Нүүр Томилолт Адтай бүсгүй
Томилолт

Адтай бүсгүй

G.Press 3 сарын өмнө 114 үзэлт 1 сэтгэгдэл

 

Д.Баярцэцэгийн амьдрал олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх бодит түүх юм. Түүний амьдрал говийн салхи шиг хатуу ч заримдаа халамжтай, халуун ч гэлээ уйдах завгүй урссан он жилүүдийн түүхийг өгүүлнэ. Баярцэцэгийн ярианаас айдсаас илүү итгэл, ажлаас илүү сэтгэл, алдаанаас илүү зүтгэл мэдрэгдэнэ. Түүний амьдралын зам дардан байсангүй. Хүүхэд насандаа биологийн хичээлээ илүү сонирхож, УБИС-д суралцсан ч нэгэн дадлагын хичээл дээрх ангийн хөвгүүний шоолсон шивнээ, ичмээр мөч түүнийг “Биологийн багш болохгүй” хэмээх шийдэхэд хүргэж бүх зүйл нь өөрчлөгджээ. Тэгээд л нягтлан, цэцэрлэгийн багш, тогоочийн мэргэжил эзэмшинэ гэж мэргэжил бүрийг туршиж үзсэн урт аялал нь хөвөрчээ.

Нягтлангаар суралцсан ч хүүхэд, гэр бүлийн үүрэг, стресс гээд олон зүйл түүнийг дахин бодоход хүргэсэн. “Өөрийн дуртай зүйлээ хий” гэх нөхрийнхөө урмын үгээр цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгосон. Хүүхдүүдийн инээд, гэгээтэй харцанд урам авдаг байсан ч биеийн байдал, нурууны өвдөлт түүнийг дахин өөрчлөлт хийхэд хүргэв.

Амьдралдаа дахин эргэлт хийж тогооч болохоор шийджээ. Өртөөний цайны газар ажиллаж байхдаа томилолтоор ирсэн залуу ажилчдыг хэзээ ч хоосон буцаадаггүй. “Алив, гэрийн шөл уучих, бууз хийж өгье, ганцаараа яваад ядраа биз” гээд л бүгдийг ундална. Тийм болохоор л төмөр замчид “Өндөр ээж” гэж нэр өгсөн хэрэг. Өөрийн гараар хийсэн дарсан ногоо, кимчи, салатуудаа “Гэр бүлийн өдөрлөг”-ийн үеэр зардаг байсан тэр үеэ дурсахдаа, “Тэр үеэр би ёстой баяждаг байсан шүү дээ, инээд хүрэм. Үнэхээр сайхан үе байсан” хэмээж байлаа.

Д.Баярцэцэг анх нөхөр, хүүхдийнхээ хамтаар хангайгаас говь руу нүүж иржээ.  “Хүүхэд хүнстэйгээ ирдэг юм шүү дээ. Яаж ийгээд л болдог юм билээ” гэж тэр инээмсэглэнэ. Тэгээд л ингэж ирсэн амьдралдаа урамтай, уужим сэтгэлээр хандсан байна. Хоёр биенээ түшин түрээсийн хүйтэн байранд даарч суусан тэр үдшүүдийг тэрбээр, “Хүүхэдтэйгээ хөнжилдөө шургаад, нөхрийгөө ажлаасаа ирэхийг хүлээх өдрүүд олон байлаа. Байртай болохыг хүсэж, Хамрын хийдэд даатгаж залбирч билээ” хэмээн дурсав. Тэр залбирал нь биелжээ. Тэд Сайншандын Депо-2-ын жижиг байр худалдан авч говь нутагт суурьших шинэ амьдралаа эхлүүлжээ. “Тухайн үед сая төгрөгийн өрөө төлж чадахгүй нойргүй хонох үе байсан. Харин одоо байр маань олон саяын үнэ хүрсэн байна. Амьдралын хүндийг давахаар үнэхээр сайхан юм даа” гэж бүсгүй инээмсэглэнэ. Тэрбээр гэр бүлийнхээ тухай бахархал дүүрэн өгүүлнэ. Нөхөр Чинбат нь төмөр замд олон жил машинчаар ажиллаж, хамтын хөдөлмөр, зүтгэл нь таван сайхан хүүхдийн аав, ээж болгожээ. Том охин нь их эмч, хүү нь ШУТИС-ийн оюутан, дунд охин нь бөхийн спортоор хичээллэж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж буй. Дөрөв дэх охин нь бүжигчин, хамгийн бага охин нь бага сургуулийн сурагч. “Манай хүүхдүүд бүгд өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Би тэднээсээ эрч хүч авдаг” гэж Д.Баярцэцэг өгүүлж байсан. Түүний аав, ээж хоёулаа уран хүмүүс. Ээж нь дээл оёж, аав нь зодог шуудаг хийнэ. Ээж нь түүнийг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч болоход “Миний охин төлөөлөгчийнхөө тэмдгийг зүүхдээ ээжийнхээ оёсон дээлийг өмсөөрэй” гэж захиад, хоёрхон хоногийн дотор дээл оёж өгчээ. Тэр дээл нь түүний хамгийн үнэ цэнтэй гоёл болжээ.

УБТЗ-тай амьдралаа холбож, талхан цех, хоол үйлдвэрлэлийн ахлах, худалдааны дарга хүртлээ ажиллаж байгаа нь түүний амьдралын чухал цаг үе. Баярцэцэгийн хөдөлмөрийн нэгэн онцгой үе нь Замын мэргэжлийн аварга болсон тэр он. Ковидын хорио цээрийн үеэр УБТЗ-ын Удирдах газрын гадна талын хүндэт самбарт түүний зургийг байрлуулж, хамт олон нь бахархалтайгаар нэрийг нь дуудсан тэр мөч өнөө ч зүрхэнд нь тодхон үлджээ.

Түүний хамгийн урт, дурсамжтай аялал бол талхны үнэртэй өдрүүд байв. Эхэндээ боорцог савлаж, ядарч туйлдсан өдрүүд олон байсан ч тэр шантраагүй. Замын-Үүдээс Чойр хүртэл бүх зөрлөгүүдэд талх, боорцгийн үнэр түгэв. Д.Баярцэцэг өглөө бүрийн 09:00 цагт “Талх, боорцог авах уу” гэж асууна. Эхэндээ хүмүүс “Үгүй ээ, манайх авдаггүй” гэнэ. Гэвч тэр зүгээр буцдаггүй, “Аваад үз, болохгүй бол би буцаагаад авъя” гэж итгэлтэй хэлдэг байв. Энэ зүтгэлээрээ сардаа л борлуулалтаа 23 сая төгрөгт хүргэж чадсан байна. Тэр жилийн Цагаан сарын өмнөхөн дахин 80 сая төгрөгийн борлуулалт хийж, Замын хэмжээнд нэр хүнд нь түгжээ. Д.Баярцэцэг, “Шөнө дөлөөр 25 кг гурилаар туршилт хийж хэвийн боов, еэвэн хийхийг сурсан тэр өдрүүд миний хөдөлмөрийн сургууль байлаа. Тэр жилдээ би шагнуулж, анх удаа ОХУ руу явах аз тохиож, дарга нартайгаа хамт явсан нь миний амьдралд бас нэг шинэ үүд нээсэн. Дарга нар минь хатуу ч гэлээ зөв үг хэлдэг байсан. Тэд намайг загнаж, тулгаж, “Чи чадна” гэж үргэлж зоригжуулдаг байсан. Тухайн үед хүнд санагддаг байсан ч өнөөдөр эргээд бодоход тэр үгс л намайг хүн болгожээ. Амьдрал надад олон мэргэжил өгсөн ч нэг л зүйлээр бахархдаг, би хэзээ ч бууж өгдөггүй” хэмээн ярих нь сэтгэл хөдөлгөм байлаа.  Тэр хамт олноо инээмсэглүүлж чаддаг, алиа хошин, гэхдээ ажилдаа чин сэтгэлтэй ахлах болж чаджээ.

Д.Баярцэцэг талхан цехээс нийтийн хоолны ахлах тогоочоор ажиллахдаа зургаан ширээтэй, хоёрхон байгууллагад хоол хийдэг жижигхэн газар байсныг 11 байгууллагад хоол хүргэж, борлуулалтаа 30 сая төгрөгт хүргэж байжээ. “Говийн бороо тоглоом биш. Нэг үер болоход л зам угаагдаж, бид зорчигчдыг хооллох үүрэгтэй. 300-400 хүний хоолыг ганцаараа хийж, шөнөжин ажиллаж, ядарсан ч хамт олонтойгоо инээж, хөхөрч, хэцүүг хөнгөрүүлж сурсан” тухайгаа дурсан ярьсан. ”Хоол хийдэг хүн хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд гардаг” гэдэг үгийг амьдралаараа нотолж иржээ. Тэр олон жилийн турш галт тэрэгний аяллын хэмнэлтэй, уур амьсгалтай хамт амьдарч, аяга халуун цайгаар замчдын ядаргааг тайлдаг байсан хүн. Хэдэн зуун хүний хоолыг өдөр бүр сэтгэл гарган хийж, хамт олныхоо итгэл, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн нь түүнийг хожмын амжилтын зам руу чиглүүлжээ.

Одоо Баярцэцэг Сайншанд худалдааны төвийн даргаар ажиллаж байна. Ажилдаа сэтгэл гаргаж, хамт олноо уриалан манлайлагч байсан түүнд нэг өдөр удирдлагууд нь худалдааг удирдах санал тавьжээ. ”Чи худалдааны дарга хийнэ үү” гэхэд “Би чинь хоол хийж, хүн арддаа үйлчилж л ирсэн хүн. Яаж ийм том ажлыг хийнэ гэж дээ. Компьютерийн     ард ч олон жил суугаагүй” хэмээн хариулж байсан тэр бүсгүй өнөөдөр “Хамт олноо зөв болгоно, харилцаагаа сайжруулна, ашиггүйг ашигтай болгоно” гэж зорьж сууна. Хамт олон нь “Та чадна аа, бид таныг дэмжинэ” гэж урам өгч, итгэл хүлээлгэсэн нь бүхнийг өөрчилжээ. Тэр айдсаа дарж, засварын ажлаас эхлээд хэмнэлт, ашиг нэмэгдэл хүртэл бүх зүйлд гар бие оролцож, хамт олонтойгоо нийлж хуучин нурсан байрыг амралтын тохилог өрөө болгон хувиргаж, байгууллагынхаа мөнгийг ч хэмнэсэн байна. Ингэсээр байгууллагынхаа алдагдлыг 100 гаруй саяас 28 сая төгрөг болгож бууруулсан, харин дараагийн улиралд бүр ашигтай гарчээ. Энэ бүхэн түүний урам зориг, үнэнч сэтгэл зүтгэлийн үр дүн юм.

Өнөөдөр ч тэр энгийн байдлаа орхисонгүй. “Өндөр ээж” Баярцэцэгийн гэрийн хаалга бусдад үргэлж нээлттэй. Аяга сүүтэй цай, халуун шөл, инээмсэглэл гурваар ажилсаг бүсгүй маань хүн бүхнийг угтдаг. Өдгөө тэр зөвхөн сайн тогооч, ахлагч төдийгүй бусдыгаа манлайлж чаддаг удирдагч эмэгтэй болж өсөн дэвжжээ.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 3 сарын өмнө
Өвөрмөц юм