Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр, Баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ.
Тэрбээр "Уг төмөр замын суурь бүтэц, барилгын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг "Нарийнсухайтын төмөр зам" компанид олголоо. Шинээр барих төмөр зам нь Нарийнсухайтын бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг Хятад руу гаргах ач холбогдолтой.
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлж, 2023 оны аравдугаар сард ашиглалтад оруулна. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах гол төмөр замын урт 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км. Уг төмөр замыг хувийн хэвшил барьж, зургаан жил ашиглаад "МТЗ" ТӨХК-д 100 хувь үнэгүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.
Зүүн босоо төмөр зам буюу 1250 км Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг барихаар "Equipment Supply" компани шалгарсан. Тус компани концессын гэрээг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна" гэв.
Шинээр баригдах төмөр замуудын талаар ЗТХЯ-аас мэдээлэхдээ "Гашуунсухайт-Ганц модны мухар төмөр замын холболтын төмөр замыг барих, ТЭЗҮ-г боловсруулах тендерт БНХАУ-ын "Төмөр замын зураг төслийн II товчоо" компани шалгарсан. Богино хугацаанд зураг төслийг боловсруулж, энэ ондоо багтан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Ингэснээр Хятадын төмөр замтай Гашуунсухайтын төмөр замын хил холбох хэсгийг энэ жилдээ барьж эхэлнэ.
Хөөт-Бичигт-Зүүн хатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажил зургаадугаар сард эхэлнэ.
Эдгээр төмөр замууд баригдсанаар баруун, зүүн, төвийн гурван коридороор ОХУ-ыг Монгол Улсаар дайруулж БНХАУ-тай холбосон ажлууд эрчимжиж байна" гэв.
"Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын хил холболтын цэгээ Хятадын талтай тохироод протоколоо зурчихсан" хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байсан юм.