Өнгөрөгч Пүрэв гарагт “Новотел” зочид буудлын хурлын танхимд болсон зөвлөгөөнөөр төмөр замын суурь бүтэц эзэмшигчид УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” дотоодын сүлжээний төмөр замуудаар 2026 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцож, тээвэр зохион байгуулалтын тулгамдсан асуудлуудаа зөвшилцлөө.
Салбарын томоохон арга хэмжээний нэг болох Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөний дөрөв дэх удаагийнхыг энэ жил Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран зохион байгуулав. Өмнөх жилийнхийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг Зам тээврийн яамтай хамтран хийж байжээ. Зөвлөгөөний үндсэн зорилго нь төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн үр, горимын хэрэгжилт, тээврийн хэмжээг тогтоох, тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд оршдог юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү зөвлөгөөний хэлэлцүүлэгт Зам тээврийн яам, Төмөр замын газар, төмөр замын суурь бүтэц эзэмшигч УБТЗ ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын төлөөллүүд оролцов. Мөн үеэр тээвэр ложистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдлийн талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж, идэвхтэй санал солилцсон нь ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн мэргэжилтнүүд олзуурхаж байлаа. Ингээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Сарангэрэл, Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тээврийн удирдлагын газрын дарга Г.Шижирбаатар нараас тухайн асуудлаар товчхон тодруулга авснаа хүргэе.
Б.Сарангэрэл: 2026 онд суурь бүтцүүдийн хооронд 16.414 мян.тонн ачаа тээвэрлэнэ
-Энэ жилийн зөвлөгөөний онцлог болон тухайн арга хэмжээний ач холбогдлын талаар та бодлоо хэлнэ үү?
-Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжиж, төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, энэ хэрээрээ цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэж байна. Үүнээс үүдэн ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байгаа юм. Энэхүү эрэлт хэрэгцээг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох зайлшгүй шаардлага урган гарсан нь тус зөвлөгөөнийг тогтмолжуулах үндсийг тавьсан. 2022 онд анхны зөвлөгөөн болсон. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид жил жилээр хариуцаад ээлжлэн хийдэг уламжлалтай. Салбарын чухал арга хэмжээний нэг. Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2026 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцсэн.
-Ачаа тээврийн хэлэлцүүлгээр яригдаж буй сэдвүүдээс төмөр замын тээвэрлэлтэд үр нөлөөтэй, эдийн засгийн ашигтай ямар саналууд гарч байна вэ?
-Энэ жил зохион байгуулагдаж буй суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнөөр нэмэлтээр бас хэд хэдэн төрлийн ачаа тээвэрлэх санал бусад суурь бүтцүүдээс ирж байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн тээвэрлэлтийг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” гэх мэт компаниуд төмөр замын хилийн гарцаар гаргаж чадахгүй байгаа учраас манай гол замаар Цогтцэций-Зүүнбаян-Сайншанд-Эрээн чиглэлд 115 мянган тонн ачаа тээвэрлэе гэсэн санал орж ирсэн. Мөн Цогтцэций -Эрдэнэт чиглэлд хаягдал төмөр, Өргөн -Цогтцэций өртөө рүү шохой цемент зэрэг ачаа, Оросын өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тус улсаас авч байсан уул уурхайд хэрэглэгддэг аюултай ачаа, тэсэлгээний зориулалттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид маань Хятадаас импортлох хүсэлт ирүүлэх жишээний. Тээвэрлэх ачаа төрөл, хэмжээний хувьд жилээс жилд нэмэгдэж байгаа. 2026 онд Суурь бүтцүүдийн хооронд 16,414 мян.тонн ачаа тээвэрлэхээр зөвшилцлөө. Үүнд УБТЗ суурь бүтцээр дамжуулан 5,914 мян.тонн, бусад суурь бүтцээр дамжуулан 10,500 мян.тонн ачаа тээвэрлэхээр тохиролцлоо.
-УБТЗ ХНН ирэх жил хэдий хэмжээний ачаа тээвэрлэхээр байгаа вэ?
-2026 онд бид урьдчилсан прогнозоор ачааны хэмжээгээ 33,0 сая тонн гэж харж байгаа. Энэ жилийн төлөвлөлтийн хувьд 32.2 сая тонн ачаа тээвэрлэхээр өөрчлөлт оруулж, зөвшилцсөн. Он дуусах хүртэл бид 32.8 сая тонныг тээвэрлэчих байх гэсэн баримжаатай байгаа. Ирэх жилийн ачааны тухайд Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын төмөр замуудын төлөөлөгчид болон гадаад худалдааны байгууллагуудын ачааны хэмжээ тохирох хурлаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ, экспорт , импортын ачааны хэмжээгээ зөвшилцөж тохирох ажиллагаа 2026 оны гуравдугаар сард ОХУ-д болно. Дээр дурдсан, зэсийн баяжмалыг Цогтцэцийгээс-Эрээн рүү тээвэрлэе гэдэг дээр бид нар бас саналаа ярилцлаа. Төсөв бүрдүүлдэг том экспортлогч ГОК ирэх онд 640,0 мянган тонн зэсийг урагшаа гаргана гэсэн төлөвлөгөөгөө бидэнд өгчихсөн байгаа. Бусад ачаа илгээгч нараас БНХАУ руу экспортлох ачааны захиалга жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас бид тэр хэмжээгээ нэгтгэн тохиролцсоны дараа нэмэлтээр тээвэрлэх боломжтой гэж үзвэл 2-4-р улиралд 57,6 мянган тонныг тээвэрлэе гэж зөвшилцлөө.
-Монгол Улсын төмөр замын суурь бүтцүүдийн хооронд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл байна уу?
-Тээвэрлэгчид маань дүрэм журмаа хэрэгжүүлж, тээвэрлэлтийг хэвийн зохион байгуулж байна. Эхний жилүүдэд тээвэрлэлтийн харилцааг зохицуулахад хүндрэлүүд их байсан. Хөдлөх бүрэлдэхүүн, ачаагаа солилцох дүрэм журмаа боловсруулах, тохирох, мөрдүүлэх асуудлууд ярианы гол сэдэв байлаа. Харин одоо бол хэрэгжсэн заалт, асуудлуудаа эхнээс нь хасаж, шинээр нэмэх, сайжруулах зүйлүүддээ анхаарч хэлэлцээд, гэрээ хурлын тэмдэглэлдээ тусгаад явж байна. Хоёрдугаарт, зөвхөн орон нутгийн тээвэр гэлтгүй, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, Вагон эдэлгээний дүрэм гэх мэт Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын мөрддөг гэрээ хэлэлцээр, дүрэм зааврын дагуу хөрш замаас ачаа, вагоныг хүлээн авч тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Олон улсын тээврийн бичиг баримтаар ОХУ-аас импортоор тээвэрлэж байгаа Цогтцэций өртөө хүрэх ачааг хилийн Сүхбаатар болон Сайншанд өртөөнд хаяг сольж, гаалийн бүрдүүлэлт хийж УБТЗ-ын Зүүнбаян өртөө хүртэл тээвэрлээд цааш нь бусад суурь бүтцүүд рүүгээ орон нутгийн тээврийн бичиг баримт дахиж үйлдэж, дамжуулахад галт тэрэгний солилцоо, бичиг баримтны бүрдүүлэлт дээр уддаг юм. Харин УБТЗ нь холбогдох мэдээ, мэдээлийг нэгтгэн Төмөр замын хамтын ажиллааны байгууллагад хүргүүлсэнээр 2025 оны 10-р сараас эхлэн “МТЗ” ТӨХК олон улсад Цогтцэций, Борхошуу, Тавантолгой, Гашуунсухайт зэрэг өртөөг зарлан, олон улсын тээврийн бичиг баримтаар хүрэх өртөө хүртэл тээвэрлэж, ачаагаа хүлээж авах боломжоор хангагдахаар боллоо. Тодорхой сайн дэвшлүүд бий болсон. Суурь бүтцүүдийн хоорондын ачаа дамжуулалт, бичиг баримтын цахимжуулалт бол бидний зайлшгүй яаралтай шийдэх асуудлын нэг. Ингэснээр хугацаа хэмнэж, үйлчлүүлэгчиддээ тээвэр маань илүү хурдан шуурхай хүрэх нөхцөл хангагдана гэсэн үг.
М.Онон: Тээвэрлэлтийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна
-Зөвлөгөөний үр дүнгийн талаарх таны бодлыг сонсъё?
-Зөвлөгөөнөөр тээвэр зохион байгуулалт, ачаа тээвэр, тарифаас гадна хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын асуудал зэрэг чухал зүйлсээ ярилцаж, хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэхээр хичээж байна даа. Монгол Улсын тээврийн сүлжээнд өнөөдрийн байдлаар 12100 гаруй хөдлөх бүрэлдэхүүн буюу ачааны вагонууд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед тээвэрлэлтийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж түүхэн дээд амжилтуудыг бүтээгээд байна. Тухайлбал, 2023 онд 36.1 сая , 2024 онд 45.9 сая тонн тээвэрлэсэн үзүүлэлттэй байгаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар ачааны хэмжээ 32.3 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр мөн л дээд амжилтыг тогтоох нь тодорхой байна. Ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж, урсгал ихэссэнтэй холбоотойгоор манай салбарынхан энэ зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэсээр ирсэн.
Г.Шижирбаатар: “Монголын төмөр зам” ТӨХК 10.8 сая тонн ачаа солилцоно
-“Монголын төмөр зам” ТӨХК ирэх онд хэдий хэмжээний, ямар төрлийн ачаа тээвэрлэхээр төлөвлөв?
-Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК гурван суурь бүтэц эзэмшигчидтэйгээ ачааны хэмжээ тохиролцохоор оролцож байна. “Монголиан транс ложистик” ХХК-тай манайх 800 мянган тонн /төмрийн хүдэр/, “Монголиан транс лайн” ХХК-тай 8.8 сая тонн /ихэнх нь нүүрс/, УБТЗ-тай 1.2 сая тонн, нийтдээ 10.8 сая тонн ачаа солилцохоор зөвлөгөөнд оролцож байна. Бид өмнө нь дөрвөн суурь бүтэцтэй ачааны хэмжээ тохиролцдог байсан бол Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэгтгэснээр гурван суурь бүтэцтэй тохирдог болсон. УБТЗ-ын Зүүнбаян өртөө, Зүүнбаян-Сайншанд өртөөний хоорондох замын хүчин чадал болон тэдний гол замын ачааллаас шалтгаалаад ачааны хэмжээ өсөхгүй байх хүндрэл гарч байгаа.
Б.Занданхүү
