Нүүр Боловсрол “Зохистой хөдөлмөр тогтвортой хөгжлийн зорилт төмөр замд хэрхэн нутагшиж байна в...
Боловсрол

“Зохистой хөдөлмөр тогтвортой хөгжлийн зорилт төмөр замд хэрхэн нутагшиж байна вэ?”

G.Press 11 сарын өмнө 118 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард зохион байгуулсан “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025”-д МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг “Зохистой хөдөлмөр тогтвортой хөгжлийн зорилт төмөр замд хэрхэн нутагшиж байна вэ?” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ илтгэлийн товч агуулгыг уншигчдадаа хүргэе ээ.

 

НҮБ-аас дэвшүүлэн тавьсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын  нэг бол “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” асуудал юм.  Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хэнийг ч алагчилж болохгүй хэнийг ч хөгжлөөс үлдээж болохгүй гэсэн зарчимтай.

Төмөр замд зохистой хөдөлмөр бий болж чадсан уу, чадаагүй юу, юунд анхаарах ёстой вэ? Зохистой хөдөлмөр эрхлэлт нь нэгдүгээрт, цалин хөлс, хоёрдугаарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гуравдугаарт, нийгмийн хамгаалал, дөрөвдүгээрт, нийгмийн түншлэлээс бүрддэг байна.  

Өнөөдрийн байдлаар манай улсад нийтдээ 19 байгууллага төмөр замын үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны байдлаар төмөр замаар тээвэр явуулж байгаа таван компани, суурь бүтэц эзэмшиж байгаа зургаан компани байна. Төмөр замын салбарт 2024 оны байдлаар 17779 хүн ажиллаж байна. Тэдний 15590 нь УБТЗ-д,  550 нь MTЗ-д, 798 нь Тавантолгой төмөр замд, 447 нь МТЛ-д,  394 нь МТ лайнд ажиллаж байна.   

Өнөөдөр 2024 оны байдлаар улсын дундаж цалин 2 сая 672 мянган төгрөг байгаа бол төмөр замчдын дундаж цалин 3 сая 632 мянган төгрөг байна. Салбарын дундаж цалинг байгууллагуудаар нь задалж үзвэл, УБТЗ-ынх 3 сая 372 мянга, МТЗ-ынх 3 сая 500 мянга, Тавантолгой төмөр замынх  4 сая 557 мянга, МТЛ-ынх 2 сая 887 мянга, МТЛ-ынх нь 3 сая 713 мянган төгрөг тус тус байна.

2024 онд манай салбарын хэмжээнд 41 үйлдвэрлэлийн осол албан ёсоор бүртгэгдсэн. Үүний 16 осол нь бол төмөр замын салбарт гарсан байна.

Өнөөдөр төмөр замын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа 22 ажилтан байна. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооны энэ оны төлөвлөгөөнд төмөр замчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулахаар тусгасан. Үүгээр бид ямар асуудлыг шийдэх гээд байна вэ? гэхээр төмөр замд мэргэжлээс шалтгаалах өвчлөл ямар хэмжээнд байна, замчид, хөдөлгөөнчид, зүтгүүрийн машинч нар мэргэжлээс шалтгаалах ямар өвчинд өртөж байна уу зэрэг асуудлыг тодруулах юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын санд байдаггүй учраас тэднийг өвчилсөн тохиолдолд ихэвчлэн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гардаг. Гэтэл хөдөлгөөний бус ажилд шилжүүлье гэхээр таарч тохирох ажил олддоггүй. Ердийн группт гаръя гэхээр өвчнийх нь хувь хэмжээг тогтоож болдоггүй, төвөгтэй байдал үүсгэдэг. Үүнээс шалтгаалаад машинч нарын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай.

Өнгөрсөн жил таван ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөл рүү шилжүүлж чадсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд бүх зангилаа, байгууллагуудад шинэчлэгдсэн стандарт болон шинэ тушаалын талаар  сургалт хийсэн. Мөн нэршлийн зөрөөтэй нэлээн асуудлууд гарч байгаа. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс энэ жил Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08 дээр нэршил зөрж байгаа асуудлыг замын хэмжээнд цэгцлэхээр ажиллаж байна.

Нийгмийн хамгаалалтай холбоотой асуудал Төмөр замын тээврийн тухай хуулийн 47 дугаар зүйлд тэтгэмжтэй холбоотой заалтууд байгаа. УБТЗ болон МТЗ Хамтын гэрээтэй. Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьд хэлэлцээр эцэслэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан цаашдаа нийгмийн хамгааллын асуудлыг салбарын яамны түвшинд хэлэлцээрээр хэлэлцдэг байх ёстой гэж үзэж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эхний ээлжинд хамгийн бага түвшний баталгааг нь гаргаж өгнө. Харин тэр хүрсэн түвшингээс ААН байгууллагууд тарифын хэлэлцээрээсээ илүү нөхцөлүүдийг өөр өөрсдийнх нь хамтын гэрээгээр хэлэлцээд явах нөхцөлийг зайлшгүй гаргах шаардлагатай.

Хамтын хэлэлцээр яагаад бидэнд чухал вэ?  Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын 14 холбоо байна. Эдгээр холбоод салбар салбарынхаа яамтайгаа Хамтын хэлэлцээр байгуулж ажилладаг. Гэтэл Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо Зам тээврийн яамтай хэлэлцээргүй явж байна.

Уг нь Монгол Улс Төмөр замын тээврийн тухай хуультай уялдуулж суурь бодлогоо яамны түвшинд гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэдэг байх ёстой.

Үзэл баримтлалтай холбоотойгоор дараах дөрвөн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага байгаа. Нэгдүгээрт, ажил хөдөлмөрийн үнэлэмж шударга, зохистой байх ёстой. Цалингийн сүлжээг шинэ түвшинд зайлшгүй гаргах шаардлагатай. Өнөөдөр төмөр замын дотор мөрдөгдөж байгаа сүлжээнээс шалтгаалаад зарим төрлийн ажил үйлчилгээний бодит үнэлэмж буурч байна. Үүнийг яах вэ?

Хоёрдугаарт төмөр замын тээвэртэй шууд бус холбоотой эмч, багш, барилга, эрчим хүч, ус хангамжийн ажилтнуудын  хөдөлмөрийн үнэлэмж зах зээлийн зарчимд нийцэхгүй байна. Иймд эдгээр бүх ажлын байранд ахиж ажил байдлын дохионы зураг авалтуудаа хийгээд цалингийн шинэ сүлжээг гаргах ёстой. Ингэснээр тогтвортой ажиллах нөхцөл бололцоо бүрдэх учиртай.  

Хоёр дахь асуудал бол хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Энэ онд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгдэх жагсаалтыг баталж, үнэлгээ хийгдээд явна. Байгууллагууд үүнтэй холбогдуулан дунд болон өндөр эрсдэлтэй ажлын байран дахь эрсдэлийг хэрхэн бууруулах вэ? Шинэ стандарт, журмаар өндөр болон аюултай гэдэг нь тогтоогдож байгаа бол хөдөлмөрийн нөхцөл тогтоох журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдана. Үүнээс бусад бүх тохиолдолд тэр эрсдэл үүсгээд байгаа хүчин зүйлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.

Эрсдэлийг  бууруулах нэгдсэн ойлголт, мэдээлэл, мэдлэгтэй болгож, хамтарч ажиллах нь зайлшгүй асуудал юм. ХАБЭА-н асуудалд мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлыг цаашдаа өндөр түвшинд авч үзнэ. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 22 хүний тал нь Зүтгүүрийн аж ахуй, Замын аж ахуй, Барилга, Уул уурхайн албаных байна.  Иймд бид мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүдийг нарийн тогтоож, Эрүүл мэндийн сайд болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Гуравдугаарт, бид эвлэлдэн нэгдэх эрхээ хангуулах тухай асуудал. Бүх байгууллагууд Хамтын гэрээтэй болох ёстой. Өнөөдөр Тавантолгойн төмөр замын хамтын гэрээний асуудал эцэслэгдэж чадаагүй л байна. Шинээр үүсэж байгаа төмөр замуудын ажилтнуудад хамтын гэрээний тухай мэдлэг өгч, гэрээг хэлбэрэлтгүй мөрддөг байх тухай ойлголт өгөх хэрэгтэй.  Хамтын гэрээний тодорхой зүйл, заалт яг үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд үйлчилдэг байхад анхаарах хэрэгтэй байна. Тийм учраас цаашдаа бид энэ эвлэлдэн нэгдэх эрхүүдээ хамгаалах, хангуулах асуудал дээр бол нэлээн бодлогын өөрчлөлтүүд хийнэ.

Дөрөв дэх чухал зүйл бол салбарын хамтын хэлэлцээрийг байгуулах. Салбарын хамтын хэлэлцээр байгуулна гэдэг нь эхлээд тарифын хэлэлцээр буюу нийт төмөр замчдын хамгийн бага баталгаажих цалин хэд байх ёстой вэ гэдгийг тохиролцоход оршдог. Төмөр замын байгууллагууд боловсон хүчнээ татаж, хүний нөөцийн тогтвор суурьшлаа хангахын тулд өөр өөрсдийнхөө хамтын гэрээгээр цалингийн нөхцөлөө тогтоож, нийгмийн хамгаалын асуудлаа тохироод гэрээгээ байгуулдаг. Энэ бүх асуудлаа бид хамтын хэлэлцээртээ тусгаад өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулаад явах ёстой.

 

Г.Энхбаатар 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.