УБТЗ-ын Баянтүмэн тасагт дараагийн ээлжит зөрлөг цахилгаан эрчим хүчинд холбогдохоор болж, 2025 оны нэгдүгээр сарын 17-нд улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө. Ингэснээр ирэх сарын 01-нээс цахилгаан эрчим хүчинд холбогдоно.
УБТЗ-ын үе үеийн дарга, удирдлагуудын дэмжлэгтэйгээр Баянтүмэн тасаг дизель генераторын утаа, дуунаас салж, цахилгаан эрчим хүчинд холбож байгаа билээ. Хавирга зөрлөгийн 1.8 км, Чингисийн далангийн 22.1 км шугамыг 2019 онд нийт 1.6 тэрбум төгрөгөөр, Замын VIII хэсгийн 6.5 км шугамыг 2023 онд 903.3 сая төгрөгөөр, Мөргөцөг замын IV хэсгийн 2.1 км шугамыг 2024 онд 298.0 сая төгрөгөөр, нийтдээ 32.5 км шугамыг 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулжээ.
Ингэснээр Баянтүмэн тасагт ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ ажилчид, айл өрхүүд лааны гэрэл, моторны чимээнээс салж, дараагийн төмөр замын өргөтгөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэхэд эрчим хүчний суурь нөхцөл бүрдэж байна. Баянтүмэн тасгийн өртөө, зөрлөгүүдийг эрчим хүчинд холбох ажилд оролцсон Замын удирдлага, бүх алба нэгжийн хамт олонд талархал илэрхийлье.