УБТЗ-ын Төмөр бетон дэрний үйлдвэрийн хамт олон нь байгуулагдсан цагаасаа хойш 26 жилийн хугацаанд нийтдээ 2.1 сая бетон дэрийг үйлдвэрлээд байна. Дээрх тооны бетон дэр нь 1141 км замын их болон дунд засварт ашиглагдсан гэсэн үг юм.
Харин өнгөрсөн оны хувьд тус хамт олон замын их болон дунд засварт зориулан 127344 бетон дэр, 12 объектод зориулан С, Е, D, А типийн гүүр хоолойн 605 хийц эдлэл, төмөр замын 11 аж ахуй нэгжийн захиалгаар нийт 29218 ш жижиг бетонон эдлэл үйлдвэрлэн нийлүүлсэн байна.
Мөн Замын даргын А-01 тоот тушаалын дагуу Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах ажил зохион байгуулж, 2023 оны жилийн эцсийн байдлаар 90 хувьтай дүгнэгдсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол зөрчилгүй ажиллаж, нийт 19 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, зургаан бүлэг 28 заалт бүхий төлөвлөгөөг 100 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэв. Үүний зэрэгцээ ажилтнуудыг тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжийг судлан ажиллаж байна.
5С хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын байрны эмх цэгц, шаардлагыг хангасан нийт 29 ажлын байранд 1С, нэг ажлын байранд 2С-ийн гэрчилгээ тус тус олголоо.
Их барилгын ажлын хүрээнд нийт гурван ажил 53 сая төгрөг, барилгын их засвараар дөрвөн ажил 354 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэлээ.
Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аюулгүй ажиллагааг хангах үүднээс Замын захиргаанаас автобусны асуудлыг шийдвэрлүүлж, ажилчид маань автобустай боллоо. Ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор нурууны суулт, муруйлт мэдрэлийн тогтолцоог сайжруулах 10 сая төгрөгийн үнэтэй массажны ор худалдан авч, физик эмчилгээний өрөө тохижуулав.
2024 онд замын их засварын 40 км-т, 2025 оны замын их засварын бэлтгэл ажлыг урьдчилан хангах зорилгоор 40 км-т нийт 144000 ш бетон дэр үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн ТБДҮ-ийн технологийн шинэчлэлийн хүрээнд бетон дэрний бэхэлгээний нөхцөлийг өөрчилж, Герман улсын восслох бэхэлгээг нэвтрүүлэх нарийн царигийн бетон дэр үйлдвэрлэх, сумын бетон брусс үйлдвэрлэх төслийн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.