Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Музей нь соёл хоорондын солилцоо, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, энх тайвныг хөгжүүлэхэд чухал гүүр болдог. Энэ жилийн олон улсын музейн өдрийг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музей” сэдвийн дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хорооноос энэ өдөрт зориулсан үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглүүлж, зохион байгуулахыг чиглэл болгосны дагуу Улаанбаатар төмөр замын музейгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад үзмэрээ танилцуулж, УБТЗ ын түүхэн замнал, үйл ажиллагаа, төмөр замын мэргэжлийн онцлогийн тухай дэлгэрэнгүй тайлбарлав. Улаанбаатар төмөр замын музей нь Монгол оронд 1938 онд төмөр замын тээвэр үүсэж бий болсон цагаас өнөөдрийг хүртэлх түүхэн хөгжлийн үе шатууд, Монгол-Оросын төмөр замчдын хамтын ажиллагаа, төмөр замын үйл ажиллагаатай холбоотой түүхэн зураг, дүрс бичлэг, ном товхимол, эд зүйлс бүхий 2000 гаруй ховор нандин үнэт үзмэрийн сан хөмрөгтэй юм. Улаанбаатар төмөр замын музейг үзэж сонирхсон сурагчдад хандаж Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж хэлэхдээ, УБТЗ-ын санхүү, нийгмийн чиглэлийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллах боломж нээлттэй тул энэ чиглэлээр мэргэжлээ сонгон суралцахад анхаарах талаар санал, зөвлөгөө өгөв. Төмөр замын музейн хамт олноос музейг сонирхон үзсэн багш, сурагчдад дурсгалын зүйл, гарын бэлэг гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөлөө.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.