1971 оны намар сан. Багшийн сургуулийн соёлын ажилтны ангиас Төмөр замын техникумын холбооны ангид шилжин суралцах болсон миний бие энэ тухай дурдсан яам тамгын газрын албан бичгийг барьсаар сургуулийнхаа өндөр довжоо өөд зориг муутайхан өгсөж ахуйд техникумын нүсэр хүнд хаалга сэвхийн онгойж, дүрлэгэр хар нүд, өндөр гоолиг нуруутай нэгэн эгч салхи татуулан гарч ирэв. Хөдөөнөөс орж ирээд арваадхан хонож, хөвөнтэй дээл, бакал гутлаа ботинк, тавьдаг өмд, пиджакаар солин, түүндээ түүртсэн миний бие өнөөх эгчийн сүрд дарагдаж, хурдхан зам тавьж өгсөн ч эрхгүй эргэж харав. 16-хан настай ч ном зохиол уншиж, элдвийг төсөөлөмтгий болсон хөдөөний бор хүү надад “Үлгэрийн дагина” гэж л ийм бүсгүй байдаг болов уу гэх тэнүүлч бодол харван орж ирсэн нь тэр л дээ. Ганц хоёрхон хоногийн дараа манай анги физикийн кабинетид хичээллэхэд мөнөөх “Үлгэрийн дагина” шиг эгч тэр кабинетын лаборант Балдангийн Оюунгэрэл болохыг мэдэж билээ. Бас л нэг, хоёрхон хоногийн дараа өнөөх гоё эгч үзэгдэхгүй болсон нь МУИС-д суралцахаар одсоных байж.
БҮЖИГ ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙСАН
Тэрбээр, дөрөвхөн жилийн өмнө техникумын радиогийн ангийг төгсөж, захирал Д.Самбуу гэгч урлагт талтай, билгийн нүдтэй багшийнхаа шийдвэрээр сургуульдаа физикийн кабинетийн лаборантаар ажиллах болж, дараагийн жил нь БНБАУ-ын нийслэл Софи хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны VIII их наадмаас “Үелзүүр” бүжгээр алтан медаль хүртэн, эх орныхоо нэр алдрыг дуурсгасан, өнөөгийн хэллэгээр бол шинэ “Од” байлаа. Б.Оюунгэрэл нийслэлийн унаган хүүхэд, Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн долдугаар ангийг төгсөөд Төмөр замын техникумд элсэн суралцжээ. Ер бусын уран налархай бие бялдар, хөгжмийн сонсгол сайтай балчирхан охиноо ээж, аав нь циркчин болгохоор Циркийн дэргэдэх дугуйланд оруулж, утсан дээрх тэнцвэрийн төрлөөр хичээллүүлсэн ч дасгал, сургуулилтыг нь ганц хоёрхон удаа ирж харчихаад дэндүү аюултай, эрүүл мэнд, амь насанд халтай гэж үзэн төдхөн болиулсан гэдэг. Дараа нь Спортын төв ордны дэргэдэх уран сайхны гимнастикийн дугуйланд элсэж, Зөвлөлтийн мэргэжилтэн Нина Ивановагийн шавь болов. Монголын гимнастикийн спортын олон алдартныг төрүүлсэн энэ багш түүний авьяасыг ихэд тоон, “Алдартай гимнастикч болно” хэмээн магтдаг байлаа. Гэсэн ч урлагт, тэр тусмаа бүжгийн урлагт дэндүү сонирхолтой охины сэтгэл түүнийг алтан тайз руу татсаар. Аз болоход охины авьяас билэг Монголын бүжгийн урлагийн хаан, хатад болох Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжид, бүжгийн багш хожмын Ардын багш Г.Долгорсүрэн нарын нүдэнд өртөв. Ийнхүү түүнд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын алтан тайзан дээр бүжиглэх их хувь тавилан тохиолоо. Энэ үед тэрбээр Төмөр замын техникумын сурагч болсон нь ч бас л тохиолдлын хэрэг бус байв.

Түүний хойд эцэг Балдан төмөр замд ДНЦ /галт тэрэгний хөдөлгөөний захирагч/ гэх хариуцлагатай албыг хашина. Тиймээс түүний бага нас техникумын дэргэдэх гурван давхар шар байшин буюу 30 дугаар байр, дараа нь шинэхэн баригдсан угсармал буюу 40 дүгээр байрыг тойрон эргэлдэж байж. Үүнд, түүний ажил, амьдрал төмөр замтай холбогдсоны үндсэн шалтгаан орших билээ. Харин, төрсөн эцэг Лувсандорж нь барилгын салбарын нэртэй зүтгэлтэн байсан ч бага насанд нь орхин одсон тул Оюунгэрэл хойт эцгийгээ илүү хүндлэн дурсдаг аж. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Балдан гэгч эрхэм, дагавар охиныхоо зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн нь нэг бодлын тухайн хүний хүн чанар, жудаг гэгчийг харуулж буй хэрэг байх л даа. Тэдний гэр бүлийн сүүлд амьдрах болсон 40 дүгээр байр АДБЧ-аас холгүй оршдог нь охины, бүжигтэй нэгэн насныхаа амьдралыг холбох дардан зам болсон аж. Ийнхүү түүний өдөр тутмын амьдралын шугам зүүн тийшээ АДБЧ, баруун тийшээ Төмөр замын техникум гэж жигүүрлэх болов. Тэрбээр, АДБЧ ын бүжгийн уран бүтээлийн олны хэсэгт бүжиглэнэ. Хажуугаар нь Төмөр замын техникумын бүжгийн хамтлагт гол бүжигчнээр тайзнаа гарна. Тус хамтлаг нийслэлийн оюутны хамтлагуудыг магнайлахын тулд Багшийн сургуулийн хамтлагтай эн чацуу өрсөлддөг байсанд Б.Оюунгэрэлийн үүрэг их байв. Түүнийг чуулгын тайзнаа бүжиглэж байхад Ц.Сэвжид багш, Г.Долгорсүрэн багш нар онцгой үнэлж байлаа. Б.Оюунгэрэл нэгэнтээ “Ц.Сэвжид багш миний тайзан дээр бүжиглэж байхыг хэдэнтээ хараад “Чиний нүүр царай, хүзүү, бэлхүүс бүжигчин хүнд байгалиас заяасан өгөгдөл байна даа. Миний охин бүжгээсээ салж болохгүй шүү” гэж захиж билээ. Харин Г.Долгорсүрэн багш маань хот хөдөөгийн мэргэжлийн, мэргэжлийн бус олон бүжигчнээс намайг онцолж “Үелзүүр” гэх гайхамшигт бүжгээ хөдөлгөөн, давтамж, нүүр царайны хувирал бүрээр нь харамгүй зааж сургасан даа. Би энэ хоёр багшийнхаа ачийг бурхантай зүйрлэн насан туршдаа санаж явдаг” хэмээн санаашрангуй өгүүлсэн. Ийнхүү тэрбээр, хүүхэд ахуй наснаасаа л бүжгийн урлагийн томчуудад тоогдож, үе тэнгийнхнийхээ атаархлыг төрүүлэн УАДБЧ-ын алтан тайзнаа “Жимсчин”, “Биелгээ”, “Ээрүүлт”, “Ээрэнцэг”, “Адуучин” зэрэг 10 шахам бүжигт бүжиглэсэн бахархам түүхтэй.
“ҮЕЛЗҮҮР”-ИЙН ОЮУНГЭРЭЛ
Түмэндээ нэртэй чуулгын тайзнаа бүжиглэж үзэгчдэд танигдахын зэрэгцээ Монголын бүжгийн урлагийн нэгэн тод од Г.Долгорсүрэн багшдаа үнэлэгдэн алдарт “Үелзүүр” бүжгийг нь өвлөн авч, гадаад дотоодын үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгах болсон нь түүний хувьд Балдангийн гэдэг овгоо “Үелзүүр-ийн гэдгээр солих “алтан базар” болжээ. Д.Оюунгэрэл уг бүжгийг сурах гэж ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр зарцуулан, багшаасаа багагүй зэмлэл хүртэж байснаа дурсамжтайгаар хүүрнэдэг юм билээ. Хөлс хүчээ зарцуулан хийсэн бүхэн том үр дүнд хүрдэг болохын гэрч нь дээр өгүүлсэн Олон Улсын Залуучууд Оюутны Софийн их наадам юм. Уг наадамд оролцсон түүх ч сонирхолтой аж. АДБЧ-ын удирдлага өөрийн үндсэн бүжигчнээ оруулах гэж манай төлөөлөгчдийн тэргүүн МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав Б.Оюунгэрэлийг оролцуулах гэж Монголчуудын дунд бяцхан “дайн” дэгдэж, эцэст нь Ч.Пүрэвжав тэргүүний ялалтаар өндөрлөсөн нь алтан медаль хүртэх боломж болжээ. Б.Оюунгэрэлээс гадна МУИС-ийн оюутан хожим нэртэй урлаг судлаач, кино шүүмжлэгч болсон Д.Мягмарсүрэн гоцлол дууны төрөлд уг наадмын алтан медаль, бусад гурван ч уран бүтээл шагнал хүртсэн нь Монголчууд цахиур хагалсан хэрэг болов. Наадмын дараа шагнал, гадаадын тоглолтын хур буусны эхнийх нь Соёлын яам сарын цалингаар шагнан, Манжерокын наадамд оролцох урилга гардуулсан явдал байлаа. Мөн, дараагийн жилүүдэд Узбекстаны Ташкентын, Германы Дрезден хотноо болсон Олон улсын ажилчин залуучуудын их наадам гээд чухам л “үелзүүлэв”. Дотоодын тоглолт гэж тоймгүй. Бүх ард түмний урлагийн их наадам, Ажилчны урлагийн их наадам, МАХН, Залуучууд, Үйлдвэрчний их хурлуудын хүндэтгэлийн концерт гээд магад 30 гаруй арга хэмжээнд “Үелзүүр” бүжгээрээ гоцлон бүжиж, үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгасан гээд бодохоор түүнийг “Үелзүүр”-ийн гэхээс аргагүй билээ. Б.Оюунгэрэл их л даруухан нэгэн. Гавьяатын энтэй бүжигчин атлаа Соёлын тэргүүний ажилтан тэмдгийг “Үелзүүр”-ээ бүжиглэж эхэлснээсээ 36 жилийн жилийн дараа, төмөр замчдынхаа нэр алдраар 42 жил дуудуулсаны эцэст “Хүндэт төмөр замчин” тэмдэг хүртсэн гэх. Гэсэн ч, “Үелзүүр” гэдэг овог л олон түмнээсээ надад хүртээсэн хамгийн том шагнал юм даа... хэмээн өгүүлсэн. Олон жилийн өмнө нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсан, “Утга зохиол урлаг” сонины нэгэн дугаарт “Оюунгэрэл бүжиж байх нь үзэгч олны амьсгааг нам дараад харцыг булааж, үзэж буй хүн бүр тэр агшинд өөрийгөө бүрмөсөн мартаж, гагцхүү гар, цээжнийх нь уран хөдөлгөөнийг мэлрэн ширтэх аж” хэмээн бичсэн нь бий.
ЭГЭЛ БҮХЭН ЭРХМЭЭС ЭРХЭМ
Гудамжинд таарсан бүхэн эр, эмгүй эргэж заавал хардаг, гунхсан хорин хэдэн насандаа Оюунгэрэл цэргийн хүнтэй ханилж, түүнийгээ даган МУИС-аа ч дүүргэлгүй Дорноговийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн ангид очсон нь түүний эгэл амьдралын эхлэл болов. Ийнхүү хөдөөгийн сургуульд багшлахын зэрэгцээгээр хүүхэд багачуудад бүжгээ заасаар. Төдхөн 1981 оноос нийслэлдээ эргэн ирж, Төмөр замын Соёлын ордны бүжгийн багшаар ажиллах болов. Удсангүй 1989 онд Замын-Үүдийн Соёлын төвийн эрхлэгчээр томилогдлоо. Замын-Үүдийн хүүхдийн бүжгийн “Боржигон” хамтлаг байгуулагдаж, говь нутгийнханд уран бүтээлээ толилуулах болов. Тэрбээр, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор хүүхдэд дэндүү ээлтэй ээж. Хамтлагийнхаа хүүхдүүдийг төрсөн үрс шигээ л хайрлахын зэрэгцээ бүжгийн урлагт хичээн сургана. Хүүхдүүдийн тоглолт олны таашаал хүлээж, хавь ойрын сумдаар тоглон, алга ташилтаар мялаалгах. Энэхүү алга ташилт түүнд ид залуу үеийг нь санагдуулан, онгодыг нь хөглөх шиг л болдог байж. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжиж, дөрвөн хүүхэдтэй эхчүүдийг албадан тэтгэвэрт гаргаж эхлэв. Ийнхүү тэрбээр дахиад л нийслэлийг зорилоо. 1962 оноос эхлэн уран бүтээлийн холбоотой байж, тайзан дээр нь бүжиглэн, 10 шахам жил бүжгийн багшаар нь ажилласан учир хүйн холбоотой гэж хэлж болох Төмөр замын соёлын ордон нь мэргэжлийн чуулга болж, ихэнх уран бүтээлчид нь халагдаж, солигдсон байв. Харин, Ахмадын холбооны дэргэд “Ган эгшиглэн” гэх ахмад уран сайханчдын чуулга байгуулагдсан байх аж. Тэд, Б.Оюунгэрэлийг бүжгийн багшаараа ажиллахыг урив. Тэр урлагт чин зүрхнээсээ хайртай авьяастнуудаас бүрдсэн энэ хамт олны дунд 30 шахам жил ажиллан, төмөр замчдадаа олон зуун уран бүтээлээ толилуулж, гадаадын хэд хэдэн оронд аялан тоглож амжив. Авьяас хөгширдөггүй гэдэг аргагүй үнэн ажээ. Түүнийг өөрийн шавь ахмад холбоочин Ц.Энхтуяатай хамт “Үелзүүр”-ээ хийхээр гарч ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж угтана. “Дал гарсан хүн ингэж бүжиглэх гэж...” хэмээн шагшицгаана. Гэхдээ бүжиг гэдэг насны урлаг билээ. Тэрбээр, гурван жилийн өмнөөс тайзнаа гарахыг больж, эдүгээ “Үелзүүр”-ийг шавь Ц.Энхтуяа нь ганцаараа бүжиглэж байгаа. Шавь нь бас л улсын чанартай уралдаан, их наадмуудын хэд, хэдэн алтан медальтай авьяаслаг нэгэн. Монголын бүжгийн урлагийн үнэт өв, домог болсон бүжигчдийн нэрийн хуудас, “Үелзүүр” бүжиг тайзнаа амьдарсаар байна.
Л.Сэнгээ МУСГЗ
