Барилга орон сууцны албаны харьяа ангиудын нийт 37 уурын зуух байдгаас Сүхбаатараас Чойр зангилаа хүртэлх 26 уурын зуух энэ сарын 15-наас хуваарийн дагуу үйлчлүүлэгч айл өрх, аж аж ахуйн нэгжүүддээ халаалтаа өгч эхэлжээ. Харин Сайншанд болон Замын-Үүд хэсэглэлийн 11 уурын зуух хуваарийн дагуу ирэх сарын 1-ээс халаалтаа өгөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна.
Тус албаны хэмжээнд халаалтын уурын зуухны хэрэгцээнд энэ өвөл нийт 1048 вагон буюу 68120 тонн нүүрс худалдан авах захиалгыг нүүрсний уурхайдтай байгуулсан байна. Одоогийн байдлаар, 5557 тонн нүүрсийг татан аваад байгаа аж. Түүнчлэн, 10, 11 дүгээр сард татан авах нүүрсээ төлөвлөсөн хугацаанаас нь өмнө буюу есдүгээр сард татан авах талаар Худалдан авалт борлуулалтын алба болон гэрээ байгуулсан нүүрсний уурхайдтайгаа ярилцаж байна гэж тус албанаас манайд мэдээллээ.
Ер нь, халаалтын уурын зуухнуудын нүүрсний нөөцийг 25 хоног бүрдүүлсэн байх ёстой бол халаалтаа өгч эхэлсэн уурын зуухнууд дунджаар нэг сарын нөөцийг татан аваад байгаа гэлээ. Тус албанаас уурын зуухнуудын бүх төлөвлөгөөт засваруудыг хугацаанд нь бүрэн хийж дууссан. Энэ өвөл төмөр замчдаа дулаан тохитой өвөлжүүлэх бэлтгэлээ базаасан гэж мэдээллээ.
