Замын даргын 2018 оны намрын үзлэгээр хойд хэсэглэлд явж байхад Эрхэт зөрлөгийн даргаар нүд хөмсөг болсон, дүүхэлзсэн өндөр охин томилогдсон байлаа. Намар оройн цагаар зэлүүд нэгэн зөрлөгт залуухан бүсгүй байсан нь цэцэг шиг санагдсаныг нуух юун. Дараа жилийнх нь үзлэгээр явахад өнөө бүсгүй Бэрх зөрлөгийн даргаар томилогдсон байв. Томилогдсон зөрлөгтөө хэдийнээ байр сууриа олчихсон, үзлэгийн комисст ажлаа танилцуулан дүүхэлзтэл алхаж явах түүнийг Э.Жаргал гэнэ. Саяхан Зүүнхараа өртөөнд очиход ерөнхий инженер Х.Алтанхүү туслах жижүүрийн дулаацуулах байр барьснаа үзүүлэхээр намайг дагуулан гарсан юм. Гэтэл бидний урдхан талд дулаацах байрны зүг өндөр гуалиг бүсгүй алхсаар өнөөх жижиг байшинд орчихлоо. Араас нь явсаар бид орвол “Зөрлөгийн цэцэг” сууж байх юм. Учрыг нь асуувал тулгуур өртөөндөө туслах жижүүрээр ирсэн гэнэ. Э.Жаргал Мандал сумын унаган хүүхэд тул аав /Ж.Эрдэнэ/ ээж Ш.Бямбасүрэн/, эмээ өвөө, үндсэн гэр орон, хань ижлээ бараадан ирсэн байна. Түүнтэй цөөн хором хөөрөлдвөл Зүүнхараа буюу Мандал суманд дунд сургуулиа 2011 онд дүүргээд ТЗДС-д элсэн суралцаж, 2015 онд төгсөн нутагтаа очиж тулгуур өртөөний дарга Ц.Мягмарсүрэнд ажилд орох өргөдлөө гардуулжээ. Гэвч сул орон тоогүйн улмаас хэсэг хугацаанд ажилгүй байтал зангилааны дарга тэтгэвэртээ гарч, оронд нь даргаар Т.Үржин томилогдсон байна. Тиймээс Э.Жаргал залуу даргад учир байдлаа хэлтэл вагон бичигч оператороор ажилд авснаар түүний төмөр замчны амьдрал эхэлсэн гэнэ. “Би хэсэглэлийнхээ бараг бүх өртөө, зөрлөгийг дамжсан. Үнэгт зөрлөг, Баруунхараа өртөөнд жижүүр, Эрхэт, Бэрх зөрлөгийн даргаар ажилласан. Харин тулгуур өртөөндөө 2022 онд вагон бичигч оператороор эргэж ирсэн. Өнгөрсөн хавраас туслах жижүүрээр ажиллаж байна. Уг нь зөрлөгт ажиллах залуу хүний хувьд сайхан л даа. Гэвч гэр бүл, үр хүүхэдтэй болохоор төв газар бараадахаас өөр аргагүй болдог юм байна. Нөхөр маань Зүүнхараа солилцох тасагт машинч. Манай хүү одоо гурван настай. Төмөр замын цэцэрлэгт явуулж байгаа. Хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд сэтгэл тайван ажлаа хийх нь сайхан юм. Цэцэрлэгийн багш нартаа л маш их талархдаг даа” гээд инээв. Мөн “Би өндөр болохоор бусдаас их содон харагддаг шиг билээ. Хүмүүс таарахаараа “Чи чинь тэнд байсан биз дээ” гэж асуудаг. Дохионд зогсоход машинч нар ч их анзаардаг гэсэн. Нөхөртэйгөө би зөрлөгт байхдаа л танилцсан. Төмөр замчид нэгийгээ хараад танихгүй ч станцаар ярьсаар заримтай нь дуу хоолойгоор нь танил болчихдог шүү дээ. Бид хоёр 2019 онд зурмагийн дүнгийн хурал дээр анх уулзаж, тэр цагаас хойш дотноссон. Улмаар амьдралаа холбож, сайхан амьдарч байна” гэв. Э.Жаргал вагон бичигч оператор, туслах жижүүр, жижүүр, өртөө зөрлөгийн дарга... гээд бүхий л ажлыг хийж үзэж буй бүсгүй. Төмөр замчид ажлыг ингэж багаас нь хийж сурах нь бичигдээгүй хууль гэлтэй. Харин сүүлийн үед зарим залуус уг “хууль”-ийг зөрчин албан тушаалын зүг тэмүүлдэг бол Э.Жаргал тийм биш. Тэр хэзээ ч ажлыг голж, шилж байгаагүйг өртөөний удирдлагууд нь онцолсон юм. Зөрлөгийн амьдралынхаа талаар “Галлагаатай сууцанд амьдрахад залуу охидод хүндрэл их л гардаг. Пийшин галлахаасаа хөөлөх нь бүр ч амаргүй. Гэхдээ зөрлөгийнхөн нэг нэгэндээ туслаад хамаг ажлынхаа ард гардаг нь сайхан. Өвдөж зовсон нэгэндээ тусална, баяр баяслыг нь хуваалцна. Төв газарт бол олон хүнтэй учраас тийм дотно, цул харилцаа байхгүй юм шиг санагддаг. Одоо энд туслах жижүүрийн ажлыг хийж үзэхэд хүндрэлтэй, шийдвэрлэмээр асуудал зөндөө л байдаг юм байна. Ачаа вагон хүлээлцэгчийн ажлыг хүнд нөхцөлд оруулахаар судалж буй юм билээ. Үүнтэй адилхан манай өртөөний туслах жижүүрийн ажлыг хүнд нөхцөлд оруулах талаас нь судалж үзээсэй гэж боддог. Туслах жижүүрээр ихэвчлэн охид, дандаа л зам паркад ажилладаг. Суурин жижүүр бол өөр шүү дээ. Харин гадаа халуунд халж, хүйтэнд даарна. Өртөөнд ирж буй галт тэрэгний бичиг баримтыг тулгана, машинчид анхаарамж олгоно, бүх ивүүрийг хариуцна гээд ажил их. Нэг ивүүр долоо орчим кг байдаг гэдэг. Зуун вагонтой бол 10 ивүүр тавих шаардлага гарна. Бүх ажил цаг хугацаатай. Эмэгтэй хүнд амаргүй л ажил. Парк дээр урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг ирэхэд маш хол алхдаг юм. Тэгээд дараагийн галт тэргийг хүлээгээд гадаа суух хэцүү. Буцаж өртөөнд ирнэ, нааш цааш их явж хугацаа алддаг учраас дулаацах байртай болгож, ажлын байрны нөхцөлийг сайжруулсанд баяртай байгаа. Эндээ компьютер тоног төхөөрөмж тавьж өгнө гэсэн. Тэгвэл бүр амар болно” гэлээ. Түүний үеийн бүсгүйчүүл ярилцлага авах гэхээр ихэнх нь ичингүйрч, асуултад цөөн үгээр хариулах нь бий. Харин Э.Жаргал бол цөөнгүй жил шат шатны ажил хийгээд үзчихсэн, зөрлөгийн дарга байхдаа Замын удирдлага, байцаагч нарт ажлаа тайлагнаж, хариуцлага үүрээд сурсан хүний хувьд нээлттэй ярилцах аж. “Жилээс жилд ажлын эрчимжилт улам нэмэгдэж байна. Манай Зүүнхараа өртөө онцлогтой. Тэгш чиглэлийн транзит чингэлгээс бусад бүх галт тэрэг энд ирж жингийн хугарал хийдэг. Мөн Ачааны вагон засварын депо энд байдаг учир засварт ирж байгаа, гараад явж буй бүх вагоныг залгаж, салгадаг. Ер нь, ажиллагаа ихтэй” хэмээн ярив. Түүний хувьд залуучуудаа манлайлан олон нийтийн ажилд их оролцдог аж. Спорт, урлагийн тэмцээнд ер хойш сууж үзээгүй гэх. Хэсэглэлийнхээ хэмжээнд болж буй урлагийн наадамд муугүй дуулчихна. Тиймээс хамт олон нь “Манай дуучин” гэх нь бий. Ажилд ороод удаагүй байхад нь Зүүнхараа зангилааны хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Тэргүүний мэдлэгтэн” өргөмжлөлөөр шагнуулсан нь түүнд ажиллах эрч хүч нэмж, “жигүүр” ургуулсан байна. Тэрбээр, “Залуучууд маань зорьж сонгосон мэргэжлийнхээ үр шимийг нь үзэх хэрэгтэй. Эхний ганц хоёр жилдээ амаргүй л байдаг. Гэвч ажлаа ойлгоод, гартаа оруулаад ирэхээр гайгүй болчихдог юм. Тиймээс залуу төмөр замчдаа юуны туханд хүрэлгүй битгий шантраарай гэж захья. Замын захиргаанаас төмөр замчдынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэх талд цалин, урамшууллын системийг нэлээд шинэчиллээ. Говийн нэмэгдэл ч гэж өгдөг юм билээ. Харин хүйтний болон шөнийн нэмэгдэлд анхаараасай гэж боддог. Миний хувьд энэ сард тасралтгүй ажиллаад хүйтний нэмэгдэл 3667 төгрөг авсан. Маш бага байгаа биз. Тиймээс хүйтний нэмэгдлийг нэмээсэй” хэмээн учирлав. Ийнхүү ярилцаж суутал Зүүнхараа өртөөнд ачааны галт тэрэг дуут дохио хангинуулсаар ирж зогслоо. Энэ үед Э.Жаргал “Ажил маань ирлээ дээ. Харин та нийт төмөр замчдадаа шинэ жилийн мэнд дэвшүүлж буйг минь дамжуулаад өгөөрэй” гэж инээмсэглэсээр малгай бээлийгээ өмсөж, баримт бичгээ барьсаар яаран гарлаа.
М.Наранболд
