2024 оны эхнээс арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг дуустал 30.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 947.1 мянган тонноор, ачилт 21.8 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 533.3 мянган тонноор тус тус илүү байна. Өнгөрсөн долоо хоногт экспортын 252.8 мянган тонн, импортын 64.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэсээ өссөн дүнтэй байна.

Дамжин өнгөрөх тээврийн тухайд оны эхнээс 2877 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 123 галт тэргээр илүү байна. Өнгөрсөн долоо хоногт импортын 699, дамжин өнгөрөх 1600 чингэлгийг шилжүүлэн ачжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 110 галт тэрэг өгч, 108 галт тэрэг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байгаа бол нарийн царигаар 44 галт тэрэг авч, 45 галт тэрэг өгсөн нь өмнөх оноосоо ялимгүй буурсан үзүүлэлттэй байна. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 46 галт тэрэг авч, 50 галт тэрэг өгсөн нь өмнөх долоо хоногоосоо өссөн ч өмнөх жилийнхээ мөн үеэс бага зэрэг буурчээ.

 

ДЦС-ууд 14-34 хоногийн нүүрсний нөөцтэй

 

УБТЗ иргэд, аж ахуйн байгууллагуудыг тав тухтай дулаан өвөлжүүлэхэд анхааран ажиллаж, эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна. Нийслэлийн болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд өвлийн ид ачааллын үед 14-34 хоногийн нөөцтэй байна.

 

396 км-ийн гармыг хаах шийдвэр гарчээ

 

Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар 396 км-ийн гармыг ижил бус түвшний болгон өөрчилсөнтэй холбогдуулан энэ сарын 15-наас хаахаар болжээ. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэж байна.

 

Зүтгүүрийн түлшний нөөц 2336 тонн байна

 

Өнөөдрийн байдлаар зүтгүүрийн түлшний нөөц 2336 тонн, хоногийн зарцуулалт 315 тонн байна. Зүтгүүрийн хос дугуйн элэгдэл буурсан нь замын их засварын ажил улам бүр нэмэгдсээр байгаагийн үр дүн аж.

 

ОХУ-ын төмөр замуудад зуны амралтаараа  ажиллах боломжийг судалж байна

 

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Москвагийн ЗХИС-д 152 оюутан, Эрхүүгийн ЗХУИС-д 91 оюутан суралцаж байна. Цаашдаа эдгээр сургуульд УБТЗ-ын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэгүй хамруулах асуудлыг Замын захиргааны зүгээс ярилцаж байна. Мөн ОХУ-ын ЗХИС-д суралцаж байгаа оюутнуудыг болон ТЗДС-ийн оюутнуудыг зуны амралтаар нь оюутны отрядаар мэргэжлийнх нь чиглэлээр тус улсад ажиллуулах боломжийг судалж байна. Өнгөрсөн жил Эрхүүгийн ЗХУИС-д суралцаж байгаа манай улсын 15 оюутан зуны амралтаараа БАМ-ын төмөр замд ажиллажээ.

 

Зорчигч тээврийн төвийн хонгилон гарцыг шинэчилж дууслаа

 

Зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ жил Замын захиргаа Зорчигч тээврийн төвийн хонгилон гарцыг орчин үеийн үйлчилгээний байгууллагуудын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Энэ ажил дуусаж ирэх долоо хоногт нээхээр төлөвлөжээ.

 

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг улам сайжруулна

 

Замын даргын нэгдсэн хурлаас мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цаасан бичиг баримтыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.