УБТЗ-аас уламжлан болгон зохион байгуулдаг “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөн урд шугам замд буюу Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд гурван хоног амжилттай болж өндөрлөснийг өмнөх дугаартаа мэдээлсэн. Замын даргын А01 тоот тушаалаар 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил” болгон зарласныг Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанаас уулзалтад оролцогсдын 90 гаруй хувь нь дэмжсэн. “Замын-Үүд зангилааны төмөр замчдын хөгжиж дэвших боломж”, “Хүний нөөцийн тогтвор суурьшил өнөөгийн байдал”, “Сайншанд зангилааны төмөр замчдад тулгамдсан асуудал, түүнийг шийдэх гарц, гаргалгаа”, “Алслагдсан бүсэд ажиллаж байгаа төмөр замчдын нийгмийн асуудал” зэрэг зангилааны онцлогт тохирсон сэдвүүдээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ уулзалтаас гарсан шүүмжлэлтэй, санаачилгатай, давтамжтай саналуудыг нэгтгэж, судалснаар цаашид хэрэгжүүлэх юм.
УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар, Сайншанд өртөөний дарга Д.Болорхүү, Чойр өртөөний дарга Д.Отгонбаяр нар хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагын үеэр тавьсан асуулт, зарим санал хүсэлтийн хариултыг өгч байлаа. Хэлэлцүүлгийн үеэр тавигдсан зарим асуулт, санал хүсэлтийг хүргэж байна.
Замын-Үүд зангилааны хамт олон амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх спорт цогцолбортой болохоо дахин илэрхийлсэн. Замын даргын үзлэгийн үеэр энэ асуудал тавигдаж, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай спорт заал барих боломжтой гэсэн судалгаа, төсөл хөтөлбөрийг хийсэн байна. Энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг Замын-Үүдийн Залуучуудын салбар зөвлөлөөс хүсэж байв.
Замын-Үүд өртөөний ачаа сэлгээний диспетчер н.Бат-Эрдэнэ:
-Спорт цогцолборын шав удахгүй тавигдах байх гэсэн итгэл төрлөө. Хүний нөөцөө тогтвортой байлгахын шинээр ирж байгаа ажилчдын орон сууцны асуудал дээр анхаарлаа хандуулах, шугам замд ажиллаж байгаа төмөр замчид олон зүйлээс хоцордог, галлагаатай байрыг цахилгаан халаалттай болгох зэргээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Ажилчид хуримтлал үүсгэх асуудлыг хэрхэн шийдэх боломж байгааг судлах хэрэгтэй гэж бодож байна.
Замын-Үүд өртөөний Техник үйлчилгээний газрын ахлах үзэгч н.Ариунболд:
-Орон сууцны үнэ ханшаас тодорхой хэмжээгээр хямд байж залуу боловсон хүчин, өрх толгойлсон ээж, аав нар хамрагдах боломж нь бүрдэнэ.
Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар:
-108 айлын орон сууцны гэрээ хийгдсэн. Банкны шалгуурыг хангасан ажилчид Хуулийн хэлтэстэй гэрээ хийнэ. 2025 онд 108, 2026 онд мөн 108 айлын орон сууц баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Барилгын олон компаниас судалгаа авч, зах зээлээс хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлого барьж байгаа. Шат шатандаа яригдаж байна. Спорт заал барих асуудлыг Замын даргын үзлэгээр дахин ярина. 2026 онд зангилааны 70 жилийн ойгоор спорт заалтай болчихсон тууз хайчилж байвал сайхан л байна. Хуримтлал үүсгэх асуудал маш зөв санаа юм. Ажилтан, иргэн хүн өөрөө хуримтлал үүсгэх нь өөрийн асуудал. Гэхдээ цагдаа, хилийн байгууллагууд 5-10 жил ч юм уу тодорхой хугацаанд тогтвортой ажилласан хүндээ нэмэгдэл олгодог. 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил” болгон зарласантай холбогдуулж биднээс санал авсан. 40-50 санал хүсэлт өгсний нэгд дээрх асуудал орчихсон байгаа. Шугам замд явсан ажилчид өглөө гараад орой ирэхэд гэр нь хүйтэн байдаг. Галлагаатай биш халаалттай болгох жишиг рүү орох хэрэгтэй. Долоодын хөндийд туршиж үзсэн. Одоо өглөө гараад оройд ирэхэд гэр нь дулаахан байдаг нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болсон.
Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр:
-УБТЗ-ын 16000 гаруй төмөр замчид Монгол Улсын хөгжлийг хэрхэн түүчээлж явдаг вэ гэдгийг ковид цар тахлын үе тодруулж харуулсан. Монгол Улсын тээврийн салбараас ганц ч зогсоогүй нь төмөр замын тээвэр байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд Замын даргын үзлэг бүрд хэрвээ ашиг олоод орлоготой байгаа цагт нэгдүгээрт техникийн шинэчлэл, хоёрдугаарт төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ гэж тодорхой ярьж явсан. Говийн төмөр замчид урамшуулалд 1.7 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төмөр замчдадаа 700 сая төгрөг олгосон байна. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж 220 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхэлсэн. 2025 онд Замын-Үүд зангилаанд том бүтээн байгуулалт явагдана. 108 айлын орон сууцны шавийг тавьсан. Баригдах компани тендерт шалгарсан. Замын-Үүдийн зангилаанаас аймгийн Иргэдийн хуралд хоёр хүн, сумын Иргэдийн хуралд гурван хүн сонгогдсон. Тиймээс аймгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Минут секундтэй уралдаж ажилладаг төмөр замчдын амьдралын чигийг мэддэг хүмүүс иргэдээ төлөөлөх хуралд суусан нь төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдүүлэх, хамтарсан бүтээн байгуулалтыг хийх гарц боломж гэж харж байна. Олон жил ярьсан асуудлууд ч дахин яригдсаар байгааг анхаарч үзнэ. Өнөөдөр УБТЗ хүчирхэг таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчиллээ. Сүүлийн 10 жил парк шинэчлэлт хийгдээгүй. 2030 хөтөлбөрт нэмэлт вагон авахаар тусгасан. МСҮТ төгсөөд техникчээр хоёр жил ажилласан бол инженерээр сурах боломжтой. Өнөөдөр ажиллаж байгаа төмөр замчид ОХУ, БНХАУ, БНСУ-д магистрантурт сурах боломж бүрэн байна гэсэн товч мэдээллийг Замын-Үүд зангилаанд болсон хэлэлцүүлгийн үеэр өгсөн билээ.
Чойр өртөөний ҮЭ-ийн дарга З.Мөнхчимэг:
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй, гурван үеийн хэлхээс болсон дунд үеийн төлөөлөл энэ уулзалтад ховор байна. Миний хувьд ҮЭ-ийн байгууллагын ажлыг 14 жил хийж байна. ҮЭ байгууллага нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хууль, хамтын гэрээний манаач хийдэг. Ажилчдын нийгмийн асуудал, хөдөлмөрлөх эрх хууль ёсны нэлээдгүй зовлон бэрхшээл байдаг. Мэдээж ажил олгогчтойгоо хамтраад энэ бүхний ард гарч чаддаг. Гарч чадахгүй зүйлүүд ч
байна. Нэгдүгээрт, төмөр замчин залуучуудын орон сууцны асуудлыг анхаарч үзээсэй. 30 гаруй жил засвар хийгээгүй сийрсэн модон хаалга, цонхтой амьдрах нөхцөлгүй байр Шивээ-Овоо өртөөнд байгаа. Ийм нөхцөл амьдраад сайн ажилла гэж хэлэхэд хэцүү байна. Анхаарч өгөөрэй. Орон тооны асуудал дээр харж үзээрэй, халбага барьдаг нь ихэсээд, хадуур барьдаг нь багасаад байх юм. Ажилчин хүн ямар илүү цаг гараад байна, хаана ямар орон тоо дутагдаад байна. Магадгүй Удирдах газрын орон тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Шугам замаар очоод байрладаг ганц “Ганзам” зочид буудал маань хүртэл оффис болчихсон. Томилолтоор очсон хэдэн инженер техникийн ажилтан орох байрлах газаргүй болчихоод байна. ЗТ-ийн сайдын тухайн ажил дээр ямар мэргэжлийн хүн ажиллах ёстой вэ гэсэн 154 дүгээр тогтоол тушаал байгаа. Энэ өнөөдөр хэрэгжих ямар боломжгүй болчихоод байна. МСҮТ төгссөн зөрлөгийн жижүүр завсрын өртөөний жижүүр болох эсвэл ачаа хүлээлцэгч дэвшээд тооцооны оператори болоход “МСҮТ төгссөн болохгүй” гэнэ. Ажлынхаа онцлогийг мэдэхгүй хүн энд тэндээс хүн авчирч ажилд томилох юм. Нөгөө нь орон байр байхгүй, ажлаа сайн мэдэхгүй, байгууллагын ажлыг унагаж хаячихаад яваад өгдөг. Агуулгаасаа хэтэрсэн хэлбэр их байна. Бид өнөөдөр ямар шийдэл байгааг олж тодруулаад нэгийг нь ч гэсэн ажил хэрэг болгомоор байна. Миний хувьд залуучуудын байгууллагатай хамтарч ажилладаг. Дунд үеийнхэн залуучууддаа мэдлэг туршлагаараа түшиг тулгуур болж, дээд үедээ анхаарал халамж тавьж явах үүрэгтэй. Чойр зангилааны гол асуудал нь орон сууцжуулах гэдгийг дахин хэлмээр байна.
УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт:
-Говьд орон сууцны асуудал тулгамдаж, ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувиа шийдэхэд ч хүндрэл гарч байна. Замын-Үүдэд 108 айлын, Сайншандад 162 айлын орон сууцны шавь тавьсан. Чойр, Бор-Өндөрт түрээслэх байрны өртөг өндөр байна. Мандал зөрлөгийн 24 айлын орон сууцны газрын асуудлыг дөрөв дэх жилдээ ярьж байна. Газраа авч чаддаггүй. Зам дагуу ажиллаж амьдарсан олон ахмадууд байргүй байгаа. Технологийн байрнаас татгалзаж ипотекийн зээлээр орон сууцтай болох нь төмөр замчдад хэрэгтэй . “Говийн төмөр замчин” хөтөлбөр үндсэн гурван үе шаттай явагдаж байгаа. Хөтөлбөрийн өгөөж бусад газруудтай харьцуулахад боломж давуу тал их байна. Өсөж хөгжих, сурах боломж ч өндөр байгаа. 2022 онд нэг хэсэг бөөнөөр нь элсэлт авсан. Гэтэл өртөөний жижүүрүүдийн тал нь сургуульд явчихсан. Ингэснээр хүндрэл үүсэж хоёр хүн тулж ажиллах зэрэг асуудал үүссэн. Тийм учраас бодлоготойгоор энэ асуудлуудыг шийдэх ёстой. Зам тээврийн сайд говиос сонгогдож төрд төлөөлөл болон ажиллаж байгаа. Тийм учраас салбарын сайдаар шийдүүлэх ёстой ажлыг бодлоготойгоор цогцоор шийдүүлэх хэрэгтэй. Аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр төмөр замчдаас сонгогдсон нь говийн төмөр замтай холбоотой асуудлыг шат дараалан шийдүүлэх шийдэл, гарц гаргалгаа гэхэд болно. Орон тооны хувьд ч эргэж харах зүйл их байна. Удирдах газрын орон тоог 10 хувиар бууруулах, тодорхой түвшинд ажлын байрыг хуучин хэмжээнд хүргэн цэгцлэх, үйл ажиллагааг нь нэгтгэх зохион байгуулалтыг замын хэмжээнд барьж ажиллана. Тээврийн хэмжээ хойноосоо урагшаа өсөж байгаа үед хойно байгаа орон тоог тодорхой хэмжээнд бууруулж, ажил нэмэгдэж байгаа газар руу шилжүүлдэг байх. Гэхдээ хэн нэгэн ажилгүй болж үлдэх ёсгүй. Хэрэгцээт газраа томилогдож, шилжиж, сэлгэж ажиллах бодлогыг барьж ажиллана хэмээж төмөр замчдын асуултад тодорхой хариулж байлаа.
УБТЗ- хамт олон өнгөрсөн онд олон шинэ дээд амжилтыг тогтоосон. 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэж, 24.2 сая тонн ачаа ачиж, 317900 вагон буулгаж тээврийн дээд амжилтыг тогтоолоо. 2030 онд 50 сая тонн ачаа тээвэрлэх зорилготой. Үүний төлөө шинэ зам, хос зам тавих, парк шинэчлэх, дэд бүтэц, зүтгүүрийн хүчин чадал дэд бүтцээ сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Төмөр замчдын хөгжиж дэвших боломжийг эрэлхийлж, хүний нөөцийн тогтвор суурьшил өнөөгийн байдлыг хэлэлцэж, алслагдсан бүсэд ажиллаж байгаа төмөр замчдын нийгмийн асуудлыг хөндөн ярилцаж, төмөр замчдад тулгамдсан асуудал, түүний шийдэх гарц, гаргалааг гаргахыг хичээсэн үр дүнтэй хэлэлцүүлэг Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд амжилттай болж өндөрлөлөө.
П.Түмэндэмбэрэл