Дугаарын сурвалжилга

Зөв хүн

G.Press 3 жилийн өмнө 103 үзэлт 0 сэтгэгдэл

 

  • -Такие тяжелые грузы запрещены в купе . . .

  • Подумай, обо мне. Я живу в Монголии 21 лет....  Ахимаг насны Орос  эр,  галт тэрэгний үйлчлэгч, дарга бүсгүй  гурвын дунд ийм нэг  учирласан яриа болж буй нь  чихний хажуугаар өнгөрч  билээ. Олон жилийн өмнө дөө. Москва-Улаанбаатарын галт тэрэг төмөр замын вокзалаас  юу юугүй л хөдлөх гээд л.  Галт тэрэг ирж   буцаж, олны хөл үймэх цагаар бол  вокзал дээр таарах л зүйл.  Харин нар  буцах цаг болоод  ч тэр үү, салхины үзүүрт намрын  жихүүдэс төрөх ч тэнгэрт бүртийх ч үүлгүй. Цэв цэлмэгхэн тэнгэр шиг ийм  нэг, тийм нэг юуг ч юм өөрийн эрхгүй үгүйлмээр. Бас хаймаар ч юм шиг хий хоосон гэнэн бодол гэнэт  төрж билээ. Гэвч  энэ мөчийг мартахгүй, санаж үлдэх учир шалтгаан сэтгэлд  ургаж үлдсэн байж. Галт тэрэгний дарга тэр  бүсгүй бол Ганиагийн Дуламсүрэн байсан юм билээ л дээ.  Хожим танилцахад өнөөх Орос өвгөн санаанд бууж. Хамгийн түрүүнд түүний  тухай асуусан.

  • Өө, тийм тийм. Свердловск руу явж байсан Орос өвгөн. Ядруухан явсан, хөөрхий дөө. Эрдэнэтэд олон жил амьдарсан юм билээ.  Далаад оны үед Орхоны Орос цэргийн ангид байлдааны онгоцны нисгэгч байхдаа Монгол охинтой танилцаж, гэр бүл болоод  нутагтаа очилгүй Эрдэнэтэд үлдсэн гэнэ. УБҮ-т  токарьчнаар ажиллаж байгаад осолдсон юм билээ. Өрөөсөн гаргүй. Өрөвдмөөр. Эхнэр нь бурхан болж, 70 нас гарсан хойноо  дүү дээрээ очиж амьдрахаар  нутаг руугаа явж байсан нь тэр. 

  • Орос өвгөн хоёр шуудай ачаатай, томоо чемодантай явсан санагдах юм?

  •  Тэр хоёр шуудай чинь гагнуур, токарийн багаж.  Нуль төмөр. Их хүнд..  Өвгөний  Монгол Улсын төлөө зүтгэсэн залуу насыг нь бодоод  өрөвдсөн дөө.  26 настайдаа ирээд 75-тай нутаг руугаа нүүж яваа хүн шүү дээ.  Зам зуурт тав тухыг нь асууж өвгөнтэй уулзахад их баярланаа . Тээшинд ачааг нь өгсөн. Москвагаас наана буух байтал  хүн тоссонгүй. Цаашаа яваад эргэж ирэхэд эгчийнх нь хүү ирж, авсан гэж олон жилийгн өмнөх дурсамжийг сөхөцгөөв. Бүсгүйчүүд бид болсон хоно, энэ минь тэр минь гэж яваад буруудах ч,  хожим санахад  оносон л байдаг шүү дээ. . Ийм нэг  тохиол ч гэх үү, ямартай ч  бид  хоёрыг холбож орхисон сэжим үүсжээ. Заримд нь бол өчүүхэн санагдавч, хаа хамаагүй Орос өвгөний ачаа тээшийг хүргэж, өртөг төлбөрийг нь өөрөө төлж,  их ажлын заьсраар бөөцийлөн, утсаар ярьж сурагласаар ах дүүд нь халуун гарыг нь атгуулчихаж.   Энэ, зан зангараг л  Г.Дуламсүрэнтэй дахин уулзах шалтгааныг өдөөсөн байх. Саяхан бид дахин таарч, хэсэгхэн зуур ярьж зогслоо.  Ахыг нь танинаа,  манай төмөр замынхан Төмөр замын техникумыг төгссөн инженерийн дайтай техникчид гэж ярьдаг даа,тэдний л нэ Г.Лхамсүрэн гуай .  Жараад оны үед. Ганиа гуай  өөрөө Сайншандын ТҮГ-ын вагон  үзэгч. Эхнэр .... нь тослогч. Хүү Л.Лхамсүрэн нь шурган үзэгч. Эднийх 12 хүүхэдтэй. Хоёр багын нэг нь Г.Дуламсүрэн.

  • Гэр бүлийнхээ тухай яриач, танайхан вагоны мэргэжлийн  л хүмүүс байх?

  •  Тэгж хэлж болно доо.   Г. Лхамсүрэн  ах маань  Төмөр  замын техникумын вагоны ангийг төгсөөд Сайншандад хуваарилагдсан.  Тэр жил манайх Сүхбаатар аймгаас   Сайншандад  нүүж ирж, аав, ээж, ах  үзэгчээр гурвуулаа ажилд орсон юм гэнэлээ. Гурван жилийн дараа ахыг дагаад    67 онд Улаанбаатарт ирж, аав ах хоёр Улаанбаатар  ТҮГ-т ажилласан.  Аав, ах хоёр төмөр замаа  магтсаар л  бидэнд вагоны мэргэжлээ өвлүүлсэн.  Манай нөхөр  вагоны хүн шүү дээ. Галт тэрэгний дарга Ц.Түмэнбаяр. Харин хоёр хүү маань  аав, ээжийнхээ завгүй амьдралаас төвөгшөөсөн үү, тэс өөр мэргэжил сонгосон.

  • -Айлын отгон охидуудын  ямар зан байдаг вэ, өөрт чинь?

  •  Тийм эрх танхи, эсвэл зожиг юм байхгүй ээ. Гэхдээ яаж зүгээр байхав.  Ах, эгчдээ эрхлэх туних юм байх шүү дээ. Ажилтай, анхиатай яв гэж аав, ээждээ л зэмлүүлдэг сэн. Олуулаа өссөн болоод тэр юм уу,   харин ч  найзархаг. Хүнд хэтэрхий итгэж, өөрөө гэмшиж хоцрох нь их ийм л хүн. Гэхдээ мэргэжилдээ хайртай, төмөр замчин мэргэжлээрээ бахархдаг. Дуртай ажил минь.

  •  Яг  хэдийд Энэ миний хийх ёстой ажил яг мөн” гэж мэдэрдэг вэ?

  •  Амьдралын хаанаас ч хүн гэрэл, гэгээ баяслыг олж хардаг. Хүсвэл шүү дээ.  Замд гарах  миний хувьд сайхан. Дүрэмт хувцсаа өмсөөд гарахад хийморь сэргэх шиг л болно. Нэг цуваанд 20-70 хүнтэй бригад ажиллана шүү дээ. Тэднээс гадна зорчигчид. Анх галт тэрэгний дарга болоод 70 хүнтэй бригадтай байв. Одоо Сайншандын чиглэлд ажиллаж байна. 20 хүнтэй.  Хүний олон цөөндөө биш л дээ, харин атгасан гар шиг байж л бригадын бидний ажил  явдаг. Тийм нэг таагүй, эвгүй  зантай хүн андашгүй.  Ялимгүй  зүйлийг өөгшүүлэх, олныг турхирах, үйлмүүлэх гээд амаргүй . Хаалгаа тас няс хийлгээд байх хэнд таатай байх билээ. Хамгийн түрүүнд бие биеэ хүндлэхийг, нэгийгээ ажилд гарсан хойно ирээд амрах орыг нь засчих дайны сэтгэлтэй бай л гэж энэ залуучуудад захьдаг юм. Вагон бол бидний хоёр  дахь гэр. УБТЗ-д 37 жил, галт тэрэгний даргаар 22 жил ажиллаж байна хэмээв. Түүний бригадад  дөнгөж сургуулиа төгссөн охин үлчлэгчээ иржээ. Гал түлэх бүү хэл цай чанасан болов уу гэмээр. Хиртэй гар хүргэмгүй жаахан охин ирсэн гэдэг. Ажил мэдэхгүй, ааш гэж бас амаргүй. Ийм нэг  нөхөрийг хажуугаасаа салгалгүй явж жил орчим болж. Нэг удаа  Замын-Үүд  рүү хөдлөх гэж байтал өнөөх охин жигтэйхэн баясгалантай, “Аав ээж хоёр тантай уулзана” гэсээр ирж л дээ. Аав, ээж нь “Охиныг минь ажилд сургаж өглөө. Ганц юм, хэнз юм гэж эрхлүүлсэн буруутай хүмүүс шүү, бид хоёр. Бид хоёроос хойш яана даа гэж зовдог байсан, одоо  охин минь алзахгүй боллоо” гэж. Энэ үг  Дуламсүрэнд “Зөв явж байгаа юм байна даа, би “гэсэн бодол төрж, нэг их баярласан гэдэг. Хүн нээрэн, сонин шүү. Ганцхан үгэнд сэргэдэг, хүч ордог, сэтгэл тайвширдаг "амьтан". Г.Дуламсүрэнг хамт олон нь “Дуяа дарга” гэнэ. Энэ нэрэндээ ч одоо дасаж дээ. Харин хүний олон охид,  айл  гэрийн эзэгтэй, хайртай бүсгүйчүүдийг нь  аян замд “дааж” яваа хүнийхээ хувьд тэднийгээ даарчихвий, хөрчихвий, гэмтчихвий  гэж санаа зовох энүүхэнд.  Наад зах нь “Бүсгүй хүн хоёр ээлжийн солих хувцастай явж бай” гэх захиас нь  бичигдээгүй хууль мэт болж хэвшсэн гэдэг юм.  Хүмүүний амьдралын гэрэл сүүдрийн тохироо, зохирлын дундуур туучжээ явахад сэргэх, гундах цаг бишгүйдээ л таарна.  Гэвч  саараасаа сайн нь, зөв нь олон юм даа. Амьдрал баян гэдгийн учир энэ байх.

 

И.НАРАНЧИМЭГ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.