Нүүр Дугаарын сурвалжилга Зөрлөгийн  бүжигчин
Дугаарын сурвалжилга

Зөрлөгийн  бүжигчин

G.Press 2 жилийн өмнө 65 үзэлт 0 сэтгэгдэл

 

         

    Үзвэрийн танхимд үзэгчид алга нижигнүүлэн ташихтай зэрэгцэн тайзны хөшиг алгуурхнаар нээгдэхүй тал бүрээс гэрэл цэлсхийн асав. Төдөлгүй тайзнаа үндэсний хувцастай шавилхан охин нисэх мэт гүйн гарч ирээд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин МУГЖ А.Ядамсүрэнгийн дэглэсэн “Үүлэн бор”-ыг бүжиглэж эхэллээ. Түүний хөдөлгөөн бүрийг ажвал хөл нь сайвар жороо, гар нь хуурын татлага, хуруу нь дарь эхийн мутар, бие нь усны долгио мэт уран яруу ажээ. Энэ агшнаа танхимд хөгжмийн аялгуунаас өөр анир чимээгүй, бүжигчин охины уран яруу бүжгийн хэмнэл танхимыг тэр аяар нь ховсдох мэт болов. Бүжиглэж эхлэхээс дуусан дуустал хөдөлгөөн бүрийг нь алдалгүй ажиглаж, бишрэн байсан үзэгчид түүнийг ёслоод тайзны араар гүйн орсон ч алга ташсаар байлаа. Хэний ч хайрыг татаж, үзэгчдийн өхөөрдөл дунд эргэлдэн бүжих түүнийг Я.Болорсувд гэнэ. Тэрбээр, Нийслэлийн 44 дүгээр дунд сургуулийн сурагч байхаасаа урлагийн үзлэг бүрд хамтлагтаа гоцлон бүжиглэж байсан тул авьяас сонирхолдоо хөтлөгдөн энэхүү том чуулгын алтан босгоор аав А.Ядамсүрэнгийнхээ нөмөр дор алхан орж ирсэн нь энэ юм. Дөнгөж арван долоон настай охиныг чуулгынхан ч цэцэрлэгт байхаас нь таних тул зөвлөж, сургаж, урамшуулна. Наймдугаар ангиа төгсөнгүүтээ Барилгын техник мэргэжлийн сургуульд элссэн ч нэг жил сураад хүсэж дурласан урлагийн байгууллагадаа орсондоо  сэтгэл тэнэгэр. Аавтайгаа цуг хамтлагаараа “Цэргийн чуулбар”, “Цоглог залуус” зэрэг олон бүжиг бүжиглэж, аав нь ч цаг үргэлж охиндоо зааж зөвлөнө.

Энэ бол Үнэгт зөрлөгийн өнөөгийн тасалбарын нярав-үйлчлэгч Я.Болорсувдын бага залуу насны дүр зураг юм. Тэрбээр, 21 нас хүртлээ урлагийн тайзнаа олны алга ташилт дунд амьдарсан. Гэвч бие эрүүл мэндийн байдал сайнгүйн дээр ардчилсан хөдөлгөөний их давлагаа, зах зээлийн “нүдгүй шуурга” дунд нэг л мэдэхэд ажилгүй болж гэртээ суух болжээ.  Энэ үед Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгт ээж Ч.Энхтуяа нь туслах багшаар ажиллаж байсан тул охиноо Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгт туслах багшаар оруулсан байна. Я.Болорсувд “Би цэцэрлэгт удаан ажиллаагүй ээ. 1997 онд хүүгээ төрүүлээд л гарсан. Тэгээд сүүлд нь 2002 онд Зүүнхараа хэсэглэлийн Үнэгт зөрлөгт үйлчлэгчээр ажилд орж байлаа. 2006 оноос эндээ тасалбарын нярав болсон. Миний нөхөр төмөр замын ЭХУХ-ийн ангид монтёроор ажилладаг М.Ганцогт гэж хүн бий. Бид хоёр эндээ олон ажил ажиллаж, амьдарч байна. Хүү маань одоо 27 нас хүрлээ. Бэр удахгүй төрж бид хоёрыг эмээ өвөө болгох нь. Ачаа үзэх гээд л яарч байна даа” гээд инээв.

Бага залуудаа бүжигт дурлаж, урлагийн алтан тайзнаа “нисэж”, “Өөрийн замаа оллоо” хэмээн баярлаж явсан тэр нэг л мэдэхэд төмөр замчин болж, бүр хөдөө буйд зөрлөгт насаараа ажиллан амьдарч буй нь зарим үед итгэмгүй. Я.Болорсувдын бага насны дурсамжид аав, бүжиг, урлагийн тайз нь үргэлж холбоотой аж. Тэр “Зургаан настайдаа би аавыгаа дагаж Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ жилийн тоглолтод анх удаа оролцон тагтаа болж байлаа. Тэгэхэд өлсөөд, бас даараад уйлтал аав “Яасан бэ миний охин, юу болов?” гэхээр нь “Даараад, өлсөөд” гэтэл “Одоо удахгүй дуусна. Миний охин жаахан хүлээчих” гээд үнсэж байсан нь маш тод санагддаг. Тэр цагаас хойш би ааваараа заалган бүжиглэдэг болж, тайзтай холбогдож билээ” гээд хэсэг чимээгүй бодолхийлснээ “Аав маань чуулгадаа насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Намайг бүжигчин болгох гэж их хичээсэн. Миний багш байсан юм шүү дээ. Ээж минь ч уг нь Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн бүжигчин хүн. Хөдөлгөөн ихтэйгээс болсон уу,  хүүхэд тогтохгүй байхаар нь бүжиглэхээ больсон юм билээ. Тэгээд төмөр замын цэцэрлэгт 30 гаруй жил ажилласан даа” гэхэд нүднийх нь буланд нулимс мэлтэлзэв. Аав нь 2013, ээж нь 2022 онд бурхан болсон тул энэ тухай яриа түүнд хүндхэн тусав бололтой.  Түүнийг ажиглахад барагтай л бол уурладаггүй болов уу гэмээр их зөөлөн хүн шиг санагдав. Эцэг, эхээс дөрвүүлээ ч одоо нэг дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн гэнэ. “Дүү бид хоёр бие биедээ их л бараа болж байна даа” гээд цонхоор ширтэн хэсэг чимээгүй бодлогоширсноо “Миний хань ч их зөөлөн хүн. Хоёр зөөлөн хүн нийлэхээр улам л зөөлөрцгөөх юм” гэв.

Я.Болорсувд “Анх энэ нутагт ирэхэд агаар нь үнэхээр сайхан, бие маань ч эрүүлжих шиг санагдсан. Тиймээс эндээсээ огтхон ч хөдлөлгүй 20 гаруй жил ажиллаж амьдарлаа. Он гаргаад тэтгэвэртээ гарна. Төмөр замчдын орон сууцанд насаараа амьдарсан бид хоёр хувийн хашаатай болсон, удахгүй байшин барихаар төлөвлөж байгаа. Биднийг тэтгэвэрт гарахаар бас нэг залуу ирээд л манай амьдарч байгаа албаны сууцанд орно шүү дээ. Шугам замын амьдрал  сайхан. Зам, өртөө, холбоо, эрчим хүч, дэлгүүр гээд бүгд нийлээд нэгэн халуун бүл амьдарч байдаг юм. Төмөр замын нийт 30 гаруй ажилтан энд бий. Зарим нь гэр бүл. Ажлаас буусан хэд нь бусдынхаа хүүхдийг харна. Залуудаа асарч, харж байсан хүүхдүүд маань одоо том болоод Үнэгтдээ ажиллаж байна. Тухайлбал, Замын I ангийн XII хэсгийн мастер Б.Энхсайхан, шалгалтын бригадын дарга Б.Хэрлэн, холбооны механикч Б.Тамир гээд залуус бий” хэмээн хуучлав. Түүнийг анх очиход Үнэгт зөрлөгийн даргаар И.Мөрдорж гэж хүн байж. Дараа нь, Л.Ганчимэг, Х.Эрдэнэбат нар ажилласан бол одоо Б.Халиун даргын удирдлага дор ажиллаж байна. Эдгээр дарга нараас үргэлж суралцаж, хамтран ажиллахад хэн хэн нь түшигтэйг онцлон дурсав. Харин сүүлийн үед залуус хөдөө орон нутагт ажиллах сонирхолгүй, ихэвчлэн төв суурин газар бараадахыг хичээдэг болсон нь түүний санаа зовнидог асуудлуудын нэг гэнэ. Энэ талаар “Бидний үед бүх зүйлийг өөрийнхөө хүчээр л бий болгодог байлаа. Одоогийн залуус цаг үеэ дагаад бэлэнчлээд сурсан юм шиг санагддаг. Гэхдээ нэг талдаа арга ч үгүй биз. Орж сонирхъё гэвэл дэлгүүрээс өөр зүйл алга. Халуус ус байхгүй. Ээлжээс буугаад хааяа Зүүнхараа орж байна. Мөн гал түлж амьдрахаас халширдаг байх. Энэ нөхцөл байдлаас болж төв суурин барааддаг юм болов уу. Харин багадаа энд өссөн, удам дамжсан төмөр замчид л тогтвор суурьшилтай ажилладаг даа” гэв.

Я.Болорсувд бүжгийн урлагаа тэртээ 30 гаруй жилийн өмнө орхисон ч өнөөг хүртэл дурсамж дотроо бүжиглэсээр яваа мэт санагдлаа.

 

М.Наранболд

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.