Өнгөрсөн Баасан гарагт УБТЗ-ын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод нэгэн даруухан хэрнэ бахархам амжилтыг бататгасан ёслол болж өнгөрлөө.
Учир нь, эл өдөр тус депогийн Хос дугуй угсрах цехэд 2000 дахь хос дугуйг угсарсан юм. 2020 онд дөнгөж үүдээ нээсэн Хос дугуй угсрах цех өнгөрсөн хугацааныхаа ажлын үр дүн, хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг ийнхүү ажил хэрэгчээр тайлагнав. Ер нь, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон сүүлийн жилүүдэд Монгол Улсын төмөр замын салбарт олон амжилт ололтыг “дархлаад” байгаагийн нэг нь энэ юм. Үүнээс өмнө ачааны таван вагон угсарч, тээвэрт нийлүүлсэн нь одоо ч үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ.
Ийнхүү Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг гадаадад явуулж өндөр үнээр засварладаг байсныг дотооддоо угсардаг болсноор ихээхэн хэмжээний валютын урсгалыг дотооддоо шингээж, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байна. Тус депо нь өөрийн хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг угсрахаас гадна хувийн хэвшлийн хос дугуйг ч угсарч эхэлжээ. Энэхүү арга хэмжээнд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбат нарын албаны хүмүүс хүрэлцэн очсон юм.
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо нь 2017 оноос УБТЗ ХНН-ийн санхүүжилтээр гурван үе шаттай төслийг хэрэгжүүлсний нэг нь 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийсэн “Хос дугуй угсрах цех”-ийн нээлт байсан юм. Энэхүү цех нь өдөрт 3-5 ширхэг хос дугуй угсрах хүчин чадалтай бөгөөд 2019, 2020 онд УБТЗ ХНН-ийн 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ОХУ, БНХАУ-аас тоног төхөөрөмжүүдийг худалдан авчээ. Тэдгээр тоног төхөөрөмжийг суурилуулах үед ковид 19 цар тахал гарсан, хил гааль хориотой үед Вагоны аж ахуй алба болон Ачааны вагон депогийн инженер техникийн ажилтнууд үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагатай цахимаар холбогдон тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах, тохируулах ажлыг гүйцэтгэж цехийн үйл ажиллагааг нээж байсан түүхтэй.
Тухайн цех нь 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр анхны хос дугуйгаа угсарч байсан бол 2021-2024 оны хугацаанд Монгол Улсад анх удаа ачааны 1767, зорчигчийн 222, зүтгүүрийн найм, тусгай зориулалтын механизмын гурван хос дугуй угсарсан байна. Ийнхүү нийт 2000 хос дугуйг угсарч төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган, 13.6 тэрбум төгрөгийн гадаад валютыг дотооддоо үлдээж, 2.2 тэрбум төгрөгийн өгөөжийг бий болгосон тооцоо гарчээ.
Хос дугуй угсрах цех өмнө нь зөвхөн ачаа, зорчигчийн вагоны хос дугуй угсарч байсан бол, өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд УБТЗ-д ашиглагддаг сэргээн босгох галт тэрэгний гурван хос дугуйн голыг сольж угсарсан нь шинэ дэвшил байв. Түүнчлэн, мөн оны есдүгээр сарын 20-нд анхны зүтгүүрийн хос дугуйг угсарч, нийтдээ зүтгүүрийн найман хос дугуйг угсарч хүлээлгэн өгсөн байна.
Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах цех байгуулагдахаас өмнө /2019 оноос өмнө/ ОХУ-аас хос дугуйг цөөн тоогоор худалдан авч, гадагшаа урсах валютыг нэмэгдүүлж байсан бол тус цех байгуулагдсанаар дээрх зардлыг дотооддоо үлдээж байна. Тухайлбал ОХУ-аас нэг хос дугуйг 2019 онд 12.8 сая гаруй төгрөгөөр худалдаж авч байж. Тэгвэл Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Хос дугуй угсрах цехдээ хос дугуйг олон төрлөөр ангилан угсарч, ашиглах боломжтой хуучин гол, зээрэнхийг ангилан ялгаж, угсран зардлыг 0.2-1.8 дахин бууруулсан байна.
Тус депогийнхон цаашид Хос дугуй угсрах цехийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлэн Монгол Улсад ачааны вагон эзэмшигч байгууллагуудын захиалгаар вагоны хос дугуйг шинэчлэн угсрахаар төлөвлөж байна. УБТЗ-ын хэмжээнд 14000 хос дугуй ашиглагдаж байгаагаас 5000-6000 хос дугуйг ойрын таван жилд сольж, шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын эзэмшиж байгаа 9500 гаруй вагоны 40000 орчим хос дугуйнд ашиглалтын хугацаа, техникийн байдлаас шалтгаалж элэгдэл, гэмтэл үүссэнийг шинэ зээрэнхийгээр сольж угсрах ажлыг зохион байгуулах гэнэ. Энэ ажлын эхлэл болгож УБТЗ ХНН, “Монголиан транс ложистик” ХХК-тай гэрээ байгуулж, тэдний 398 хос дугуйг угсарч өгчээ.
Өнгөрсөн хугацаанд цехийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд цех хамт олон депогийн инженер техникийн ажилтнуудтай хамтарч 30 гаруй нэр төрлийн бүтээлч ажлыг хийж гүйцэтгэснээ мөн энэ өдөр танилцууллаа. Тухайлбал, хэмжилт угсралт, тохируулгын зургаан шаблон, цэвэрлэгээ угсралтын дөрвөн багаж, өргөх зөөвөрлөх зургаан тэнжээ, гол зээрэнхий хураах зөөвөрлөх найман стенд тавиур, хөдөлмөр хөнгөвчлөх дөрвөн багаж хэрэгслийг хийжээ.
Вагончдыг шагнаж урамшууллаа
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Хос дугуйн цехэд 2000 дахь хос дугуйг амжилттай угсарсныг тохиолдуулан тухайн цехийг байгуулахад үйлсэд манлайлан ажиллаж, хос дугуй угсрах технологийг жигдрүүлж, тоног төхөөрөмжийн тохируулга, жигдрүүлэлтийг хийж гүйцэтгэсэн доорх нэр бүхий ажилтнуудыг Замын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
Тухайлбал, нэг сарын үндсэн цалинтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбат, Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр, мөн депогийн мастер С.Мөнх-Очир нарыг шагнаж урамшуулав. “Онц хөдөлгөөнчин” тэмдэг, 750 мянган төгрөгөөр Ачааны вагон засварын депогийн засварчин Т.Анхбаяр, электроник бригад С.Эрдэнэбаяр нарыг, “Хүндэт үнэмлэх” 500 мянган төгрөгөөр хэмжилтийн техникч Г.Ганчимэг, токарьчин Н.Даваадорж нарыг, 350 мянган төгрөгөөр электроник-хүлээн авагч А.Баттулга, токарьчин П.Есөнбаатар нарыг тус тус шагнаж урамшууллаа.