“Аав минь насаараа замын мастераар ажилласан. Говийн шаргал наран доор мөнгөн утас шиг гялалзан цайрах хос замаа даган бөртийтөл алхаж яваа аавын минь төрх одоо хэр нь сэтгэлд тод зураглагддаг юм. Миний аав говийн хатуу ширүүн нөхцөлд ажлын хүндийг үүрч явсан ч өвчин зовлон огт хэлдэггүй эрүүл чийрэг хүн байлаа. Харин гавьяаны амралтад суусных нь дараа хоёр хөл нь майга болчихсон. Тухайн үед би Японд сурч байсан болохоор бүр зорин байж аавыгаа тэндхийн эмнэлэгт үзүүлсэн юм. Гэтэл Япон эмч нар “Энэ хүний хөл өвчний шалтгаанаар майга болоогүй ээ. Харин алхалтын хэм нь алдагдчихаж” гэж билээ... Тэд үнэхээр л гайхамшигтай оношилсон. Хөөрхий, аав минь насаараа дэр модон дээгүүр догонцож алхсанаасаа улбаатай майга болчихсон юм билээ...” хэмээн нэгэн ахмад төмөр замчин надад хуучилж билээ. Саяхан харин замын мастераар 30 гаруй жил тууштай ажилласан МУ-ын гавьяат тээвэрчин Д.Сандагтай ярилцаж байхуйд “Замын мастерууд говийн халуунд улайстлаа халсан зам төмөр рүү өдөржин ширтэж явдаг болохоор хар залуугаараа үс нь халцарч, нүд нь улаан болдог юм даа...” хэмээсэн нь тухайн мэргэжил хэр их тэсвэр тэвчээр шаарддаг ажил болохыг маш товчхон бөгөөд тодорхой илтгэх шиг санагдсан. Олон хүний хэлж, дүгнэснээр замын мастерын ажлыг замчин эрчүүд зөвхөн мэдлэг төдийгүй ур ухаан, тэсвэр тэвчээрээрээ шийр зааж хийдэг гэмээр. Харин энэ удаагийн дугаартаа эрчүүдтэй мөр зэрэгцэн эрхэм албыг тасралтгүй 20-иод жил нэр төртэйгээр авч яваа нэгэн бүсгүйтэй уулзуулахыг зорилоо.
Замын IV ангийн IX хэсгийн мастер Лувсансодномын Бямбадорж. Анх 13-хан настай зургадугаар ангийн сурагч аав ээждээ туслах гэж Замын-Үүдэд туслах замчны ажилд орж, элс ачиж эхэлсэн цагаасаа төмөр зам гэх их айлтай нэгэн насаа холбох сэжүүр тавигдсан гэдэг. Л.Бямбадорж мастерийн аав нь Замын IV ангийн нярав, ээж нь мөн ангидаа замчин, тор засагчаар ажилладаг байж. Түүгээр ч зогсохгүй хоёр ах нь ч төмөр замчид гээд бодохоор УБТЗ хэмээх их айл энэ гэр бүлийн хувьд үнэт зүйл байхаас аргагүй биз ээ. Тийм ч учраас Л.Бямбадорж 1991 онд Төмөр замын техник мэргэжлийн сургуулийг замчин мэргэжлээр төгсөж, мөн оныхоо долдугаар сарын 20-нд Замын IV ангидаа ахлах замчнаар томилогдсон байна. Энэ тухайд тэрбээр “Би тухайн үед IX хэсэг буюу 1049 дүгээр точкаас ажлын гараагаа эхэлсэн. Манай ангийн даргаар МУ-ын гавьяат тээвэрчин Г.Вандандагва ажиллаж байлаа. Намайг Дарьсүрэн багшийн маань төрсөн ах Санзаажав гэж сайхан мастер тосож авсан юм. Тэр цагаас хойш эгч нь точка дээр 30 гаруй жил ажиллаж байна даа. Эндээ дасчихсан болохоор ч тэр үү төв рүү орох тухай бодол огт төрдөггүй. Нөхөр бид хоёр мэргэжил нэгтэй хүмүүс. Бид оюутан ахуй цагаасаа үерхэж, ажил, амьдралын замаа холбосон юм. Өмнө нь, манай хүн замчин, би бригадын дарга нь байлаа. Дараа нь би мастер болж, нөхөр миний ажлыг авсан. Манайх хүү, охин хоёртой. Хүү минь төмөр замчин удмаа үргэлжлүүлсэн. Одоо Дохиолол холбооны III ангид Улаан-Уулын хэсэглэлийг хариуцсан инженерээр ажиллаж байна. Охин маань харин Япон улсад олон улсын аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байна. Би эзэмшсэн мэргэжилдээ маш их хайртай. Г.Сэрээнэндорж даргын үед “Айст Монголиа” телевизийнхэн манай хэсэгт ирж нэвтрүүлэг хийсэн. Тэр үед “Ган зам” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Л.Сэнгээ дарга ирж бидний ажил мэргэжлийг цэнхэр дэлгэцээр төдийгүй төмөр замчдынхаа төв хэвлэлээр сурталчилан таниулах ажилд гүн туслалцаа үзүүлж байлаа. Дараа нь Д.Жигжиднямаа даргын үед Японы “NHK” телевизийнхэн ирж зураг авалт хийж байлаа гээд сайхан дурсамжууд бишгүй их дээ” хэмээн ярилаа.
Л.Бямбадоржийн ажил мэргэжлийнх нь тухай ярианаас бахархлын өнгө аяс нэвт мэдрэгдэж, замчдын тухай дурсамж дурьдатгалаас олон айлын хүүхдийг ээжийн хайраар хайрласан, дотогш өмөлзсөн дүр төрх улам бүр тодрон байлаа. “Би 20-иод жил замын мастераар ажиллаж байна. Манай ангийн удирдлагууд бол үнэхээр мэдрэмж өндөртэй хүмүүс. Ийм сайхан удирдагч нарынхаа удирдлага доор ажиллаж байгаа учраас итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж явдаг даа, эгч нь. Хөдөөгийн буйдхан точикт хүний амьдралын жаргал, зовлон, баяр хөөр гээд бүхий л үйл явц өрнөж байдаг юм шүү дээ. Тийм ч учраас мастер хүний хийх ажил ихээ. Цагдаа, эмч, багш, дарга гээд л бүх төрлийн ажлыг хийх шаардлага тулгарна. Товчхондоо, маш их ур, ухаан, мэдлэг чадвар шаарддаг нарийн мэргэжил юм даа гэж боддог. Нэг удаа тор засагчийн маань гэргий төрөөд, хүүхдийг нь би эх барьж байлаа. Хүйн хүүдээ би Мөнхсайхан гэж нэр хайрласан. Одоо миний хүү чинь том залуу болсон, машинчаар сурч байгаа гээд л бодчих.... ” хэмээн ярихад нүднийх нь аяганд нулимс цэлэлзэж харагдсан юм. Мастер хүн удирдлагууддаа үнэлэгдэж, хамт олондоо хүндлэгдэхийн учир, басхүү өөрөө ажилдаа дурлаж, дасахын шалтгаан чухамдаа үүнд л оршдог болов уу.
Аливаа байгуулагад олон жил ажилласан хүмүүс бусдаасаа илүү тогтвор суурьшилтай байдаг гэх ойлголт бий. Харин Замын мастерын үүргийг хүлээн авсан хүмүүс ахмад, залуу, ажилласан хугацаанаасаа үл хамааран энэ ажилдаа сэтгэлтэй зүтгэлтэй байдаг нь Замын IV ангид сурвалжлагаар ажиллах явцад илтэд анзаарагдсан. Энэ бүхэн ангийн удирдлагын мастертаа үзүүлж буй итгэл, замчдын мастераа хүндэлж буй хүндлэл дээр тогтдог байх гэсэн бодол зурсхийн буусан.
Түүний адилаар эгэл замчдаа удирдах үйлст хүчин зүтгэж яваа залуу мастеруудын төлөөлөл болох Замын IV ангийн I хэсгийн мастер Н.Баярбат “Би 2018 оны аравдугаар сарын 8-нд эндхийн мастераар томилогдсон. Манай хэсэг гол замын 27 км-ээс гадна 2014 онд байгуулагдсан УБТЗ-ын хамгийн анхны микрпорцессорын төвлөрүүлэлттэй 36 дугаар зөрлөгийг хариуцан ажилладгаараа онцлогтой. Манай хэсэг 2020 онд ангийнхаа “Аварга хэсэг”-ээр 2021, 2022 онд дэд байрын шагналыг хүртэж байсан гээд бүтээлч, шинийг санаачлагч, эвсэг хамт олон. Ангийн хэмжээнд өрнүүлж байгаа ажлын байрны эмх цэц, тав тухтай байдлыг бүрдүүлэх зорилт бүх 5C хөтөлбөрийн хүрээнд бид хэсэгтээ 3Х3 стандартын сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Энэ талбай анх байгуулагдахдаа улсын хэмжээнд гурав, аймагтаа цор ганц нь болж байлаа. Мөн 15х10 метрийн хэмжээтэй хүүхдийн тоглоомын талбай, усан бассейн, биллъярд ширээ, замын хэсгийнхээ ойр тойронд явган хүний стандарт замтай гээд хүрээлэн буй орчноо хамгийн тав тухтай болгохыг зорьсон. Манай замчид явган хүний замаа дагуулаад мод тарьж ургуулсан. Мөн ангийн хэмжээний мод үржүүлгийн талбайг хэсэгтээ байгуулсан. Тус талбайдаа ургасан хайлааснаас өнгөрсөн онд өөрсдөө үрийг нь аваад 200-300 ширхэг хайлаасны үрсэлгээ суулгаснаас 90 гаруй хувийн ургалттай байна. Ер нь аль ч газар өөрөө өөрсдийнхөө хүрээлэн буй орчноо бүрдүүлж буй учраас энэ хэсэгтээ илүү элэгтэй, хайртай байдаг. Сайншандынхаа төвд ойрхон учраас манай замчид харьцангуй тогтвор суурьшилтай. Миний хувьд замчдаа аль болох төв рүү явж цаг алдахгүй байхад чиглэсэн бүх арга хэмжээг авч ажилладаг даа” хэмээн ярьсан нь мастеруудын талаарх миний дүгнэлтийг улам бататгах мэт санагдсан.
Чухамдаа олон жил ажилласан хашир туршлагатай мастеруудын дурайтал зурсан дардан жимээр дараагийн замчдын чадварлаг удирдагчид замнадаг аж. Үе үеийн нэрт мастеруудын дундаас өөрийн гэсэн тод мөрөө дурайлгаж яваа нь яах аргагүй Л.Бямбадорж. Зам дагасан бүсгүй заяандаа эзэн сууж, эгэл замчдынхаа дунд ижийн сэтгэлээр хөдөлмөрлөж яваа түүний тухай зурвас тэмдэглэлээ энэ хүргээд өндөрлөе. Хөдөөгийн бяцхан точкад замчдын амьдралыг цэцэглүүлсэн түүн шиг удирдагчид говийн наран, хос зам хоёртойгоо нэгэн насны тавилан заяагаа ижилсүүлэхдээ түүнийг даган алхах шар хантаазтай замчидтайгаа ч зүрх сэтгэлээрээ аргамжигддаг юмсанж.
Б.Дэлгэрхишиг
