Говь талын зэрэглээг зүсэн, зээрийн сүрэгтэй уралдах мэт галт тэрэг салхи татуулан давхисаар ирэхэд зөрлөгийн хэдхэн байшингаас хүүхдүүд гүйлдэн гарч жижүүрийн ойролцоо эгнэн зогсоод сониучирхана. Өглөөнөөс хойш тэнгэрийн зүүнтээ наалдсан юм уу гэмээр удаан саатсан том улаан наранд нозоорсон талыг сэрээж морьтой, явган хүмүүс галт тэргээр ирэгсдийг тосож, буцахыг нь үдэн дуу шуугиан болцгоов. Өглөөхөн ээлжээс буусан жижүүр Д.Батсуурь энэ байдлыг гэрийнхээ гаднаас харж зогсонгоо “Хуягаа, ээжийн хүү замчдад цай хүргээд өг” хэмээн дуудахад том, жижиг нийлсэн гурав дөрвөн хүүхэд чавхадсаар ирэв. Таван литрийн бидонтой цай, ууттай боорцог, өрөм тосыг Д.Батсуурь гэх дөч эргэм насны бүсгүй хүүдээ бариулан “Алдаж асгав, болгоомжтой, зөөлөн яваарай. Хамгаалалттай зурвас руу орчихов оо” гэж анхааруулав. Хуягаа дүү нараа дагуулан ээжийнхээ зараалаар зөрлөгөөс хол зам дээр ажиллаж буй хэсгийн хэдэн замчид руу үе үе ийнхүү явдаг юм. Аав Г.Батсайхан нь мөн зөрлөгийн дарга. Төмөр замчин гэр бүлд багаасаа зөрлөг дамжин өсөж буй болохоор тэр “Том болоод төмөр замчин болно доо” гэж бодно. Чойр руу сургуульдаа явж, амралтын өдрүүдээр аав, ээждээ туслан малын хошуу эргүүлж, замчдад, эсвэл ээлжинд гарч буй шинэ залуу жижүүрүүдэд цай зөөх нь түүний гол ажил.
Энэ бол 1990-ээд оны дунд үеэр төмөр замын зөрлөгт хүүхэд насаа өнгөрүүлсэн Замын 2022 оны мэргэжлийн аварга, Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний диспетчер Б.Очирхуягийн бага насны дурсамж. Багануур өртөөний орлогч даргаар аав нь ажиллаж байхад буюу1989 онд эхээс мэндэлсэн цагаасаа хойш Лүн, Оорцог-Энгэр, Наран-Элгэн зөрлөгүүдэд өсөж торнисон. Түүнтэй ярилцахаар ажил дээр нь очиход уриалгахан хүлээж авсан юм. “Би удам дамжсан төмөр замчин гэдгээрээ бахархдаг. Аав маань Гүнгалуутай зөрлөгийн дарга, Багануур өртөөний орлогч дарга, Наран-Элгэн зөрлөгийн жижүүр, дарга, Оорцог-Энгэр, Лүн зөрлөгийн дарга байсан. Тэгээд Галт тэрэгний хөдөлгөөний хэсгийн байцаагчаар нэг хэсэг ажиллаад Лүн зөрлөгийн жижүүрээс тэтгэвэртээ гарсан. Ээж Чойр өртөөнд товарын кассир, мэдээлэгч, мөн өртөө, зөрлөгүүдийн жижүүр, мэдээлэгчээр ажиллаж байсан. Зөрлөгт үе үехэн ганц бие залуус ирж ажилд орно. Тэднийг ээлжид гарахад ээж маань цай, хоол хийгээд надаар хүргүүлдэг байлаа. Ганц бие болохоор хариад унд ууж чадахгүй шүү дээ. Одоо бодоход ээж минь залуучуудаа өөрийн хүүхэд шигээ л хандан, асарч тойлдог байж. Манайх ам бүл зургуулаа. Гэвч үдийн цайг өртөөний замчид, холбооны механикч, жижүүрүүд гээд бөөнөөрөө ууна, сайхан шүү.Би тийм л халуун дулаан уур амьсгал, хамтын хүч, хайр халамж дунд өссөн дөө. Дунд сургуулиа төгсөөд төмөр замын МСҮТ-д сураад 2008 оноос Чойр өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд туслах жижүүр, жижүүрээр ажиллаж байгаад 2013 онд энэ хэлтэстээ галт тэрэгний хөдөлгөөний диспетчер болсноор арав дахь жилдээ ажиллаж байна. Ер нь, төмөр замчин хүн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, өндөр хариуцлагатай ажиллах ёстойг багаасаа л мэдэрч өссөн. Биднийг томчууд “Хамаагүй шүгэл дуугаргаж болохгүй, тэр бол төмөр замын дуут дохио шүү” гэнэ.Ээлжээс буусан хүн сайн унтаж амрах ёстой учир аав, ээждээ саад болохгүйг хичээнэ. Оюутан байхдаа дадлагаа зөрлөгт очиж аав ээжийнхээ гар дээр хийсэн минь үнэхээр сайхан. Миний ажлын талбар дахь анхны багш нар минь юм даа” хэмээн хуучлав.Хүний амьдралд бахархмаар зүйл олон тохиолддог.Б.Очирхуягийн хувьд диспетчер болоод аав, дүү хоёртойгоо ээлж таарах тохиолдол олон байснаа бахархан дурссан юм. Ах нь багшийн мэргэжил эзэмшсэн бол хоёр ихэр охин дүү Б.Мөнхдолгор нь эмчийн мэргэжил эзэмшиж, одоо төмөр замын Төв эмнэлэгт лаборантаар ажилладаг бол Б.Мөнхдолжин нь Чойр өртөөний жижүүр гэнэ. “Аав тэтгэвэртээ гараагүй зөрлөгийн жижүүр байхад нь би диспетчер болсон. Зарим үед аав, дүү бид гурав ээлж таарна. Тэгээд манайхан намайг “Одоо аавыгаа загна, арай зөөлөн яриад байна”, “Одоо дүүгээ загна” гэж явуулцгаагаад л. Хааяа дүүдээ ажлын шаардлага тавьж, зандрангуй үг хэлбэл “Болиоч чи, хүүхэд загнаад” гэцгээнэ /инээв/. Ажил дээр аав, хүү гэхгүй. Аав маань ажлаа ягштал гүйцэтгэж, харилцуурын цаанаас “Диспетчерээ” л гэнэ. Би л “Ааваа” гэж дуудах шахна /инээв/. Одоо бодоход сайхан дурсамж юм даа”гээд инээлээ. Дүү Б.Мөнхдолжин нь 2021 онд өртөөний, 2022 онд зангилааны аварга жижүүр болсон байна. Монголчууд “Сайн хүний үр, удамт гүүний унага” гэж ярьдаг даа. Төрсөн ах дүү хоёр нэг нь зангилааны, нөгөө нь Замын мэргэжлийн аварга болсон нь үнэхээр бахархал юм.
Тэрбээр, “Анх ажилд орсон Чойр өртөөнд ч, энд ч сайн хамт олонтой ажиллаж байна. Хамт олон сайн байхад ажил хийх урамтай байдаг. Диспетчер Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх өртөө зөрлөгүүдэд ачаатай хэчнээн вагон хааш, хаашаа явахаар зогсож байгаа, Наушки болон Эрээнээс ачаа авах, өгөх, мөн уурхайнуудынхоногийн хангалт, маргаашийн ачилт зэргийг алсаас төлөвлөн гүйцэтгэж, дээрээс нь харж байгаа юм шиг л мэдэж байх ёстой. УБТЗ-ын ачаа тээврийн үзүүлэлт замчин, холбоочин, эрчим хүчнийхэн, хөдөлгөөнчид гээд бүгдийнх нь хамтын хичээл зүтгэлээр биелдэг. Бид хэрхэн галт тэрэгний хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулж, богино хугацаанд их ажил амжуулах вэ, зардлыг хэрхэн бууруулан үр ашгийг нэмэгдүүлэх вэ гэж л бодож ажилладаг. Хариуцлага алдаж болохгүй. Нэг жижиг алдаа гаргахад цаана нь нөхөж баршгүй эдийн засгийн хохирол, осол сүйрэл гарч болзошгүй учир бид алдах эрхгүй. Анх диспетчер болоод мэдэхгүй будилах, шантрах үе гардаг л байсан. Тэр бүрт ах нар заана, заримдаа загнуулах ч үе гарна. Чойр өртөөнд анх жижүүр Д.Өнөрцэцэгийг дагалдаж байсан. Мөн жижүүр М.Өсөхбаяр, Ч.Болормаа нараас маш их суралцсан. Диспетчер дээр С.Болдбаатар гэж мундаг хүнийг дагалдан шавь нь болж байлаа. Ер нь, ээлжинд гарахад М.Батчулуун, М.Анхбилэг, Б.Баасансүрэн, Ш.Даваажав, МУ-ын гавьят тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гээд ах нар бүгд л зааж өгдөг.Нэг ижил ажил хийж буй хэр нь хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай долоон ахлах диспетчер бүгд өөрийн гэсэн арга барилтай.Эд нарынхаа ачаар өдий зэрэгт хүрч, Замын мэргэжлийн аварга боллоо. Хамт ажиллаж буй залуучуудтайгаа ч маш сайн ойлголцдог. МСҮТ-ийн ангийн Ө.Төрмөнх, арван жилийн ангийн Д.Мөнхтөр нартайгаа нэг хэлтэст ажиллаж байна. Би анх юугаа ч мэдэхгүй хүн орж ирж байсан бол одоо Д.Наранмэнд, Н.Анхбаяр гээд хоёр шавьтай болсон /инээв/. Цаг хугацаа ч амархан юм даа”гэснээ хамт олноо тойруулан харав. Захиран хуваарилах хэлтэст энд тэнгүй л утас хангинаж, бүгд харилцуураар хэн нэгэнтэй ямар нэгэн зүйл ярин галт тэрэгний хөдөлгөөнийг удирдаж,зааварчилгаа өгч, бид хоёрыг хэн нь ч анхаарах сөхөөгүй ажээ. Тэднийг хэсэг ажиглаж суусан Б.Очирхуяг “Та харж байгаа биз. Бид амсхийх ч завгүй ажилладаг юм. Хүн л юм хойно хааяа бухимдах үе гарна. Олон хүнтэй харилцаж, галт тэрэгний хөдөлгөөнийг түргэн шуурхай зохицуулах нь бидний гол үүрэг. Жижүүрүүдийн хэнтэй нь ямар арга барилаар ажиллахад ажил хурдан бүтдэг вэ гэдгийг ч одоо мэддэг болж дээ. Харин шинэ залуус л үг даахгүй, жаахан шахахаар шантарчих гээд байх болж. Тиймээс аль болох аргадаж, нэг бүрчлэн зааж өгчажиллах юм”гэв. Б.Очирхуяг эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Эхнэр А.Батчимэг нь мөн төмөр замчин гэр бүлд төрж өссөн байна. Анх Лүн зөрлөгт жижүүр, Чойр өртөөнд тасалбарын нярав, Амгалан өртөөнд ачаа вагон хүлээлцэгч зэрэг ажил хийж байгаад одоо хувиараа ажил эрхэлж буй аж.
Ийнхүү удам дамжсан төмөр замчин, Замын мэргэжлийн аварга залуутай цөөн хором ярилцахад халуун дулаан, хүнлэг сэтгэл нь илхэн агаад залуу хүн гэхээргүй хэдийнээ намба суун төлөвшжээ. Тэрбээр, ярианыхаа төгсгөлд “Сүүлийн үеийн залуустаа захихад хийж буй ажлаа хүнийх биш, миний амьдралын баталгаа гэж бодож хий. Ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь, төмөр замчин хүний ажил зөвхөн нэг хүнийх байдаггүй. Дараагийн ээлжид ажлаа маш сайн төлөвлөн хүлээлгэж өгч байх нь чухал. Тэгж байж л бидний ажилд амжилт гарна. Бүгд хоорондоо уялдаа холбоотой гэдгийг сайн санах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн юм.
М.НАРАНБОЛД
