Нүүр Цаг үе Ачаа тээврийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
Цаг үе

Ачаа тээврийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

G.Press 1 жилийн өмнө 85 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2025 онд ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн энэ сарын 10-наас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Зөвлөгөөнд ОХУ,  БНХАУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан БНСУ зэрэг 11 орны төмөр замын байгууллагуудын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцлоо. Жил бүр болдог энэ зөвлөгөөнөөр гишүүн орнуудын тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны /экспорт, импорт, транзит/ хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж тохиролцдог юм.

Манай улсын төмөр замын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг  “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны  байгууллагын анхны 10 гишүүний нэг  болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ.

2024 онд УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4.3 хувь, импортын ачаа 4.5 хувь, дамжин өнгөрөх /транзит/ачаа 4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тэр тусмаа ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа үед УБТЗ, Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манай улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3144-т хүрээд байгаа нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.