Нүүр Гэгээн анир Зүрх сэтгэлд аавтай минь ижилсэх Талын уул
Гэгээн анир

Зүрх сэтгэлд аавтай минь ижилсэх Талын уул

G.Press 1 жилийн өмнө 178 үзэлт 0 сэтгэгдэл

 

...Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн
Дууны хишигтэй Талын уул
Аргалын галтай нутгийн минь
Араг үүрсэн ижий уул аа...

 

Ойрд нутгийн тухай дуу чихэнд хадаастай, сонсоод л баймаар, биширч огшоод байх болж. Угтаалцайдам сумын унаган хүү, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйн зохиосон “Ижий шүтээн Талын уул” шүлэг сайхан аялгуутай болж, нутгийн ах дүү Б.Ганбаатар, Б.Сүрхийсайхан нар ивээн тэтгэж дүрсжүүлсэн нь олны талархлыг хүлээгээд буй. Уянгалаг хоолойтой залуу дуучин, манай Талын уулын бэр Ж.Сүрэнлхам дуулсан нь цаанаасаа л учралын ерөөл гэлтэй. Аав маань Талын уул тасагт ажиллах шаардлагатай болсноор намайг наймдугаар ангид орох жил манайх энд нүүдлэн суурьшсан ч төрж өссөн юм шиг тийм л дотно дулаахан. Хаа холоос ирээгүй ээ, сумын төвөөс тасагт ирж суурьшиж байгаа минь тэр. Ээж маань Угтаалцайдам сумын Борхужирын унаган хүүхэд. Харин аав Увс аймгийн Сагил сумынх. Орь залуу насандаа Угтаалын САА-д илгээлтээр ирж ажил амьдралын гараагаа эхэлж, таван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл болон ажиллаж амьдарсаар ид насандаа хорвоогоос буцсан даа аав минь. Анх Талын уул бригадад /бид урд тасаг гэж ярих дуртай/ ирэхэд тийм ч таатай байгаагүй ээ. Зөвхөн миний бодол. Учир нь гэрээсээ хол сумын төвд дотуур байранд амьдрах нь таалагдаагүй юм даг. Гэхдээ амархан дассан. Хагас бүтэн сайнд гэртээ харина. Ээжээрээ хэд хоног идэх боорцог бэлдүүлж аваад л бүтэн сайндаа Адъяа эсвэл Чинбат ахын “53” дээр суугаад дотуур байрандаа ирдэг сэн. Ихэвчлэн Адъяа ах биднийг сумын төв, тасаг хоёрын хооронд зөөдөг байв. Өвөл бүхээг тавьж, урт төмрөөр халаагуур хийж дулаахан зөөнө. Инээдтэй нь бид олуул сууж явдаг байсан болоод тэр үү замын донсолгоонд цүнх сав, гутлаа түлэх нь энүүхэнд. Анх манайх тасгийн аж ахуйн хашаанд барьсан гэрт нүүж орсон. Хачирхалтай нь гэрийн гадуур цагаан бүрээсийг хэн нэгэн авч одсон, аав минь гараа түлчихсэн гээд л нэлээд паянтай эхэлсэн болоод тэр үү тэрүүхэндээ манайх их л нүүдэллэсэн юм даг. Аж ахуйн хашаанаас Хамар давааны урд үзүүрт Буяа эгчийнхтэй айлсан өвөлжиж, дахин нүүж, Талын уултайгаа тун ойрхон газар хашаа, байшин шинээр барин суурьшиж билээ. Зундаа Талын уулынхаа зүүн хормойд гэр барин зусна. Эсвэл Арван гэртийн урдхан талд, дараа жилийн зун нь Өвөр-Асгатад гэхчилэн зуны гурван сарыг үднэ. Тасгийн айлууд ихэвчлэн иймэрхүү маягтай зусланд гарна. Ойрхон зуссан айлууд өдөр бүр ээлжлэн малаа хариулна. Тасгийн ойр орчмын ихэнх га талбайд улаанбуудай тариалдаг тул түүнийгээ хамгаалж байгаа нь тэр. Гэхдээ газар тариаланд “дайсан” мундахгүй. Тууврын малаас өгсүүлээд сумын малчдын үхэр, адуу талбайд орж сүйдэлж орхино. Оготно хүртэл хөеөлөөд хураачихна аа. Нэгэн жил оготно авхай нар тариалангийн талбайг нэлээд сүйтгэж сум байтугай улс даяар яригдаж билээ. Зөвхөн нэг нүхнээс тал шуудай буудай гарч ирсэн гээд бодохоор их шуурхай нөхөд байгаа биз. Үүнтэй аав, ээжээс минь өгсүүлээд тасгийнхан бүгд тэмцдэг байж билээ. Зуны дэлгэр цагт малаа ээлжлэн хариулж, оройн сэрүүнд гар бөмбөг тоглоцгоож, үдэш нь болдог тасгийн бүжиг тун чиг догь. “Мартын-8”-наар сэтгэлд хоногштол нийтээрээ баярлана. Ер нь л баяр бүрийг тасгаараа тэмдэглэнэ шүү дээ. Цагаан сар их өргөн болно оо. Бүх айлаараа орж шинэлцгээнэ. Ялангуяа, бага насны хүүхдүүдэд их зугаатай байдаг байж дээ. Миний бага дүүд тэр жилийн цагаан сараар нэг л айл үлдчихээд Хамар хэд давж билээ. Аав маань тасгийнхантай том их, бага гэхгүй найзалдаг сан. Тасгийн дарга Бат-Очир, Чинбат, Хавчуур, Даваацэрэн гуай гээд дурдвал зөндөө.

“Сайн эцгийн нэрийг хэд худалдаж иднэ” гэдэгчлэн би оюутан байхдаа аавынхаа нэрийг “барьж” байгаад л “Алтан тариа” гурилын үйлдвэрээс олон ч удаа будааны машинд суугаад үнэгүй харьдаг байж билээ. Аав Оросын алдартай зохиолчийн нэртэй. Хүмүүс анддаггүй байв. Хот хөдөөгүй л олон найзтай.

 

 

Ямартаа л намайг оюутан болоход УБИС-ийн Монгол хэлний тэнхмийн декан, хэд хэдэн багш нартай найзалчихсан, гэр орноор нь айлчилдаг болсон байв. Нэг удаа деканы нарийн бичиг “Танай аав аль сумын монгол хэл, уран зохиолын багш вэ” хэмээн надаас асууж инээдэм болж байхав. Юун багш, тэс ондоо агрономич мэргэжилтэй л дээ. Аав л намайг сэтгүүлч болгосон. Тухайн үеийн “Ардын эрх” /Өдрийн сонин/, тэгээд “Зууны мэдээ”, дараа нь “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллахад аав минь их л бахархаж билээ. “Үнэн” сонинд ажиллана гэдэг нь миний сайхан аавын хувьд их нэр төрийг хэрэг байж дээ. Бөөн баяр болж билээ. Айлын том охин намайг ажил албатай болгочихоод “буцсан” болохоор сэтгэл тайван байсан байх гэж бодогддог юм. Бор дарсанд дуртай ч маргааш нь тэрийгээ цайруулах санаатай буруу харж бүхэл өдөржин хэвтэнэ. Их гэмшинэ ээ. Аав минь их ажилсаг хүн байж билээ. Охидынхоо үсийг их сайхан самнана. Хоол маш сайхан хийнэ. Бид том болцгоож аав маань гэрийн ажлаас бүрэн чөлөөлөгдсөн дөө. Сэтгэл зүрхэнд ижилсэх аав, “Талын уул”-ынхаа тухай ярьж, бичих зүйл мөн ч их байна даа. Аав маань олон хүүтэй байхыг их хүсдэг байж дээ. Тэр хүсэл тань биелсэн. Та минь долоон ач, зээ хүүтэй. Бас болоогүй ээ найман хөөрхөн ач, зээ охидтой болсон. Таны өсгөж хүмүүжүүлсэн таван хүүхэд тань өнөр өтгөн айл болцгоож, сайхан аж төрцгөөж байна даа, аав минь.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.