Төмөр замын суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох ээлжит зөвлөгөөн энэ сарын 5-нд боллоо. Тус зөвлөгөөнд Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, ХНН УБТЗ болон төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцов. Зөвлөгөөнөөр 2025 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, 2027 онд төмөр замын суурь бүтэц хооронд тээвэрлэх ачааны хэмжээ, галт тэрэг, вагон солилцоо, хөдөлгөөн зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“МТЗ” ТӨХК-ийн хувьд УБТЗ болон “МТЛ” компанитай суурь бүтцээрээ холбогддог. Ирэх 2027 онд УБТЗ-тай гэвэл Зүүнбаян өртөөгөөр дамжуулан Тавантолгой, Ханги, Цогтцэций чиглэл рүү 580 мянган тонн ачаа авч, 492 мянган тонн ачаа өгөхөөр тохиролцжээ. Харин “МТЛ” компанитай Тавантолгой өртөөнөөс хоёр, Борхошуу өртөөнөөс тав, нийт долоон сая тонн ачааг Хангийн төмөр зам руу хүлээлгэн өгөх юм байна. Үндсэндээ 2027 онд “МТЗ” ТӨХК найман сая тонн ачааг суурь бүтцүүдээр дамжуулахаар тохиролцжээ.
Тус компани 2025 онд 8.8 сая тонн аёаа ачсан бол энэ оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 11 сая 625 мянган тонн ачааг тээвэрлээд байна.
