Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай, төмөр замчдын маань хүсэн хүлээдэг “Гурван үеийн уулзалт” өнгөрөгч 14-17-ны өдрүүдэд хойд шугам замд үргэлжиллээ. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас санаачлан, Замын удирдлагын дэмжлэгтэй, Төмөр замын Ахмадын холбооны оролцоотой зохион байгуулсан залуу, дунд, ахмад үеийнхний уулзалт Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зангилаадад боллоо. Энэ уулзалтад оролцохоор залуучууд эртлэн цуглаж, бэлтгэлээ базааж, ахмадууд маань гоё ганган дээл хувцасаа өмсөж, одон тэмдэгээ гялалзуулсаар цаг барьдаг зангаараа орж ирэхэд ид ажлын талбарт гялалзаж яваа дунд үеийнхэн нь угтан авч, амар мэндийг нь эрэн суудалд нь тухлуулахад хөгжмийн сүрлэг ая нижигнэн, хөтлөгчийн цоглог дуу танхим дүүрэн цуурайтан “Гурван үеийн уулзалт” ёслол төгөлдөр эхэлж байгааг зарлалаа.
“Гурван үеийн уулзалт”-ын ерөнхий хөтөлбөр нь сургалт, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт гэсэн үндсэн гурван агуулагаас бүрдэнэ.
Уулзалт эхлэхдээ уламжлал ёсоор индэрт зочдоо урьсангүй, харин УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академи”-ийн сургагч багш, Улаанбаатар татах хэсгийн инженер, доктор Г.Бүрэн-Итгэлийн “Үе хоорондын ялгаа”-ны тухай сонирхолтой хичээлээр эхэллээ. Орчин үеийн дэвшилтэд арга, технологид суурилан заасан түүний хичээл оролцогчдод өглөөний сэргэгт шинэ эрч хүчийг өгөв.
Манай сонины өмнөх дугаарт “Үе хоорондын ялгаа”-ны тухай дэлгэрэнгүй тайлбарласан тул энэ удаа дахин давтан нурших хэрэггүй биз ээ. Харин энэ хичээл уулзалт бүрийн эхэнд орж байснаараа оролцогчдын хандлага, харилцаанд эерэгээр нөлөөлж, нэг хэсэг нь би ахмад хүн хэмээн ихэрхэх, нөгөө би залуу хүн хэмээн бардамнахаас сэргийлж, санал бодлоо илэн далангуй солилцох сайхан боломжийг бүрдүүлж өглөө.
Энэ сургалтын үр дүнд оролцогчид маань:
1. Үе хоорондын ялгааг хүлээн зөвшөөрөх,
2. Санаа бодлоо солилцох,
3. Санаа бодлыг хүндэтгэх,
4. Эерэгээр зөвлөх,
5. Урамшуулан дэмжих,
6. Нэгдмэл зорилготой болох,
7. Уян хатан байх зэрэг манлайллын долоон зарчмыг ойлгож авав.
Хичээлийн төгсгөлд Дохиолол холбооны I ангийн дарга С.Мөнхсайхан “Залуучуудыг гурван удаа магтаж, нэг удаа зөвлөж байя” гэж уриалсан бол, Эрдэнэт өртөөнийнхөн маань “Хандлагыг эерэг, харилцааг эелдэг болгоё” гэж уриалав.
Хөтөлбөр ёсоор уулзалтын хоёр дахь хэсэгт УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нар “УБТЗ-ын өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн сэдвээр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгцгөөв.
Дараа нь зангилаа болгонд тусгайлсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, Сүхбаатар зангилаанд “Боомтын сэргэлтээс УБТЗ-ын хүртэх өгөөж”, Дархан зангилаанд “Орон нутагт ажиллаж байгаа залуусын хөгжих боломж, давуу тал”, Эрдэнэт зангилаанд “Төрийн байгууллага, төмөр зам хоорондын хамтын ажиллагаа”, Зүүнхараа зангилаанд “Төмөр замын салбарт инноваци бүтээх орон зай” гэх мэт сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт Замын орлогч дарга нар, тухайн өртөөний удирдлагууд, уригдаж ирсэн мэргэжилтэн, алдар цолтой ахмадууд оролцож, мэдээлэл өгч, санал солилцов.
“Гурван үеийн уулзалт”-ын төгсгөлд нийт оролцогчдыг “Дурсамжийн галт тэрэг”-ээр аялахыг урьж, чөлөөт микрофон ажиллуулж, халуун дотно яриа өрнүүллээ. Төмөр замын буудлын анхаарамж өгөх бүсгүйн цовоо дуудлагаар “зорчигчийн вагонд” суудлаа эзэлсэн оролцогчид маань илчит тэрэгний дуут дохиогоор цааш хөдөлж, дурсамж дүүрэн яриагаа эхэлж, аяллаа үргэлжүүллээ. “Дурсамжийн галт тэрэг”-нд тухалсан УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбооны дэд тэргүүн, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр анх Салхит өртөөтэй хэрхэн холбогдож, яаж нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагад дэвшин ажилласан тухайгаа, ахмад төмөр замчин, Гавьяат барилгачин Ж.Энхтуяа Зүүнхараагаас ажил амьдралын гараагаа эхэлж, хойд зам дагуух барилга угсралт, засварын ажилд хэрхэн оролцож, ямар бүтээн байгуулалт хийж байсан тухайгаа, УБТЗ-ын Өв, соёлын төвийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ мөн Салхит өртөөнөөс ажил амьдралаа эхэлж, хэрхэн соёл урлагийн замд орсон, хойд замын өртөө зөрлөгүүдэд байгаа түүх соёлын өвийн тухай, түүнийг хэрхэн яаж арчилж хамгаалах талаар, УБТЗ-ын Ахмадын холбооны дэд тэргүүн М.Ганбат ахмадын талаар төр засаг, төмөр замын зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар тус тус үг яриа, дурсамж түүх өрнүүлж, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан залуучуудынхаа сонирхсон асуултыг ахмадууддаа дамжуулахын зэрэгцээ залуучуудын байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж явав.
“Дурсамжийн галт тэрэг”-ний дуусахгүй ярианд сэтгэл нь хөдөлсөн ахмадууд залуу насныхаа хөгжилтэй явдлын тухай алтан дурсамжийн нандин хэсгээс ний нуугүй хөөрөлдөж, залуучуудаа баясгаад авав.
Хаа газар уулзалт зөвлөгөөн болоход гар утсаа шагайсан хүмүүс танхим дүүрэн байдаг бол энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд оролцогчид утсандаа ч хүрэх завгүй байсан гэвэл хэтрүүлэг болохгүй.
Урд шугам замд Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар уулзалтын төгсгөлд монгол, орос, хятад хэл дээр ая дуугаа өргөсөн нь дараа дараагийн өртөөний дарга нарт “Гурван үеийн уулзалт”-ын төгсгөлд авьяас чадвараа үзүүлэх жишиг тогтоосон тухай мэдээлж байсан. Энэ удаагийн уулзалтуудад ч гэсэн өртөөдийн дарга нарын үзүүлбэрүүд цаашлах тусам улам чангарч байсныг дурдах хэрэгтэй. Сүхбаатар зангилааны Л.Довчинбазар даргатай хамтлагийн дуу, Дархан зангилааны дарга Б.Ганзоригын хип хоп, Эрдэнэт зангилааны дарга Г.Амарсайханы яруу тод шүлэг, Зүүнхараа зангилааны дарга Ц.Алтанхуяг тэргүүтэй дарга нарын хамтлагийн дуу зүрхэнд хүрч, сэтгэлд үлдэж, чихэнд хадсаар байлаа. “Цагаа тулбал усч” гэгчээр манай өртөөдийн дарга нар шаггүй дуулж, хуурддаг, гаднаас ямар ч урлагийн номер гуйхааргүй, хөгжөөн наргиантай хүмүүс байдаг шүү.
“Гурван үеийн уулзалт” болгоны дараа УБТЗ-ын Ахмадын холбооны дэд тэргүүн М.Ганбат алдар гавьяат ахмадуудаа дагуулан зангилаа болгоны Ахмадын хороогоор орж, ажил байдалтай нь танилцаж, шинэ соргог мэдээллээ хүргэж, даруйхан цаад ахмадууддаа хүргээрэй хэмээн аминчлан захиж явлаа. Олон жил хамт ажиллаж байсан хуучин нөхөдтэйгээ уулзаад өөрийн эрхгүй тэдний нүдэнд баярын нулимс гялтганаж байгаа харагдана. Ярьж суугаа нь цаанаа л нэг элэгмсүү тэднийг харахад сэтгэлд нэг л дотно.
Энэ удаагийн “Гурван үеийн уулзалт” зохион байгуулалт, арга хэлбэрийн хувьд урьд урьдынхаас өвөрмөц, сонирхолтой, үр дүнтэй, эрч хүчтэй, сэтгэлд хоногшсон сайхан болж өнгөрлөө.
“Гурван үеийн уулзалт”-г хааж УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан хэлэхдээ “ Уулзалтад оролцогчдоос гаргасан санал, санаачилга, хүсэлтийг нэгтгэн Замын удирдлагуудад албан ёсоор танилцуулна” гэлээ.
Мартахын аргагүй энэ уулзалтууд “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” гэсэн яруу найргийн мөрийг сэтгэлд сэмхэн шивнэж, өртөө зөрлөгийнхөөр үдүүлснээр өндөрлөлөө.
Г.Энхбаатар