Нүүр Цаг үе 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлана
Цаг үе

2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлана

G.Press 6 сарын өмнө 170 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Өмнөх долоо хоногт хоёр гологдол гарсан бол 48 дахь долоо хоногт нэг гарсан байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 29-ний 23.07 цагт Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын замын 1105 дугаар км-ийн зургадугаар зуутад галт тэргэнд үхэр дайрагдсан байна.

Дутагдлын хувьд Тээвэр зохион байгуулалтын алба, Замын аж ахуйн алба, Баянтүмэн тасаг тус бүр нэг, Зүтгүүрийн аж ахуйн албанд найм, судалж буй нэг, нийт 12 дутагдал бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол хоёр, дутагдал 153 нэгжээр буурсан байна.

Тайлант долоо хоногт 126 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 57-гоор өссөн үзүүлэлт бөгөөд 20 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, дөрвөн галт тэрэг саатжээ.

Оны эхнээс 11 дүгээр сарын 27-ныг дуустал 30 сая 99 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 103.3 хувиар биелүүлжээ. Мөн 21 сая 335.9 мянган тонн ачиж, 103.8 хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 243900, транзит 110300, экспорт 252600, импорт 78700 тонн буюу нийт 685500 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 18.2 мянган тонноор давуулсан үзүүлэлт юм.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 181 вагон дутуу буюу 6326, “Шивээ-Овоо” 33 вагон дутуу буюу 3585, “Шарын гол” ХК 186 вагон дутуу 1398 вагон тус тус ачжээ. Эдгээр компани нүүрсний гаралт муу, зөөвөр холдсон, техник эвдэрсэн зэрэг шалтгаанаар дутуу ачсан байна. Харин “Эрдэнэт” үйлдвэр 158 вагон ачиж, төлөвлөгөөгөө биелүүлжээ.  

48 дугаар долоо хоногт 5814 вагон буулгаж, төлөвлөгөөг 94.5 хувиар биелүүлсэн буюу хоногт дунджаар 47 вагон дутуу буулгажээ. Хэсгийн хурдыг 39.80 км/цагаар биелүүлж, төлөвлөгөөг 0.80 км/цагаар давуулсан байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 10 галт тэрэг 1092 минут зогсож, хэсгийн хурдыг 0.01 км/цагаар удаашруулжээ. Галт тэрэгний дундаж жин тайлант долоо хоногт 3506.68 тонн болж төлөвлөгөөнөөс 346.68, өмнөх долоо хоногоос 149.8 тонноор нэмэгдэв. Харин зүтгүүрийн бүтээмж 1451.26 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 91.26 мянган бохир тонн/км-ээр илүү гарчээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг /733.1 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /721.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 16-16.2 галт тэрэг болов.

Нарийн царигаар хоногт дунджаар 7.7-7.8 галт тэрэг солилцсон буюу 55 галт тэрэг /414 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /429.4 вагон/ хүлээлгэн өгсөн байна.

Сүхбаатар-Наушкиар 50 галт тэрэг /334.8 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /361.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 7.1-8.1 галт тэрэг болжээ.

Чингэлгийн 74 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор дутуу, оны эхнээс нийт 3479 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 620 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2224, импортын 440 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт хоёроор дутуу, транзит 59 чингэлгээр давсан байна. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 351 чингэлэг байгаа аж.

БНХАУ-аас өнөөдрийн байдлаар нийт 50 галт тэрэг буюу 2480 вагон 114438.144 тонн хөх нүүрсийг хүлээн аваад байна. Мөн Цогтцэций өртөөнөөс 46 галт тэрэг буюу 1154 вагон 78546.4 тонн мидлингийг хүлээн авчээ.

Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “Тээврийн тоон чанарын үзүүлэлтүүд маш сайжирсан. Өнгөрсөн аравдугаар сард 3 сая 97 мянган тонн ачиж түүхэн дээд амжилт тогтоосон. Өмнөх оны 11 сарын байдлаар 30.3 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол энэ оны мөн үед 30.4 сая тонныг тээвэрлэж амжилтаа ахиуллаа” гээд нийт төмөр замчдад баяр хүргэсэн юм.

Мөн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр нэг машинчтай сэлгээний туршилт сарын турш үргэлжилж, үр дүнгээ өгч байгааг хэлээд цаашид энэ ажлыг жигдрүүлэн хэрэгжүүлбэл эдийн засгийн хэмнэлттэйг онцоллоо.

Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда Замын ангиуд бүгд баллаа буулгаж маш сайн ажилласныг дуулгасан юм. Түүнчлэн, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “12 дугаар сарын эхээр эрс хүйтэрч, дунд үеэс дулаарахаар байна. Цаг агаарын температурын хувьд нэг өдөрт ч их хэлбэлзэлтэй байх нь. Ийм үед замчид маань маш анхааралтай ажиллаарай” гэдгийг анхааруулсан бол хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн 2026 оны А-01 тушаалыг бид “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар тогтсоноо дуулгаж, “2024 онд төмөр замчид маань ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоосон. Бид энэ жилд ч оны төгсгөлд илүү сайн ажиллаж чадвал амжилтаа ахиулах боломж байна” гээд хүйтний эрч нэмэгдэж буй энэ үед сонор сэрэмжтэй, сайн ажиллахыг нийт төмөр замчдадаа үүрэг болголоо.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.