“Оросын төмөр замууд” НХН 2026 оны эхний есөн сард цэвэр ашиг 75 тэрбум рубльд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.2 тэрбум рублийн ашигтай ажиллажээ.
Дээрх мэдээллийг өнгөрсөн сарын 28-ны өдөр нийтлэгдсэн НХН-ийн санхүүгийн тайланд дурджээ. Тайлант хугацаанд компанийн нийт орлого 18.4 хувиар өсөж, 2.72 их наяд рубль бол үүнээс ачаа тээврийн орлого 2.14 их наяд рубльд хүрсэн байна. EBITDA үзүүлэлт 29.6 хувиар өсөж, 897.7 тэрбум рубль болсон байна.
Компанийн зүгээс үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг оновчтой болгох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд нь санхүүгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн гэж мэдээлжээ.
ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээвэрлэлтийн хамтын ажиллагаа
Өнгөрөгч 10 дугаар сарын 30-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Олег Белозёров БНХАУ-ын Төмөр замын корпорацын Ерөнхий захирал бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Го Жусюэтэй Бээжин хотноо уулзаж, хоёр улсын төмөр замын тээвэрлэлтийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2026 оны эхний есөн сарын байдлаар ОХУ, БНХАУ-ын хооронд төмөр замаар 146 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн хоёр улсын хооронд зорчигч тээвэрлэлт 37 хувиар нэмэгдсэн байна. Уулзалтаар олон улсын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хөндсөн байна.
“Оросын төмөр замууд”-ын хөрөнгийн удирдлага, хувьчлал
2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус НХН өөрийн эзэмшлийн “Первая нерудная компания” ХК-ийн дүрмийн сангийн 25 хувь дээр нэг хувьцаатай тэнцэх хэмжээний багцыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар зарласан.
Дуудлага худалдаанд санал болгож буй хувьцааны нийт хэмжээ 1.567.231 ширхэг бөгөөд эхлэх үнэ 1.9 тэрбум рубль байхаар тогтоожээ.
Энэхүү арга хэмжээ нь компанийн эзэмшлийн хөрөнгийн бүтцийг оновчтой болгох, санхүүгийн нөөцийг үр ашигтай удирдах чиглэлтэй холбоотой юм.
Москва хотын төмөр замын дэд бүтцийн шинэчлэл
Москва хотын төмөр замын дэд бүтцийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.
Аравдугаар сарын 29-ний өдөр Москва хотын Тээврийн департаментаас Москвагийн төвийн хоёрдугаар диаметр (МЦД-2)-ийн галт тэрэгний хөдөлгөөний хуваарьт өөрчлөлт оруулах талаар мэдээлсэн.
Өөрчлөлт нь “Царицыно” өртөөний замын дэд бүтцэд хийх их засварын ажилтай холбоотой бөгөөд 11 дүгээр сарын 1, 4, 8, 14, 15-ны өдрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Засварын үеэр зарим галт тэрэгний зогсолт, чиглэл өөрчлөгдөхөөс гадна хөдөлгөөний хоорондын зайг 25 минут хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.
Түүнчлэн 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Москвагийн төвийн гуравдугаар диаметр (МЦД-3)-ийн Ховрино өртөөний дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд засварын ажил хийгдэж, зарим галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Энэ үеэр галт тэрэг хоорондын зайг зарим хэсэгт 20 минут хүртэл нэмэгдүүлжээ.
Устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэгний үйлдвэрлэлийн ажил урагшилж байна
Өнгөрсөн сарын 29-ний өдөр “Трансмашхолдинг” компани ОХУ-д анх удаа үйлдвэрлэж буй устөрөгчийн түлшний элементээр ажиллах галт тэргэнд зориулсан татах цахилгаан хөдөлгүүрийн анхны загварыг бүтээж, баталгаажуулалтын туршилтад шилжүүлсэн талаар мэдээлжээ.
Уг галт тэрэг нь Сахалин мужид ашиглагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд “Оросын төмөр замууд” “Росатом”, “Трансмашхолдинг” болон Сахалин мужийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл юм.
Төслийн хүрээнд галт тэрэгний явалтын туршилтыг 2027 онд Москва болон Москва мужийн нутаг дэвсгэрт эхлүүлж, цаашид Сахалин мужид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
“Оросын төмөр замууд”-ийн ачаа тээврийн шинэ үйлчилгээ, чингэлэг тээвэрлэлтийн хөгжил
2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Оросын төмөр замууд” компани энэ оны эхний есөн сарын байдлаар төмөр замын сүлжээгээр 1.244 вагон контрейлер тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өссөн талаар мэдээлжээ.
Тус компани нь чиргүүл, хагас чиргүүл бүхий авто тээврийн хэрэгслийг төмөр замын тавцант вагоноор тээвэрлэх үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Москва–Санкт-Петербург–Забайгаль чиглэлийг холбосон тойрог маршрутыг зохион байгуулах асуудлыг судалж байгаа аж.
Мөн температурын горим шаарддаг ачааг тусгай генераторын тоног төхөөрөмж ашиглан тээвэрлэх боломжийг судалж байгаа нь төмөр замын тээврийн үйлчилгээний төрөл, хамрах хүрээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
