тулж, унаж босож явсан бужигнасан үе. Тийм цаг үед төмөр зам гэх их айлын босгоор алхаж ажил хөдөлмөрийн захтай залгаад авсан нь Б.Эрхэмбаярын хувьд харин ч оносон шийдвэр байсан биз. Слесариар ажиллаад овоо ажлын дөртэй болоод байх үед нь түүний багш Халзанбанди мастер түүнийг Төмөр замын коллежийн дэргэдэх гагнуурчны 45 хоногийн курсэд сурахыг зөвлөжээ. Ийнхүү гагнуурчны үнэмлэхтэй болж байтал цэргийн албанд татагдсан байна. Эр хүн болж төрснийх Сулинхээрийн отрядад хуваарилагдаж эх орныхоо торгон хилийг нэг жил манаж, албаа нэр төртэй хааж ирээд эргээд ажилдаа оржээ. Цэргээс ирээд удалгүй өнөөх гагнуурчны мэргэжлийн үнэмлэх өвөртөлснийхөө хэргийг гаргах болж. Түүний хувьд цэвэр усны шугам хоолой буюу даралтад сав гагнана гэдэг тун хариуцлагатай ажил байж. Энэ нь металл хийц гагнахаас шал өөр. Тун хариуцлагатай ажил. Харин ажлын талбарт гагнуурчны эрдмийг заасан багш нь гагнуурчин Т.Ганхуяг гэв. Багш нар “Гагнуур гэдэг оромдож, бусдыг хуурч хийдэг ажил биш. Бүх сэтгэл зүрхээ зориулж, маш нягт нямбай гагнаж сур. Зүүний сүвэгчний чинээ нүх гарвал хамаг ажил чинь талаар болно. Хурдан түргэн, хүн хуурах гэж хийж огт байж болохгүй гэдэгсэн. Тэр хэлсэн үг нь одоо ч байнга бодогддог” гэснээ “Ах нь өөртэй чинь ингээд ярьсан чинь ажил амьдралтай минь золгуулсан багш нар, хамт ажиллаж байсан ахмад үеийнхэн маань санаанд орж ирээд сайхан байна шүү. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ” хэмээгээд инээв. Тиймээ он цагийн уртад эргээд дурсахад нүүр бардам түүхийг бүтээж амьдарна гэдэг бахархалтай сайхан.

Та өнгөрсөн он жилүүдэд ямар томоохон бүтээн байгуулалтад ажиллаж байв гэхэд хэсэг бодол хийлснээ “Чойроос Замын-Үүд хүртэлх бүх өртөө зөрлөгийн гэрэлтүүлгийн шонг хийж байлаа. Одоо ч Чойрынх хэвээрээ байгаа харагдсан. Сайншандын бүх шугам сүлжээг манай анги хийж байсан. Тэр үед цэвэр усны шугамыг ган хоолойгоор хийдэг байсан. Одоо ч шугам сүлжээгээ бүгдийг хуванцраар сольсон. Хийсэн бүтээсэн зүйлсээ эргээд харахад сайхан санагддаг шүү” хэмээв. 

Сэтгэлээс гардаггүй ямар дурсамж байна вэ гэхэд “Одоо үүнийг ярьж болдог юм болов уу даа. Манайд бензиний нөөцийн том сав байдаг байлаа. Зангилааныхаа аж ахуйн нэгжүүдийн автомашинуудын хэрэгцээний бензинийг тэндээсээ түгээдэг байсан юм. Түүний муудсан ёроолыг өөрсдийнхөө хүчээр сольж гагнах шаардлагатай болсон юм. Оныг нь сайн санахгүй байна. 2010-аад оны үе билүү дээ. Бензиний нөөцийн саванд гагнуур хийнэ гэдэг цэвэр усны хоолой гагнахаас шал өөр. Урьд нь ийм гагнуур хийж байсан туршлагагүй. Гэхдээ хийхээс аргагүй.  

Бензинийг вагоноос буулгах хоолойг нь хүртэл гагнасан. Тухайн үедээ дотроо маш түгшиж, их хянамгай гагнаж байлаа. Тэр үе ер санаанаас гардаггүй юм.

Цэвэр усны даралтын шугамаас илүү нарийн ажиллагаа шаардсан. Би чинь 4А категоритой гагнуурчин. Миний хийж байгаа ажилд тохирч байгаа зэрэг л дээ. 10 атмосферийн даралттай ган хоолойг гагнах эрхтэй гэсэн үг” хэмээн ярилаа.

Б.Эрхэмбаяр ажлаас хойш суудаг хүнд дургүй хэмээсэн юм. Ер нь, хүн ажил хийснийхээ хэрээр туршлагажиж, чадваржиж байдаг. Мэдээд сураад авсан зүйл өөрт л эрдэм болж үлддэг. Түүнээс хүнд юм хийж өгч байна гэдэг сэтгэлээр хандвал тэр ажил хэзээ ч амжилттай болохгүй. Би залуучууддаа энийг л захимаар санагддаг. Хүний ажилд ч, амьдралд ч тулгардаг гол бэрхшээл хүний сэтгэлд л байдаг. “Болохгүй, бүтэхгүй, чадахгүй” гэж бодолгүй “Болгоно, бүтээнэ, чадна” гээд хичээвэл ямар ч ажил бүтдэг хэмээн ярилаа.

Б.Эрхэмбаярын гэргий Г.Батцэцэг ЭХУХ-ийн II ангийн ахлах нягтлан бодогчоор ажилладаг ажээ. Төмөр замчин гэр бүлийн ууган хүү Э.Жавхлан удам залгаж, одоо ЭХУХ-ийн нэгдүгээр ангид инженерээр ажиллаж байгаа гэв.

Бидний яриа өндөрлөх нь танаас асуугаагүй зүйл үлдээчихээгүй байгаа гэхэд минь “Ах нь Их засварын бригадынхаа хамт олондоо баярлаж явдгаа танай сониноор дамжуулан хэлье. Манай бригадын нэг онцлог нь бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг их өөрчлөгдөөгүй олон жил хамтдаа ажиллаж байгаа. Дийлэнх нь 50-аад насныхан. Бригадын залуу нь 40 гаруй насных байх. Олон жил хамт ажиллаад ирэхээр бие биенээ маш сайн ойлгоно. Үг хэлээгүй байхад л биенийхээ юу хийх гэж байгааг мэддэг. Миний дараагийн үйлдлийг андахгүй. Нэг зүйл гагнаж дуусаад эргээд харахад дараагийнхыг нь бариад зогсож байх жишээтэй. Бид ажил дээрээ ч, амьдрал дээр ч сайхан нөхөрлөдөг. Нэгнийхээ гэрт очоод модыг нь хүртэл хөрөөдөөд өгчихнө. Би ийм сайхан хамт олонтой хүн дээ” хэмээн бахархангуй өгүүллээ.

Энгийн байх тусмаа агуу гэдэг үг бий. Ийм эгэлхэн хүмүүсийн хөдөлмөрөөр том том бүтээн байгуулалтууд босож, ажил ундарч, амьдрал цэцэглэдэг. Жинхэнэ баатрууд чимээгүйхэн хийж бүтээсээр л байдаг.

 

Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.