Д.Алтангэрэл даргатай Замын II ангийн хамт олон УБТЗ ХНН-ийн 75 жилийн түүхэн ойд Хангай зөрлөгийн өргөтгөлөөр бэлэг барьжээ. Дан ганц Замын ангийн хүчээр гүйцэтгэсэн гэхэд “ахадмаар” том ажил. Гэхдээ тэд их ажлын ард амжилттай гарч чаджээ. Түүнчлэн, өнгөрсөн сарын 3-нд өргөтгөлийн ажлын сүүлийн цонхонд ангийн ИТА-нууд, замын 21 хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, 11-нд Замын комисст хийсэн ажлаа хүлээлгэж өгсөн байна.
Ер нь, УБТЗ-ын өртөө, зөрлөгүүдийг өргөтгөх, шинэчлэх нэгдсэн төлөвлөгөөнд Хангай зөрлөгийн өргөтгөл багтсан байв. Жилээс жил өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангахад суурь бүтцийн найдвартай байдал, нэвтрүүлэх чадвар онцгой нөлөөтэй. Тийм ч учраас Улаанбаатараас урагших өртөө зөрлөгүүдийг шат дараатай өргөтгөж, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх боломжийг нээсээр байсан юм. Харин Хангай зөрлөгийг өргөтгөөгүйгээс урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэх боломжгүй байжээ. “Зөрлөгийн хоёр замын аль нэгэнд эрсдэл гарахад тухайн зөрлөг ерөөсөө гол замын л үүрэг гүйцэтгэхээс аргагүйд хүрэх нөхцөл байдалд байсан. Тиймээс өргөтгөлийн ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн яаралтай хийх шаардлагатай байлаа” хэмээн Замын II ангийн дарга Д.Алтангэрэл ярианыхаа эхэнд тодотгосон юм. Гэхдээ энэ нь сарын өмнө төлөвлөөд хийчихсэн ажил биш ажээ.
Тус хамт олон өнгөрсөн оноос энэхүү ажлаа үндсэндээ эхлүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас шинээр барих замын ул шорооны ажлыг ангийн хүчээр хийж эхэлжээ. Нийтдээ 2.5 км замыг шинээр барина гэж тооцоолон 26000 шоо метр газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан гүйцэтгэсэн аж.
Зөрлөгийн өргөтгөлөөс өмнө ба дараах нөхцөл байдлын талаар Д.Алтангэрэл даргаас тодруулахад “Хангай зөрлөг хоёр замтай. Зам тус бүр нь 1000 гаруй метрийн урттай байсан тул урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэх боломжгүй байсан. Харин бид өргөтгөлийн хүрээнд үндсэндээ 2.8 км замыг шинээр барьсан. Хангай зөрлөг хүлээн авах, явуулах гурван замтай болсон төдийгүй зам тус бүр нь 1632-1640 метрийн урттай болсон. Бид БНХАУ-д үйлдвэрлэсэн (UIС-ийн шаардлага хангасан) Р65 11/1 маркийн дөрвөн суман шилжүүлгийг гараар угсарч тавилаа. Ингэснээр зургаан суман шилжүүлэгтэй болсон. Шинээр тавьсан хоёрдугаар замыг бид 1/1 гэсэн схемээр бетон болон модон дэртэйгээр барьж, хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх техникийн нөхцөлийг бүрэн хангалаа” хэмээв.
Энэхүү ажлыг хийхийн тулд тус ангийнхан календарьчилсан төлөвлөгөө гарган өдөр бүр төлөвлөгөөт ажлаа 100 хувь гүйцэтгэсэн нь УБТЗ ХНН-ийн 75 жилийн түүхэн ойн өдрөөс өмнө зорилгоо бүрэн биелүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцолж байсан юм.
Замчдын нөр их ажлын ард Хангай зөрлөгийн нэвтрүүлэх хүчин чадал бодитоор хэрхэн өөрчлөгдсөнийг зөрлөгийн даргатай холбогдож тодруулав.
Хангай зөрлөгийн дарга И.Бямбасайхан “Манай зөрлөг өмнө нь 1011, 1023 метрийн урттай хоёр замтай байлаа. Одоо 1632, 1636, 1640 метрийн урттай хүлээн авах явуулах гурван замтай болсон. Энэ сарын 11-нд өргөтгөлийн ажлыг Замын комисс хүлээн авснаар шинээр барьсан хоёрдугаар замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд 25 км/цагийн хурдтай нээсэн. Цаашдаа галт тэрэгний тогтоосон хурдад хүргэнэ. Энэ өргөтгөлийн ажлын хүрээнд өмнө нь Р50 зам төмөртэй, модон дэртэй байсан нэгдүгээр замыг бетон дэртэй болгож хүчжүүлсэн. Зөрлөгийн жижүүрийн пультыг шинэчилсэн, бүх гэрэлтүүлгийг лед болгож, дохиолол холбооны сүлжээг шинэчилсэн гээд олон ажил хийлээ.
Үр дүнд манай зөрлөгөөр 114 вагоны бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэх боломжтой болсонд баяртай байна. Өмнө нь, манай зөрлөг урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэх боломжгүй тул Чулуут зөрлөг юмуу Багахангай өртөөнд галт тэрэг зөрүүлдэг байсан. Цаашид Зураг төслийн төвөөс зөрлөгийн замын хэвгийг тогтоочихвол шаардлагатай үед хөдлөх бүрэлдэхүүн ч хаях боломжтой болно” хэмээн ярилаа.
Харин Дохиолол холбооны II ангийнхан Хангай зөрлөгийн ДТХ ба Холбооны байгууламжийн өргөтгөлийн ажлын хүрээнд гаргах дохио хоёрыг, мөн хоёр сум, давтах дохио хоёрыг шинээр төвлөрүүлэлтэд холбож, зөрлөгийн сондгой талын бэлчрийн хээрийн байгууламжийг зөөж шинэ ординатад байрлуулах ажил хийжээ. Түүнчлэн, сумын хоёр утаст хэлхээг таван утаст хэлхээгээр тоноглох, АНВШ 2-2400 релетэй зам төмөр хэлхээг, ДСШ-12 релетэй зам төмөр хэлхээгээр солих, ПВР-40 оруулгын зогсуурыг ПВР-М маягийн оруулгын зогсуураар солих, удирдах пульт таблог шинээр солих гм байгууламжийн найдвартай ажиллагааг дээшлүүлсэн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр постын болон хээрийн байгууламжийг камерын системээр тоноглосон, чанга яригчийн сонсогдолтын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Тус зөрлөгөөр өмнө нь 70-71 вагоны бүрэлдэхүүнтэй галт тэрэг л зөрөх боломжтой байж. Ингэж бодвол замчдын хийсэн ажил, урсгасан хөлсний үнэ цэн асар их ажээ. Мөн түүнчлэн зөрлөгийн өргөтгөлийн хүрээнд 50 метрийн урттай байсан зорчигчдын тавцанг 120 метр болгон сунгажээ. Мөн энэ жилийн төлөвлөгөөнд жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд аялдаг “Нарны галт тэрэг”-нд зориулсан 400 метрийн урттай зорчигчдын тавцанг шинээр барихаар тусгасан нь тун удахгүй ажил хэрэг болох гэнэ.
Замын II ангийнхан зөвхөн зөрлөгийн өргөтгөлийг хийгээд зогссонгүй. Замын хэсгийнхээ аж ахуйг ч овоо тордоод авчээ. Тухайлбал, Замын хэсгийн багажны сарай, аж ахуйн агуулахуудыг бүгдийг шинэчилсэн байна. Тэгэхдээ агуулахуудаа тус ангийнхан өөрсдийн үйлдвэрлэсэн блокоор барьсан гээд л бод доо. Ер нь, замчдад аливаад бүтээлчээр ханддаг, нөөц боломжоо тултал ашигладаг олон сайхан жишээ бий. Түүний нэг нь Замын II ангийнхан бусдын гар харалгүй блок үйлдвэрлэж, дотоод хэрэгцээндээ ашигладаг болсны бэлээхэн жишээг Хангай зөрлөгөөс харж болох юм.
Мөн Замын арванхоёрдугаар хэсгийнхээ техникийн кабинет, амрах байранд их засвар хийж, замчдын ажиллах амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн гээд нийгэмлэгийн түүхт ойн босгон дээр замчид гарт баригдаж, нүдэн харагдах том ажлыг амжуулсандаа урам зориг дүүрэн байна.
Нөгөө талд нь, тус зөрлөгийнхөнд Эрчим хүчний I ангийнхан ухаалаг худаг шинээр барьж өгчээ. Өмнө нь, зөрлөгийн төмөр замчид ундны усаа замынхаа нөгөө талаас зөөдөг байсныг замчдын сууцны дэргэд шилжүүлэн шинэ ухаалаг худагтай болгосонд төмөр замчид ихээхэн сэтгэл хангалуун байгаа аж. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг төмөр замчид амь нэгтэй аж төрдгийг зөрлөгийн жижигхэн суурингаас бүр ч илүү их мэдэрнэ дээ. Ийм л замынхаа хөгжлийг, хүнийхээ тав тухыг хамтад нь шийдсэн олон ажил буйдхан зөрлөгт “оволзож” дуусжээ. Өдгөө урьдын адил нам гүмхэн эгэл өдрүүд ээлжилсээр... Гэхдээ зөрлөгийнхний сэтгэлд нэг л өег таатай мэдрэмж дүүрэн байгаа гэтэл итгэлтэй байна.
Эцэст нь, энэ их ажлын эхний “учгийг” татаж, олон амжилтын замыг зассан Замын II ангийн хамт олон өргөтгөлийн ажилд нэг баг болж, хамтран ажилласан ЗЗМС-ынхан, хөдөлгөөнчид, холбоочид, эрчим хүчнийхэндээ талархсанаа илэрхийлснийг заавал дурдахыг аминчлан захисныг уламжилъя.
Мөн замчдын хийж бүтээх хүсэл эрмэлзэлд “тос нэмж”, хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөн Замын захиргаа, Замын аж ахуйн албаны удирдлагадаа дахин талархснаа илэрхийллээ.
Б.Гүнжинлхам