УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн 2024 оны эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгөрсөн онд эдийн засгийн болоод гадаад орчны нөхцөл байдал харьцангуй тааламжтай байлаа. Монгол Улсын хувьд 2017 он эдийн засгийн хямарлын дараах нэлээд амаргүй жил байсан. Тухайн жилд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тухайн хөтөлбөрийн үр дүнд 2018 онд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Тухайн үеэс хэрэгжүүлж эхэлсэн бодлогын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал эерэг үзүүлэлттэй байна. Дунд нь Covid-19 цар тахлаас улбаалаад 1-2 жил гадаад худалдаанд тодорхой хэмжээний хүндэрлүүд үүссэн. Түүнээс хойш буюу 2021 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлт эерэг гарч байна. Энэ нь Монгол Улсын экспортын өсөлттэй шууд холбоотой. Монгол Улсын экспортын 94 хувийг уул уурхайн бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Ялангуяа сүүлийн хоёр жил нүүрс болон бусад түүхий эдийн экспорт эрчимтэй өсч байна. Угтаа жилд 37-38 сая тонн нүүрс экспортлодог байсан бол өнөөдөр 83 сая гаруй тонн нүүрс экспортолж хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.Экспортын хувь хэмжээ хурдтай өсч байгаа нь сайн боловч, болгоомжлууштай тал нь өссөн экспортын гол үзүүлэлт ганцхан нүүрсний экспортоос хамаарч байгаа учраас цаашид эрсдэл үүсэх магадлал өндөр. Хоёрдугаарт, цаашид 820 сая тонн нүүрс тогтвортой экспортод гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ, ногоон эрчим хүчний шилжилтээс шууд хамаарна. Өнгөрсөн гурван жилийн хувьд Монгол Улсын хувьд хамгийн тааламжтай эдийн засгийн нөхцөл байдалтай он жилүүд байлаа. Тухайлбал, 20 их наяд хүрэхгүй төсвийн зарцуулалтаас 30 гаруй их наяд төгрөгийн төсвийн зарцуулалт болж өссөн байна. Хэрэв төсвөө оновчтой зарцуулж чадсан бол энэхүү 30 хувийн өсөлтөөр төсвийн зарлага дээр тулгамдаж байсан асуудлуудаа бүрэн шийдвэрлэчих боломж байсан. Гэтэл өнөөдөр эргээд харахад төсвийн зарлага дээр дарамт болдог асуудлууддаа хүссэн хувь хэмжээгээрээ бууруулж чадаагүй л байна. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хүртээмжээс авахуулаад агаарын бохирдол, түгжрэл гэх мэт асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна. Үүнээс дүгнэхэд мөнгө байвал асуудлуудаа шийдвэрлэчих мэт андуурч болохгүй юм гэдэг том сургамж авч болохоор байна. Мөнгө нь байсан ч аль ч салбарт зөв шийдэл хэрэгтэй. Тулгамдсан асуудлуудаа цогцоор нь шийдэх арга замаа цогцоор нь шийдэж чадахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.
-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтөө түлхүү юунд зарцуулсан дүр зураг харагдаж байна?
-Өнгөрсөн гурван жилийн үзүүлэлтээс харахад төсвийн орлогын өсөлтийг дагуулаад төрийн албыг нүсэр болгосон. Тухайлбал, 2020 онд төрийн албан хаагчдын тоо 180 мянга орчим байсан. Гэтэл өнөөдөр 247-248 мянган төрийн албан хаагчтай болсон байна. Үүнээс харахад төсөв тэлэхийн хэрээр төрийн албаны орон тоог нэмсэн байна. Гэтэл өнөөдөр эргээд бүтээмжийн асуудал хөндөгдөж байна. Эргээд харахад өнгөрсөн дөрвөн жил бүтээмжийнхээ эсрэг зүйл хийсэн байна. Орон тоог нэмээд, төсвийн зарцуулалтаа тэлээд ч гарсан үр дүн нь төрийн бүтээмж буурсан байна. Тиймээс цаашид төсвөөр аливаа асуудлуудаа шийдэхдээ аль болох цөөн орон тоо, зөв технологиор өндөр бүтээмжийг үйлдвэрлэх ёстой.Ийм зорилт, шаардлага тавихгүй болохоор мөнгө, орон тоогоо нэмэх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон байна. Ийм бодлоо хэрэгжүүлсээр хувийн хэвшил ажиллах хүчний хомсдолд орсон байна.
Цаашид түүхий эдийн үнийн хэлбэлзэл, урд хөршийн эрэлтээс хамаараад нүүрсний борлуулалтын хувь хэмжээ, орлого буурвал энэ их нүсэр зардлын хувь хэмжээг төсөв дээрээ авч явахад улам л хэцүү болно. Угтаа 33 их наяд хүрсэн төсвийн зарлага, 250 мянгад хүрсэн төрийн албан хаагчын цалин, 50 мянган хүний тэтгэвэр тэтгэмж, 1.2 сая гаруй хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөг зэргийг төсөв дээрээ суулгаж авч явах нь асар хүнд ачаа.
-Сүүлийн дөрвөн жил эдийн засаг эерэг үзүүлэлттэй байсан гэдэг нь макро түвшиндээ харагдаж бана. Тэгвэл эдийн засгийн цөм рүү нь ороод харвал уул уурхайн хамаарлын 94 хувийг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлд ямар нэгэн ахиц гарсан уу?
-Алсын хараа 2050-даа эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьсан. Гэтэл уг зорилт одоогийн нөхцөл байдалд хангагдахад илүү түвэгтэй. Ойрын жилүүдэд хэрэгжих боломжгүй. Учир нь олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэх суурь нөхцөлөө бүрэн хангаж чадаагүй гэдгийг тодотгож байна. Тэр дундаа тээвэр ложистикийн хөгжил хол орхигдсон байна гэдгийг анхааруулсаар байна. Үүнээс үүдээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид арай гэж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлдээ хүргэж чадахгүй байна.Сүүлийн үед эрчимтэй хөндөгдсөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс үр дүн гаргаж чадахгүй байгаа бэрхшээлийн нэг нь энэ шалтгаан шүү дээ. Тээврийн зардлын өртөг маш өндөр. Ийм үед эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрээ төрөлжүүлнэ гэж ярих боломжгүй.
Тийм учраас хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол эцсийн буюу боловсруулах үйлдвэр барих тухай асуудал биш. Харин суурь асуудал буюу эрчим хүч, авто зам, төмөр замын хүртээмжийн асуудал юм. Харамсалтай нь, уг эрэмбэ дараагаа ойлгохгүй байгаа учраас Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарлалаа. Сонсоход бол сайхан. Гэхдээ боловсруулах үйлдвэрүүдээс бүтээгдэхүүн гарахад дахиад л тээвэр ложистикийн асуудал дагуулна. Газрын тос боловсруулах үйлдвэр яаж ийж байгаад ашиглалтад орлоо гэхэд түүнийг тээвэрлэх дэд бүтэц нь байгаа эсэх нь маш том асуудал.
-Газрын тосоо дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад найман жил болж байна. Харамсалтай нь, одоогийн байдлаар үйлдвэрлэлийн өртөг өсч, хугацаа хойшилсоор байна. Энэтхэгийн Засгийн газраас нэмж 460 гаруй сая ам.доллар зээлэх тухай асуудал ойрын хугацаанд шийдэгдэх нь. Энэ төслөөс эдийн засгийн үр өгөөжийг монголчууд хүртэж чадах уу?
-Монгол Улс газрын тосоо дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудал чухал. Яагаад гэхээр Монгол Улс нийт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 95-96 хувийг импортоор авч байна. Тэр дундаа ганцхан ОХУ-аас. Тийм учраас эрэлт, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах тохиолдол гардаг. Ялангуяа 8,9 дүгээр саруудад хомсдол үүсэх тохиолдол хэдэнтээ гарч байсан. Учир нь ганцхан улс тэр дундаа ганц үйлдвэрээс хэрэгцээний хувьд хараат учраас тухайн үйлдвэр урсгал засварт орох үеэр нийлүүлэлтийн доголдол үүсдэг. Өөр эх үүсвэрээс буюу түр хугацаанд БНХАУ-аас авахаар хувь хэмжээний хувьд багаддаг, үнийн хувьд өндөр байдаг. Энэ мэт асуудлаас үүдэн газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг сүүлийн 20-30 жил ярьсан асуудал дээрээ 2017 онд шийдвэр гаргаж хэрэгцээгээ дотоодоосоо хангах зорилт тавин ажилласан. Импортын хараат байдлаасаа гарах шийдвэр гаргасан нь зөв.Гагцхүү тус үйлдвэрийн эдийн засгийн тооцоолол нь буруу боловсруулагдсан гэдгийг анхнаас нь хэлж байсан. Одоо дахин зээлийн хэлэлцээрт орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Танилцуулга дээрээс харахад 2017 онд танилцуулж байсан төслийн танилцуулга долоон жилийн дараа хэвээр байна.
Гэтэл УИХ дээр өгч байгаа тайлбараас харахад анхны ТЭЗҮ-ээс өртөг нь өссөн учраас мөнгө нь хүрэхгүй байгаа гэж тайлбарлаж байна. Тэгвэл ТЭЗҮ-ийн өөрчлөлтийг дагаад танилцуулга нь ч өөрчлөгдөх ёстой. Авсан зээлийн хувь хэмжээг харахад өмнө нь 1 тэрбум, өнөөдөр 700 сая ам доллар зээлэх тухай ярьж байна. Өнөөдөр авах зээлээ таван жилийн дараагаас төлж эхэлнэ. Энэ хугацаанд хөнгөлөгдөөд 2030 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ. Үндсэндээ 2030 оноос жил бүр 120 орчим сая ам.долларыг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлөхөөр байна. Тиймээс уг үйлдвэр ашиглалтад ороод зээлд төлөх 120 сая ам.доллароо төлөөд үйлдвэрийн өртөгөө алдагдалд орохгүйгээр ашигтай ажиллуулах үүрэг хүлээж байна. Гэтэл танилцуулгаас нь харвал газрын тосны нийлүүлэлт хангалтгүй дутагдалтай учраас ОХУ-аас тодорхой хэмжээний түүхий эд нийлүүлэх тухай ч ярьж байна.
Үйлдвэр бүрэн ашиглалтад ороод эхний жилүүдэд 50-60 хувийн хүчин чадлаар ажиллана. Тиймээс тус үйлдвэрийн үр ашиг эдийн засгийн хувьд эерэг гарах боломжгүй. Энэ алдаагаа засахгүй бол болохгүй. Эдийн засгийн тооцоолол дээрээ удаа дараа алдаа гаргаж байна. Уг үйлдвэр бусад үйлдвэрээс ялгаатай нь зогсож болдоггүй. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол дараагийн их засвар, урсгал засвар орох хүртэл тасралтгүй үйл ажиллагаа нь үргэлжилж байх ёстой. Архи нэрэхтэй ижил нэг талаас нь түүхий эд нь ороод нөгөө талд эцсийн бүтээгдэхүүн гарч л байх ёстой. Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тэр хэмжээгээрээ борлуулагдаж, тээвэрлэгдэж байх ёстой. Бодит байдал дээр үүн дээр анхаарч байгаа хэн ч алга.Алтанширээтээс цаашаа нефтийн хэрэглээ өндөртэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад, Тавантолгой руу яаж нийлүүлэх нь тодорхой бус. Сайншандаас-Улаанбаатар хүртэлх тээвэр маш их ачаалалтай. Тэр дундаа нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх боломж асар бага байна.
Тээвэрлэх вагон ч байхгүй. Бүр байг гэхэд Өмнөговь руу уул уурхайн компаниудад түүхий эдээ борлуулах шийдэл гаргалаа гэхэд төмөр замаар тээвэрлэхээс гадна, ойролцоо байгаа Сүхбаатар, Дорноговь аймаг руу авто замаар тээвэрлэх оролдлого хийе гэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нефтийн бүтээгдэхүүнийг авто замаар тээвэрлэхийг хориглосон. Энэ мэтчилэн хаанаас хаа хүртэл юугаар тээвэрлэх тээвэр ложистикийн асуудлаа одооноос шийдэхгүй бол газрын тосны үйлдвэр хугацаандаа ашиглалтад орсон ч жигд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Эцэст нь одоо авсан зээлийн ашиглалт нь 10-20 хувийн зарцуулалттай байна. Тиймээс ашиглаагүй зээлдээ хүү төлөхөөс гадна үйлдвэр ашиглалтад ороогүй байхад үндсэн зээлээ төлөх хугацаатай нүүр тулах эрсдэлтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд багтаж ашиглалтад орсон ч хоёр жилийн дараагаас жил бүр үндсэн зээлийн төлөлтөд 120 сая ам.долларын зээл төлж эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад ормогцоо үйл ажиллагаа нь жигдрэнэ гэдэг эргэлзээтэй.