Замын II ангиас “Чадамжтай эмэгтэй-2026” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Замчин бүсгүйчүүдийн чуулга уулзалтыг Замын II ангийн дарга Д.Алтангэрэл нээж мэндчилгээ дэвшүүлж, “Ган замын галын манаж яваа эрхэмсэг бүсгүйчүүд минь, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, урин хаврын салхи сэвэлзэх энэ сайхан цаг үед эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, энэрэл хайрыг магтан дуулдаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Замын ангийн эрчүүдийн зүгээс хүргэе. Төмөр зам хатуу чанга сахилга бат, асар их хариуцлагаар хэмжигддэг онцгой салбар. Энэ бүхнийг зөөллөж, галт тэрэгний хэмнэлд хайр нэмж, зөрлөг, хэсэг тасаг бүхэнд халуун дулаан уур амьсгалыг түгээж байдаг нь та бүхэн юм. Өдөр шөнийн ээлжинд хүйтэнд жиндэж, халуунд халж ажиллахын зэрэгцээ өнгө зүс алдалгүй, тэвчээр зааж, залуучуудынхаа хатууг зөөллөж, хань нь, ээж нь, эгч нь болдог бүсгүйчүүд та бүхэн тээврийн суурь бүтцийн салбарын хамгийн нандин эрхэмсэг хүмүүс. Зөвхөн төмөр замчид төдийгүй айл гэрийн багана, галыг бадраагч, ариун хайрын эзэд, энэрэлт ээжүүд юм. Ажлынхаа ард гарч гэртээ харихад халуун дотно инээмсэглэлээр угтдаг та бүхний аугаа хүч чадалд бид мэхийн ёсолъё.Төмөр замын ган хэлхээ тасардаггүйн адил та нарын хайр энэрэл мөнхөд ивээж байх болтугай. Өнөөдөр та бүхнийхээ алган дээр дэлхийн бүх цэцгийн баглааг, сэтгэлд нь мөнхийн хаврыг бэлэглэхийг хүсье” хэмээн чуулга уулзалтыг нээлээ.
Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан, “Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах санаа ажлын төлөвлөгөөнд минь олон жилийн турш явсан. Энэ удаа Замын ангийн захиргаа болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Бид жил бүр гуравдугаар сарын 8-ныг баяр болгон тэмдэглэдэг. Анх 1857 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын оёдлын үйлдвэрийн эмэгтэй ажилчид илүү цагаар ажиллуулахыг эсэргүүцэж, цалин хөлсөө нэмэгдүүлэх, эрх ашгаа хамгаалахын төлөө нэгдэн тэмцсэн түүхтэй. Үүнээс хойш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон дэлхий даяар тэмдэглэдэг болсон. Монгол Улсад 1950 онд АИХ-ын VIII тогтоолоор гуравдугаар сарын 08-ны өдрийг эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр бид зөвхөн баяр тэмдэглэхээс гадна эмэгтэйчүүдийн амьдрал, ажил хөдөлмөрт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярилцаж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх өдөр гэж бодож байна. Энэ чуулга уулзалтаас, санал санаачилгаас олон сайхан, үр дүнтэй санаа гарч, ажлын ачааллыг хөнгөвчлөх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах бодит ажлуудын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм .
МТЗ-чдын ҮЭХ-ны орон тооны бус дэд дарга, хуулийн зөвлөх, Эмэгтэйчүүдийн хорооны тэргүүн Б.Энхтөгс замчин эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, “Нийт замчин эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Төмөр замын салбарт ҮЭ, Замын захиргаа нийгмийн түншлэлийн хүрээнд анх удаа замчин эмэгтэйчүүдээ бүрэн хамруулсан томоохон уулзалт, чуулганыг зохион байгуулж байгаад талархаж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой олон боломж нь түүхэн тэмцлийн үр дүнд бий болсон. Илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэгдэл цалин авах, өвчтэй үед цалинтай чөлөө эдлэх, ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох зэрэг өнөөдөр бидний хөдөлмөрийн харилцаанд хэвийн хэрэглэгдэж буй эрхүүд эмэгтэйчүүдийн тэмцлийн үр дүн юм. Иймээс эдгээр эрх, боломжийг хайрлаж, бататган хамгаалж, хөдөлмөрийн харилцаанд нийгмийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх нь чухал.
МТЗ-чдын ҮЭХ-ны зүгээс 2025 онд технологи ашиглан үйлдэгдэж буй дарамт, хүчирхийллийн эсрэг НҮБ-ын аянд нэгдэн мэдлэг ойлголтыг тэлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Судалгаагаар эмэгтэйчүүд гэр бүл, асрахуйн шинжтэй буюу хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхэд асрах, өвчтэй хүнийг асран тэтгэх зэрэг цалин хөлсгүй хөдөлмөрт эрэгтэйчүүдээс 2-3 дахин их цаг зарцуулдаг нь тогтоогдсон. Иймд байгууллагын түвшинд ажилтнуудын дэмжлэгтэйгээр ажлын байранд хүүхэд асрах өрөө тохижуулах асуудлыг 2026-2027 оны хамтын гэрээний ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгэн чухал шийдэл юм.
Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч, хөдөлмөр хамгааллын хувцсыг эмэгтэйчүүдийн биеийн онцлогт тохируулан эсгэж үйлдвэрлэх, стандартыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулахын зэрэгцээ өөрсдийн эрүүл мэндэд цаг гаргах нь нэн чухал. Судалгаагаар эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь бага, улмаар өвчнийг хожуу үед нь оношлох тохиолдол байдаг. Иймд бид өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, нийгэмдээ идэвхтэй оролцон, эрхээ эдэлж амьдрах шаардлагатай. Манай улс эмэгтэйчүүдийн эрхийн үзүүлэлтээр дэлхийд 74-д жагсаж байна. Энэ нь хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаагийнх гэж үздэг. Иймээс хууль тогтоомжийг батлахаас гадна хэрэгжилтийг бодитоор дэмжих нь чухал юм. Эмэгтэйчүүд бид бие биенээ дэмжиж, хөдөлмөрийн орчинд аливаа дарамт, хүчирхийллийг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх нь жендерт суурилсан хүчирхийллээс ангид орчинг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын тээвэр бол эрчүүд давамгайлсан салбар хэдий ч энэ салбарт амжилттай хөдөлмөрлөж буй эмэгтэйчүүдээрээ бид бахархах ёстой” гэв.
Дуу хуур эгшиглэж, баяр баясал бялхсан уур амьсгалын дунд “Замын мэргэжлийн бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг ч болсон юм.
Хэлэлцүүлгийн модератороор Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан ажиллаж, панелистаар Замын IV хэсгийн мастер Ё.Гантуяа, I хэсгийн замчин Б.Дэлгэрмаа, VII хэсгийн бригадын дарга Л.Аззаяа, X хэсгийн замчин М.Энхсолонго нар оролцон замын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, ажлын орчны онцлог, шийдвэрлэх боломж, санал санаачилгын талаар санал бодлоо солилцлоо. Замын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээл, сорилтуудын талаар нээлттэй ярилцаж, туршлагаа хуваалцлаа. Замын ажлыг эмэгтэй хүн хийхэд ажлын ачаалал, цаг агаарын нөхцөл, биеийн хүч шаардах зэрэг олон хүндрэл гардаг талаар оролцогчид онцолсон. Мөн шинэ залуу замчин бүсгүйчүүддээ урам зориг өгч, мэргэжлээрээ хэрхэн тууштай ажиллаж, амжилтад хүрэх талаар зөвлөгөө, сургамжаа ч хуваалцлаа. Ажлын талбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний ур чадварыг дэмжих нь салбарын хөгжилд чухал хэмээлээ. Түүнчлэн ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэрэг асуудал байгаа эсэх, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах орчныг бий болгох талаар санал бодлоо солилцож ярилцлаа. Энэхүү хэлэлцүүлэг нь замын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, тулгамдаж буй асуудлыг ил тод хэлэлцэх, харилцан туршлага солилцох чухал арга хэмжээ боллоо. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй замчдын хөдөлмөрийн норм нэг түвшинд байдаг. Гэтэл Хөдөлмөрийн хуулиар эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээ ялгаатай. Мөн доргилт чичиргээ ихтэй зарим төхөөрөмжөөр эмэгтэйчүүд ажиллах боломж хязгаарлагддаг. Тиймээс энэ тал дээр хөдөлмөрийн норм, ажлын ачааллыг дахин эргэж харах шаардлагатай гэж боддог.
Замчны ажил бол бусад мэргэжилтэй харьцуулахад ачаалал ихтэй. Халуунд халж, хүйтэнд хөрч, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Гэхдээ энэ ажлын онцлогийг мэдэж, ойлгож байж л хүмүүс энэ салбарт орж ирдэг. Хүн анхнаасаа бүхнийг мэддэг, чаддаггүй, харин дадал туршлага, хамт олны дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлээр суралцаж, хөгжиж, даван туулдаг.
Эмэгтэй хүн хүрз бариад жилийн дөрвөн улиралд, янз бүрийн нөхцөлд ажилладаг. Заримдаа цасан шуурга тавина, зам цасанд дарагдана, шороон шуурга нүүр нүдгүй шуурна. Гэсэн хэдий ч “Энэ ажлыг хийж чадахгүй” гээд хаяад явдаггүй. Тэсвэр хатуужилтайгаар ажлаа хийсээр байдаг.
Залуу замчид ахмад эгч нараасаа урмын үг сонсож, туршлагаас нь суралцан, цаашид ажиллах урам зоригийг авлаа. Эрс тэс уур амьсгалд, шөнийн ээлжинд гарах, биеийн хүчний ажил хийх зэрэг олон сорилттой замчид тулгардаг. Ялангуяа хүйтний улиралд эмэгтэйчүүд гадаа дороосоо даарч хөрөх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Тиймээс ажлын хувцас, ялангуяа ажлын гутлын чанарыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1 дүгээр заалтыг онцлон дурдлаа. Тус заалтад ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан болон гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглодог талаар танилцуулсан юм. Тухайлбал, бусдын эрүүл мэндийн эсрэг зодох, цохих зэрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэрэг үйлдлийг хориглодог. Мөн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалан ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсвэл хохироохоор айлган сүрдүүлэх, болзол тавих зэргээр бэлгийн дарамт үзүүлэхийг хатуу хориглодог байна. Хэрэв ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл тухайн байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, үйлдвэрчний эвлэл, холбогдох төрийн бус байгууллага, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын ХЭҮК, шүүхэд гомдол гаргах эрхтэй байдгийг тайлбарлан танилцууллаа. Мөн гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, холбоо барих мэдээллийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байрлуулах үүрэгтэй аж. Ажлын байранд эмэгтэйчүүдийг үл ойшоосон, дорд үзсэн хандлага ажиглагддаг талаар оролцогчид ч дурдсан. Жишээлбэл, “Одоо төмөр бетон дэртэй болчихсон, ажил гэж юу байсан юм, хуучны эмэгтэйчүүдийн ажилтай харьцуулахад та нар жаргаж байна” гэх мэт үг хэллэг гардаг тохиолдол байдгийг дурдлаа.
Ийнхүү эмэгтэйчүүдийн санал, шүүмжийг нэгтгэн Замын захиргаа, удирдлагуудад хүргэхээр боллоо. Ингэснээр салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг удирдлагад хүргэх ач холбогдолтой. Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг онцлон хөндлөө. Үүнд, ажлын гутлын чанарт анхаарч, чийг татахгүй, дулаан байх, ажлын хувцсыг дулаан, хөнгөн, хөдөлгөөнд саадгүй, чанартай хийх, Төв эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн үйл ажиллагаа, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, хүүхэд өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох зэрэг ажилтанд ээлтэй зохицуулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд байв.
Мөн хамтын гэрээнд “ажлын хувцсыг эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн онцлогт тохируулан хийх” гэсэн заалтыг сайжруулж, шинэчлэн тусгаж чадсан талаар Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан онцлон тэмдэглэсэн юм.
Чуулга уулзалтын үеэр бригадын дарга Т.Цэнд, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр Манлайллын боловсролын үндэсний төвийн илтгэгч багш Б.Батням илтгэл тавилаа. Мөн, “Юнител” компаниас оролцогчдод дата эрхийг бэлэглэж байв. Замчин эмэгтэйчүүдийн гэр бүлийг дэмжих зорилгоор Ард санхүүгийн нэгдлээс ажилтнуудын 18 хүртэлх насны хүүхэд бүрт гурван ширхэг хувьцаа, койн бэлэглэлээ. Ингэснээр хүүхэд бүрт ойролцоогоор 40-50 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын эхлэлийг бий болгож байна. Мөн азтай арван эмэгтэйг шалгаруулж, урамшуулан шагнаж баярлууллаа.
Дуу хуур цалгиж, инээд бялхсан, асуудлаа ил тод ярьсан, доргио эрч хүчтэй, нээлттэй, алга ташилт дүүрэн эмэгтэйчүүдийн баяр сайхан болж, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхныг кино үзүүлснээр эл арга хэмжээ өндөрлөлөө.
П.Түмэндэмбэрэл
