Нүүр Энэ сэдвээр Д.Отгонбаяр: Бидний амжилтын үндсийг тавьсан ахмаддаа талархал илэрхийлье
Энэ сэдвээр

Д.Отгонбаяр: Бидний амжилтын үндсийг тавьсан ахмаддаа талархал илэрхийлье

G.Press 6 цагийн өмнө 18 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Чойр өртөөний 70 жилийн ойг тохиолдуулан тус өртөөний дарга Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө танд болон танай хамт олонд түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. “Ган зам” сонины хамт олон, эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Чойр өртөөний хөгжилд хөдөлмөр, сэтгэлээ зориулсан үе үеийн ахмад төмөр замчид, өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон, тэдний найдвартай ар тал болсон гэр бүлүүдэд түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд Чойр өртөө ажил, амьдралын минь нэгэн чухал хэсэг болсон энэ хамт олонтойгоо түүхэн ойгоо тэмдэглэж байгаа нь бахархалтай бөгөөд өндөр хариуцлага мэдрүүлж байна. Өртөөний үйл ажиллагаа өдөр, шөнөгүй тасралтгүй үргэлжилдэг. Үүний ард үүргээ ухамсарласан, бие биедээ итгэдэг төмөр замчдын хамтын хөдөлмөр бий. Тиймээс энэ ой бол Чойр өртөөтэй ажил, амьдралаа холбосон хүн бүрийн баяр юм.

Та бүхний минь ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин, амьдрал ахуй нь аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх, сайн сайхан бүхнээр бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Төмөр замчин бидний халуун дотно нөхөрлөл, эв нэгдэл, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж, цаашдын замнал маань баяр баясал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!

-Чойр өртөөний 70 жилийн түүхэнд ямар үйл явдал, ололт амжилтыг онцлох вэ?

-Өртөөний 70 жилийн түүхийг өгүүлэхдээ бүтээн байгуулалт, тээврийн ажлын өсөлт, техник, технологийн хөгжлөөс гадна тэр бүхнийг бүтээсэн хүмүүсийн тухай заавал ярих хэрэгтэй. Нэг үе нь суурийг тавьж, дараагийн үе нь туршлагыг өвлөн, шинэ санаа, хөдөлмөр бүтээлээр баяжуулсаар өнөөгийн Чойр өртөөг бүрдүүлсэн. Сүүлийн үеийн бүтээн байгуулалт, зохион байгуулалтын өөрчлөлтөөс дурдвал Бор-Өндөр өртөө цахилгаан төвлөрүүлэлтэд холбогдож, Бор-Өндөр болон Шивээ-Овоо өртөөнд хөдөлгөөний техникч ажиллах болсон. Эдгээр нь ажлын үүрэг, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн чухал алхмууд юм. Ойн хүрээнд мөн ажилтнуудын ажиллах орчин, зорчигчдод үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ажлын байр, орчны тохижилтыг аж ахуйн аргаар хийхэд анхаарч байна. Бид ойгоо “Хөдөлмөрөөр манлайлсан 70 жил” хэмээн тодотгосон. Энэ үгэнд халуун, хүйтэн, өдөр, шөнийг үл ажран ажилласан үе үеийн төмөр замчдын хөдөлмөр, тэдний үлдээсэн үнэт өв багтаж байгаа юм.

-Тээврийн ажил, эдийн засгийн үр өгөөжийн хувьд ямар үзүүлэлтийг онцлох вэ?

-Чойр өртөө болон хэсэглэлийн хамт олон ачаа тээврийн ажлаараа УБТЗ-ын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байна. 2026 оны эхний есөн сарын байдлаар Чойр өртөө 40 тэрбум 741 сая төгрөгийн ачаа тээврийн орлого бүрдүүлсэн. Энэ нь ганц өртөөний биш, хэсэглэлийн нийт өртөө, зөрлөг, ээлж бүрийн ажилтнууд болон харилцагч байгууллагуудын уялдаа холбоотой, хариуцлагатай хамтын ажиллагааны үр дүн. Орлого, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих нь бидний ажлын үндсэн зарчим хэвээр байна.

-Чойр хэсэглэлийн өртөө, зөрлөгүүдийн онцлог, хамтын ажиллагааг хэрхэн тодорхойлох вэ?

-Өртөө бүр өөрийн гэсэн ачаалал, технологийн онцлогтой ч бүгд тээврийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах нэг зорилготой. Нэг өртөөний ажлын үр дүн нөгөө өртөөний зохион байгуулалттай салшгүй холбоотой. Чойр өртөө нь тээврийн зангилаа өртөөний үүрэг гүйцэтгэдэг бол Шивээ-Овоо нь нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний ачилтаар онцлог. Айраг өртөө гурван чиглэлийн уулзвар, хүнд жинтэй галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулахад чухал үүрэгтэй. Олон-Овоо өртөө “МАК” ХХК-ийн цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, “МТЛ” ХХК-ийн орон нутгийн болон экспортын нүүрсний тээврийг зохион байгуулдаг. Тус өртөөний дэргэдэх Чулуун завод нь төмөр замын зам засвар, арчлалтад шаардлагатай буталсан чулуун материалыг үйлдвэрлэдэг. Үүнээс гадна Бор-Өндөр өртөө, Шивээговь, Цомог, Өлзийт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр, Лүн зэрэг өртөө, зөрлөг бүр өөрийн чиг үүргийн хүрээнд тээврийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг. Бидний хамтын амжилтын үндэс нь харилцан ойлголцол, мэдээллийн шуурхай солилцоо, ажлын сахилга бат юм.

-Танай хамт олноос төрөн гарсан нэр хүндтэй төмөр замчид, байгууллагын соёлын талаар яривал?

-Чойр өртөө, хэсэглэл нь олон чадварлаг төмөр замчны хөдөлмөрийн гараа, өсөж хөгжсөн талбар байсаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Раднаабазарын Раш 1978–1979 онд Чойр өртөөнд вагоны холбогч, найруулагчаар ажиллаж байсан түүхтэй. Мөн Монгол Улсын Гавьяат тээвэрчин Рэнцэнхандын Батсүх Айраг өртөөний даргаар, Гавьяат тээвэрчин Цэндийн Бямбадорж Чойр өртөөний даргаар ажиллаж байсан. Түүнчлэн, Лувсандашийн Энхболд Чойр өртөөнд галт тэрэгний найруулагчийн туслах, найруулагч, өртөөний жижүүрээр ажиллаж байсан. Хүндэт төмөр замчин Дагвын Хатанбаатар Лүн, Айраг, Чойр өртөөний даргаар ажиллаж, Чойр хэсэглэлд олон жил хөдөлмөрлөсөн нь бидний бахархал юм. Манай хамт олны соёлын гол үнэт зүйл бол мэргэжлийн залгамж халаа, хүнээ гэсэн сэтгэл. Шинээр ажилд орсон залуусыг туршлагатай ажилтнууд өдөр тутмын ажил дээр нь сургаж, төмөр замчны сахилга бат, хариуцлага, ёс зүйг өвлүүлдэг. Дүрэм, зааврыг мэдэхийн зэрэгцээ нөхцөл байдлыг зөв үнэлэх, багтайгаа ойлголцох, шийдвэрээ цаг тухайд нь гаргах чадвар чухал. Ахмад үеийнхний энэ үлгэр дуурайлал бидний хамгийн үнэ цэнтэй өв юм.

-Говьсүмбэр аймаг залуу төмөр замчид ажиллаж, амьдрахад хэр таатай нутаг вэ?

-Говьсүмбэр аймаг бол залуу төмөр замчид мэргэжлээрээ өсөж хөгжихийн зэрэгцээ гэр бүлээрээ тогтвортой амьдрах боломжтой нутаг. Улаанбаатар хоттой авто замаар холбогдсон, төмөр зам дагасан дэд бүтэцтэй, аймгийн төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн нь давуу тал. Орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа нь ч залуу гэр бүлүүдэд дэмжлэг болдог. Нутгийн хүмүүсийн харилцаа ойр дотно, амьдрах орчин тайван. Нөгөөтэйгүүр Чойр хэсэглэлд ажиллах залуус туршлагатай ахмадуудаасаа суралцаж, хөдөлгөөний зохион байгуулалт, ачаа тээврийн олон чиглэлээр мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжтой. Би өөрөө энэ нутгийн хүн учраас Говьсүмбэрийг зөвхөн ажиллах газар бус, ирээдүйгээ бүтээх боломжтой нутаг гэж хардаг. Төмөр замын салбарт ажиллах хүсэлтэй залуусыг манай хамт олонд нэгдэхийг урьж байна.

-Өртөөний ирэх арван жилийн хөгжлийн зорилтыг хэрхэн харж байна вэ?

-Ирэх арван жилд тээврийн өсөн нэмэгдэх хэрэгцээнд нийцсэн хүчин чадалтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангасан, ажилтнууд нь өсөн хөгжих боломжтой өртөө болохыг зорьж байна. Үүний тулд техник, технологийн шинэчлэл, ажлын зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажлын уялдаанд дүн шинжилгээ хийж, хугацааны алдагдлыг бууруулах, хүчин чадлыг оновчтой ашиглах шийдлүүдийг судлах нь чухал. Цахим шийдэл нэвтрүүлэхдээ мэдээллийн үнэн зөв байдал, хяналтыг сайжруулж, ажилтны давхар ажиллагааг багасгасан эсэхээр нь үр дүнг хэмжих ёстой.

Үүнтэй зэрэгцэн залуу ажилтныг сургаж дадлагажуулах, хэвийн бус нөхцөлд ажиллах ур чадвар, эрсдэлийг урьдчилан таних дадлыг төлөвшүүлэхэд анхаарна. Өртөө, зөрлөгүүдийн технологийн орон сууцыг халаалттай болгох, засварлах ажлууд хийгдсэн. Тухайлбал, Өлзийт зөрлөгийн жижүүрийн технологийн орон сууцанд иж бүрэн засвар хийж, халаалттай болгосон. Цаашид ажиллах орчин, ажлын байрыг үе шаттай сайжруулах шаардлагатай. Ирээдүйн амжилтыг зөвхөн тээврийн хэмжээгээр бус, бүтээмж, аюулгүй ажиллагааны соёл, ажилтны ур чадвар, ажиллах орчны ахицаар хамтад нь үнэлнэ.

-Аймаг, орон нутгийн байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажилладаг вэ?

-Төмөр замчид орон нутгийн нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцдог. Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төмөр замчдын нэг төлөөлөл, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд таван төлөөлөл сонгогдон ажиллаж байгаа нь орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ч оролцож буйн илэрхийлэл. Манай хамт олон аймаг, сумаас зохион байгуулдаг уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог. Цаашдаа тээврийн үйл ажиллагаа, ажлын байрны нөхцөл, орчны тохижилт, харилцагч байгууллагуудын уялдааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй.

-Чойр өртөөний хөгжлийг дараагийн шатанд гаргахад ямар хөрөнгө оруулалт нэн шаардлагатай вэ?

-Нэн тэргүүнд хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн хүчин чадалд шууд нөлөөлөх ажлыг эрэмбэлэх хэрэгтэй. Тухайлбал, Чойр өртөөний вагон хуримтлуулах болон галт тэрэг хүлээн авах, явуулах зориулалттай найм, есдүгээр замыг ашиглалтад оруулах, өртөөний туслах жиүүрийн ажлын байрыг автоматжуулах, зам, сумын аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, татах замыг уртасгах хэрэгцээ бий. Чойр өртөө экспортын ачилтын чухал өртөөдийн нэг учраас дотоод технологи, ачилт, буулгалтын үйл ажиллагаа, харилцагч байгууллагуудын бэлэн байдлыг уялдуулж байж хөрөнгө оруулалт бодит үр өгөөжөө өгнө. Мөн багаж хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл, гэрэлтүүлэг, ээлжийн ажилтны амрах нөхцөл, сургалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг орхигдуулж болохгүй. Шинэ тоног төхөөрөмжтэй хамт түүнийг ажиллуулах, арчлах хүний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Чойр өртөөний 70 жил бол нэг байгууллагын ой төдийгүй үе үеийн төмөр замчдын хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн бахархлын түүх юм. Өнөөдрийн бидний амжилтын үндсийг тавьж өгсөн ахмад үеийнхэндээ талархал илэрхийлье. Тэдний туршлага, үнэт уламжлалыг хадгалж, шинэ цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг. Чойр өртөөний дараагийн арван жилийн түүх өнөөдрийн ажлын чанар, хариуцлагатай шийдвэрээс эхэлнэ. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг эрхэмлэж, нэг зорилгын төлөө эв нэгдэлтэй ажиллан, хөдөлмөрөөрөө манлайлахыг хамт олондоо уриалж байна. Түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе!

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.