-За Нямхүү, аятайхан гарсан нэг зургаа өгчих. Чамайг “Эгэл төмөр замчин” буландаа бичнэ ээ
-Зураг байхгүй ээ
-Яагаад байдаггүй юм бэ?
-Ер нь зураг бараг авахуулдаггүй шүү дээ
-Яагаад? Нас хорогдоно гэж айгаад байдаг юм уу?
-Үгүй л дээ /Мушийв/
-Ажлын байрандаа авхуулсан ганц ч зураг байхгүй юу, тэгээд?
-Байхгүй. Вагон үзэж явахдаа зураг даруулна гэж юу байхав дээ /Инээв/
Гудиггүй цөлх энэ эрийг Баяраагийн Нямхүү гэдэг. Сайншанд ТҮГ-т тасралтгүй 25 ажиллаж байгаа вагоны ахлах үзэгч тэрбээр өөрийгөө “Шандын уугуул” хэмээн ярих. Гурав дахь үеийн төмөр замчин. Дөрөв дэх үе нь болох Нямхүүгийн Нямцэцэг охин нь одоо Төмөр замын их сургуулийн замын гуравдугаар курсын оюутан. Нямхүүгийн нагац өвөө Самдаа гуай баруун аймгийн хүн. УБТЗ-ын томилолтоор Дохиолол холбооны ангийн Замын-Үүд дэх хэсэглэлд монтероор ажиллахаар ирээд энэ нутаг усанд шингэжээ. Нямхүүгийн аав Галсангийн Баяраа, ээж Самдаагийн Бямбасүрэн нар төмөр замын барилгын ангид насаа элээсэн ахмад төмөр замчид. Аав нь Төв аймгийн уугуул ч мөн л төмөр замын томилолтоор Сайншандад суурьшин, эхнэр авч үр хүүхдүүдээ энд төрүүлжээ. Энэ мэтчилэн манай төмөр замынхан уугуул нутгаасаа илүү суугуул нутагтаа ээнэгшин үлдсэн нь элбэг. Мөн төмөр замчдын хүүхдүүд төмөр замчин болж удам залгамжилдаг нь төрж өсөхөөсөө л дасал болсон өртөө вагонуудаа өөриймсөн өмчилж “манайх, минийх” гэх сэтгэлээр харж ирсэнтэй нь холбоотой байдаг болов уу.
2000 онд аравдугаар ангиа төгсөөд л шууд вагон зэхэгчээр ажилд орсон Нямхүү Сайншандын ТҮГ-аасаа өөр ажил алба сэлгэлгүй, мэргэжлээрээ ахиж дэвшсээр вагоны ахлах үзэгч болж, нэг л мэдэхэд 25 жилийг эндээ элээжээ. 2000 онд вагон үзэгчээр ажилд шалгаруулж авах зарын дагуу очсон долоон хүний нэг. Вагончдод дагалдуулан нэлээд явуулж ажлын дөртэй болгосныхоо дараа өнөө долоогоосоо дөрвийг нь вагон үзэгч болгож, үлдсэн гурвыг нь зэхэгчээр ажилд авсан байна. Хэдийгээр практик дадлаар ажилдаа мэргэшсэн ч ахмадуудын үгийг гээлгүй, алт шиг үнэлэн сонсож биширч явсны хүчинд хожим нь хэнд ч гологдохооргүй сүрхий вагон үзэгч болоод авчээ. Вагон зэхэгч гэдэг ажлын хамаг хар борыг үүрдэг хүндхэн алба. Вагоны ус, нүүрстэй холилдон хэсэг ноцолдсоны хүчинд тэсвэртэй, дайчин нэгэн болж төлөвшдөг. Зэхэгчээс ажлын гараагаа эхэлсэн ахлах үзэгчид цаанаа л нэг нүнжигтэй харагддагийн учир энэ. Төмөр замын хэмжээнд өрнөсөн, мэргэжлийн бус хүмүүстээ мэргэжил олгох заавар зөвлөмжийн дагуу Нямхүү 2017 онд аймгийнхаа МСҮТ-ийн вагон үзэгчийн ангид суралцан мэргэжлийн үнэмлэхээ гардахдаа хэдийнэ “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин, “Хүндэт төмөр замчин” тэмдгийн эзэн болчихоод байв.
Хоёр настай Нямхүүг Сайншандын төмөр замын “Хараацай” цэцэрлэгт ороход дуу хөгжмийн багш Дагиймаа гэх нүүр дүүрэн инээсэн ялдамхан багш угтан авчээ. Харин хожмоо Сайншанд ТҮГ-т вагон үзэгч болоход нь тэндэхийн Вагон ашиглалтын депод Дагиймаа багш нь мөн л гар тосон угтсан байна. Бээлийн чинээ хүү том залуу болж, бэлтгэсэн багын багш нь вагончин болчихоод дахин уулзсан нь энэ. Иргэний хамгаалалтын үзүүлэх сургуулилтын үеэр тусгайлан бэлтгэсэн нүхэн зоорь руу хүүхдүүдээ хөтлөн буухдаа эвгүй эрсдэлтэй нөхцөлд алхаж гишгэхийг нь хүртэл зааж зааварлаж явсан цэцэрлэгийн багш нь яг л өнөөх шаргуу шударгуу зангаараа вагон үзэгчийн ажил мэргэжлийн онцлогийг нэг нэгэнгүй зааж зөвлөн дагуулж хөтөлж явсныг Нямхүү өдгөө ч талархалтайгаар дурсдаг.
Ийм нэгэн эгэл төмөр замчин дорнын говийн уудам цээлд дуу аялан ажилдаа шамдсаар явна. “Нээрээ чамд сонинд гаргачих ганц ч зураг алга уу” гэхэд “Байвал өгөлгүй яахав дээ. Би зураг хөргөнд муу хүн. Жаахан байхдаа зургаа авахуулахаасаа айдаг ч байсан юмуу, багын зурган дээр хүртэл дандаа л амаа ангайгаад уйлчихсан зогсож байдаг юм” гэж яриад аяархан инээнэ билээ. Харин түүнийг сурвалжилсан сургаар хамт олон нь олзуурхан хөөрцөглөж, хэн нэгнийх нь гар утаснаас түүний ийм нэгэн зургийг олоод ирснийг эл бяцхан хөрөгтөө хавсаргав. Зураг даруулдаггүй даруухан ч сураг тодорхой ажилсаг, жинхэнэ эгэл боргилхон төмөр замчин гэвэл Баяраагийн Нямхүү бөлгөө.
Б.Занданхүү
