МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягаар ахлуулсан хамтын гэрээний ажлын хэсэг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнд “2024-2025 оны хамтын гэрээний төсөл”-ийг арваннэгдүгээр сарын 22-нд гардуулж, хамтын гэрээний хэлэлцээний дэгийг баталж гарын үсэг зурлаа. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны Тэргүүлэгчдийн 32 дугаар тогтоолоор сонгогдсон ажлын хэсэг сүүлийн хоёр сарын хугацаанд “УБТЗ” болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний төслийг нэгтгэн боловсруулж эцэслээд байсан юм. Энэ удаагийн хамтын гэрээний төсөлд салбар нэгж, байгууллага, ҮЭ-ийн хороо, ҮЭ-ийн гишүүдээс ирүүлсэн давхардсан тоогоор 360 гаруй саналыг нэгтгэсэн байна. Өнгөрсөн хугацаанд МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга Б.Алтанхуяг төмөр замчидтай биечлэн уулзаж, ээлжит XXVII Бага хурлын шийдвэр, хамтын гэрээний хэрэгжилт, цалин хөлсний системийн шинэчлэлийн хүрээнд хийж буй журмуудын талаар танилцуулж, гишүүдийн өмнө тулгамддаг асуудлыг сонсож, хамтын гэрээний төсөлд оруулах санал хүсэлтийг авч ажиллажээ. Энэ үеэр хоёр талын сэтгэгдлийг сонслоо.
“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн:
-Ажлаа хүлээж авсан эхний сардаа багтаж хамгийн анх хийсэн томоохон баримт бичиг бол хамтын гэрээгээ байгуулсан явдал. Энэхүү хамтын гэрээний хэрэгжилтийг Замын даргын хувьд дүгнэж хэлэхэд их амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа. Тухайлбал, бид хамтын гэрээгээр цалин хөлсний системийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж заасан байсан. Энэ шинэчлэлийн асуудал сүүлийн 10-аад жил яригдсан ч хэрэгжээгүй байсан. Нөхцөл байдал хэдийгээр хүнд байсан ч бид хамтран хийж, хэрэгжүүлж чадсан. Та бүхэн маш сайн мэдэж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд бид цалин хөлсийг өнгөрсөн жил дунджаар 15 орчим хувиар нэмэгдүүллээ. Мөн удаан жил ажилласны нэмэгдлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Гуравдугаарт, шугам замын нэмэгдлийг тогтмолжуулж чадсан. Үндсэн цалингаа нэмэгдүүлээд шагналт цалингийн хэмжээг багасгасан. Мөн ипотекийн зээлийн дэмжлэг дөрвөн сая орчим төгрөг байсныг таван сая орчим болгож нэг сая төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг нийт ажилтнууддаа хандсан сайхан өөрчлөлтүүдийг хийж чадсан. Одоо бид шинэ хамтын гэрээгээ хийх төслийг нь бэлтгэх ажлын хэсгээ байгуулах гэж байна. Зарчмын хувьд би Үйлдвэрчний эвлэлтэйгээ маш сайн ойлголцож, ҮЭ-ийн шинэ удирдлагын багийг маш сайн дэмжин ажиллаж байгаа.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг:
-“УБТЗ” ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний төслийг ажил олгогч тал буюу Замын захиргаанд өргөн барьж байна. Өнгөрсөн 2022-2023 оны хамтын гэрээг ковидын дараах хүндрэлтэй нөхцөл байдлын үед амжилттай хэрэгжүүлж, нэн ялангуяа энэ онд цалин хөлсний системийн шинэчлэлийг хийж, нийт төмөр замчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангуулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь нэлээд үр дүнтэй болсон. Бид энэ оны наймаас аравдугаар сарын хооронд нийт төмөр замчидтай уулзаж, хамтын гэрээний хэрэгжилтийн бодлого болон шинэ хамтын гэрээний төслийг боловсруулах хүрээнд санал авсан. Ингэхдээ мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллан төмөр замчдад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэхэд чиглүүлэн энэхүү төслийг боловсрууллаа. Мэдээж хүний хэрэгцээ шаардлага бол хэмжээлшгүй. Гэхдээ ҮЭ-ийн байгууллага өнөөдөр байгаа эдийн засгийн хязгаарлагдмал нөөц бололцоондоо тулгуурлан төмөр замчдынхаа асуудлыг хэрхэн зөв зохион байгуулж, үр дүнтэй ажиллах вэ гэдэг дээр төвлөрч энэ удаагийн хамтын гэрээний төслийг боловсруулсан. Хамтын гэрээ гэдэг бол хоёр талын судалгаа шинжилгээ болон хэлэлцээний үр дүнд бий болдог. Энэ хүрээнд ҮЭ-ийн байгууллага бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бид хэлэлцээг ажил олгогч талтайгаа амжилттай зохион байгуулна гэж бодож байгаа. Мөн дээр нь энэ удаагийн хамтын гэрээг хэлэлцэхэд хамтын гэрээний дэгээ шинэ хуулийн шаардлагын дагуу батална. Уламжлалт дэгийн үзэл санаа баримтлалаар зохион байгуулна.