Нүүр Дугаарын сурвалжилга Зам дагасан 25 жил
Дугаарын сурвалжилга

Зам дагасан 25 жил

G.Press 2 жилийн өмнө 49 үзэлт 0 сэтгэгдэл

 

“2000 оны намар оройхон цаг. Замын есдүгээр хэсэгт мастераар томилогдоод удаагүй байсан үе. 1058 дугаар км-т ганцаараа зам шалгаад явж байв. Ажилдаа улайраад элдвийг анзаарах сөхөөгүй явснаа холгүй, ердөө 200-300 метрийн зайтай долоон чоно явахыг гэнэт олж харав. Тэрхэн зуур хамаг бие хөшиж, ар нуруугаар хүйт даагаад толгойн оройноос хөлийн ул хүртэл биеийн шар үс босчих шиг... Гартаа цупнээс өөр зэвсэггүй надад “Ингээд л дуусдаг юм байж...” гэх бодол зурсхийв. Гэтэл тэд намайг огт тоосон шинжгүй хоорондоо тоглоод цаашаа холдон явахыг нь хараад уртаар амьсгаа авч билээ” хэмээн Замын IV ангийн 17 дугаар хэсгийн мастер, мэргэжлийн аварга Борхуягийн Батхүү төмөр зам дагасан 25 жилийн хугацаанд тохиосон мартагддаггүй дурсамжуудаас энэ түүхийг онцлон бидэнтэй хуваалцсан юм.

Монголчууд чоно ижил тэнгэртэй хүнд үзэгдэж, илүү тэнгэртэйд нь амиа өгдөг гэлцдэг. Тэр долоон чоно ажил амьдралынхаа гараан дээр зогсож буй залуу мастерын ирээдүй гэрэлтэй гэгээтэй байхыг зөгнөсөн азтай тохиол байжээ гэж өдгөө “тайлагдаж” байна. Юм бүхэн учиртай. Учрал тохиол бүхэн ерөөлтэй гэж энэ бизээ.

Б.Батхүү Зүүнхараад төрж, хотод өсжээ. Тэрбээр, 79 дүгээр сургуулийн наймдугаар анги, 53 дугаар сургуулийн аравдугаар ангийг төгсөөд Төмөр замын коллежийн замын техникчийн ангид 1995 онд элсэн орж, 1998 онд төгссөн байна. Төгсөөд говь руу хуваарилагдахад нь аав нь ““Аавын бийд газар үз” гэдэг юм. Миний хүү явсан нь дээр” хэмээн ууган хүүгээ вокзалаас үдэж гаргасан тэр өдөр саяхан мэт санагдавч хэдийнэ 25 жил улирчээ.

-Би Замын IV ангийн Зүүнбаян дахь 13 дугаар хэсэгт замчнаас ажлын гараагаа эхэлсэн. Бөөн онолоор цэнэглэгдсэн ч ажил амьдралын хувьд “нов ногоон” л очсон доо. 1998 оны долдугаар сарын 1-ний оройхон Зүүнбаянд хөл тавьсан юм. Хоночихоод маргааш өглөө нь гадагш гарч чаддаггүй. “Пээ ийм халуун байж болох юм уу?” гэж өөрийн эрхгүй дуу алдаж байснаа мартдаггүй юм. Тийм л хүнийг хэсгийн мастер Эрдэнэчимэг багш минь угтан авч, “Төмөр зам гэж юу байдаг, замчин хүн юу хийх ёстой. Зам хэмжигч гэж тэр, тууз нь энэ гээд  л...” амьдралын хичээлийг ёстой “А”-аас нь заасан даа. Эрдэнэчимэг мастерын нөхөр нь Дорж гэж ахлах замчин байсан. Тэр хоёр хүнээс их зүйл сурсан. Тэднийх олон хүүхэдтэй өнөр айл байлаа. Надад хүүхэд шигээ, дүү шигээ л элгэмсэг хандаж байсан. Эрдэнэчимэг багш минь одоо байхгүй л дээ. Тэнгэрийн оронд одсон. Тэд намайг төмөр замчин болгож өгсөн багш нар минь гэж үргэлж талархаж явдаг хэмээв.

Говийн халуун хэр хурдан дасав гэхэд долоо хоноход л гайгүй санагдаж, гурван сар болоход дасчихдаг юм билээ. Хэрвээ би Эрдэнэчимэг мастерын хэсэгт хуваарилагдаагүй бол магадгүй буцаад явчих ч байсан юм билүү гэж бодогддог шүү. 13 дугаар хэсгийн ах эгч нартаа үргэлж баярлаж явдаг. Шинэхэн замчин болсон үеэ эргээд бодоход эцэг эхээсээ хол, анх удаа бие даагаад ажил хийхээр ирж байгаа залууст анхны сэтгэгдэл, тосож авч байгаа хамт олны нөлөө их чухал санагддаг шүү хэмээв.

Замчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр удалгүй Замын-Үүдэд бригадын дарга, 2000 онд Авгын голд замын мастерээр томилогджээ. Дараа нь Улаан-Уулд.

Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө миний бие, Замын IV ангийн хэсгүүдээр сурвалжлага хийн Замын-Үүдээс Улаан-Уул хүртэлх явсан юм. Замын хэсэг бүхэн л өөр өөрийн өнгө төрх, онцлогтой байсан санагдана. Тэр дунд Улаан-Уулын мастер залуу хэсгийнхээ эргэн тойронд мод тарьсан нь сэтгэлд тод үлдэж. Тухайн үеийн ангийн ерөнхий инженер Д.Төгсжаргал “Манай Б.Батхүү мастер говьд мод тарьж гаршаад байгаа. Дээр нь сумын ИХ-д сонгогдож, төр төмөр замын гүүр болж яваа” гэж онцлон магтаж байж билээ. Тухайн хэсэгт арваад жил болохдоо тэрбээр 3000 орчим мод тарьсны 80 гаруй хувь нь амжилттай ургажээ. Мөн сумын Иргэдийн хуралд гурван ч удаа сонгогдон ажиллахын сацуу сумын Залуучуудын холбооны даргаар долоо найман ажилласан байна. Тэрбээр, төмөр замчид орон нутгийнхаа иргэдийн хуралд сонгогдож төмөр замчдаа төлөөлөх нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, аюултай бүсийн дэглэм зэргийг орон нутгийн удирдлагаас эхлээд ард иргэд, малчдад ойлгуулахад их дөхөмтэй байдаг. Энэ чиглэлээр ухуулга сурталчилгаа их хийдэг байлаа. Жирийн нэг төмөр замчин залуу биш, сумын ИХ-ын төлөөлөгч гээд очиход шал өөр хүлээж авна. Улаан-Уулд байхад олон сайхан дурсамжийг бүтээсэн. Хамгийн хүнд, хэцүү шалгуурыг ч замчидтайгаа туулсан. Говьд ган гачиг нүүрлэсэн он жилүүдэд, хавар, намартаа зам элсэнд дарагдчихна. Замчид маань хүрз бариад элсэнд дарагдсан замаа цэвэрлэдэг байлаа. Тэр жилүүд их хэцүү санагдаж билээ. Гэхдээ одоо эргээд бодоход тийм ч хэцүү биш байж гэж бодогддог. Бэрхшээл саад гэдэг түр зуурынх. Түүнийг даваад гарсан хойно хэцүү санагддаггүй юм билээ. Мод тарих болсон минь ч тэндээс эхтэй юм. Мод тарих их сайхаан. Өчүүхэн жижиг суулгац маань өдөр ирэх тусам ургаж өндийхийг нь харах их урамтай. Улаан-Уулд би амралтын өдрүүдэд өөрөө очиж тарьсан модоо усалдаг байлаа. Тэндээс явахдаа замчдадаа хүүхдээ үлдээж байгаа хүн шиг хэдэн модоо захьсан. Манайхан ч сайхан арчилж ургуулж байгаа юм билээ. Галт тэргээр нааш цааш явахдаа Улаан-Уул дээр найман минут зогсдог болохоор бууж, хэдэн модоо очиж үзэж, нэг тойрчихоод буцаад суучихдаг гээд /инээв/.

Өдгөө тэрбээр, Замын-Үүдийн 17 дугаар хэсэгт ирээд найман жил болжээ. Тэнд бас тэрбээр мод тарих үйлсээ үргэлжлүүлж байгаа гэв. Сүүлийн гурван жилд л гэхэд 2021 онд 1000-аад, 2022 онд 300 гаруй, энэ жил 150 орчим мод тарьжээ. Мод суулгах нэг өдрийн ажил. Арчилж ургуулах нь хэдэн мянган өдрийн хичээл зүтгэл, хөдөлмөр. Тэр үүнийг хэн хүнээс сайн мэднэ. Тарьсан модныхоо усалгааг хүртэл өөрөө харж, тохируулна. Замчдадаа ч нарийн зааж зааварладаг гэнэ.

Амьдрал гэдэг урьдчилан тааж тааварлашгүй сорилтоор дүүрэн байдаг хойно. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед барагтай хүн барьц алдахаар үеүд зөндөө байлаа. Тур дундаа урд хилийн боомтод ажиллаж, амьдарч байсан төмөр замчдын хувьд ямар байсныг асуухад даруухнаар “Хэн хүнгүй л хичээх хүндхэн цаг үе байлаа. Гэхдээ миний хувьд хатуу хөл хориотой тэр үед Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдоод байсан. Гэртээ харьж чадахгүй 2-3 сар болох энхүүхэнд. Ар гэрийнхэндээ санаа зовнино. Бас хэсгийнхээ хамт олны талаар байнга чих тавина. Манай замчид Замын-Үүддээ тусгаарлагдаад ажиллаж байсан. Зарим нь бүтэн сараар ч гэртээ харилгүй ажилласан гэсэн. Ямартай ч бид хамтдаа тэр цаг үеийг ардаа хийчихсэн байна. Нөгөө талаар, би шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцсондоо баяртай байдаг. Монголчууд өөрсдөө ийм том бүтээн байгуулалтыг бие даагаад хийж чадна гэдгээ нотлон харуулсан. Би гар механикжсан аргаар зам тавих бригадыг удирдаж байсан. Бид өдөрт 1.5 км зам угсарч байсан. Сүүлдээ туршлагажаад ирэхээрээ хоёр бригад гаргаад өдөрт 2.4-3.0 км зам угсарч байв. Бидэнтэй зэрэгцээд ЗХЖШ-ийн дөрвөн анги мөн төмөр зам угсрах ажил гүйцэтгэсэн. Тэднийг анх яаж төмөр зам баринаа гэж боддог байсан. Мэргэжлийн зүгээс бид зөвлөн тусалж ажилласан. Гэтэл тэд дорхноо сураад л замаа бариад эхэлсэн. Тэр үед Монголчуудынхаа чадварыг бахархаж, маш их урам зоригтой байсан. Бидэнд урд нь хийж үзээгүй ажил, янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Тэр бүгдийг яаж хийх үү, ямар арга зам байна гэдгийг бүгдээрээ хэлэлцээд шийдвэрлэдэг байлаа. Барьсан зам дээгүүрээ зүтгүүрт суугаад замаа шалгаад явж байхад бас л огшдог юм билээ шүү хэмээн бахархан ярилаа.

Та 22-хон настай мастер болсон гэлээ ямар сэтгэгдэл төрж байв гэхэд “Замын мастер гэдэг хариуцлага өндөртэй ч хүндтэй сайхан ажил шүү дээ. Хэсгийнхээ 20-30 замчны ар гэр амьдрал ахуй бүх зүйлийг нь зэрэг авч явах үүрэг ногдож буйг эрхгүй ухамсарласан. Есдүгээр хэсэгт байхад “Мастераа хүүхэд халуураад байна” гээд хүүхдээ тэврээд ороод ирнэ. Эмч аятай хүүхдийг нь үзнэ дээ. Айл гэрийн хоёр муудвал хооронд нь эвлэрүүлнэ. Замчид маань гэртээ хоолтой ундтай байна уу гэж орж шалгана. Бүх юманд нь оролцдог байлаа. 22 настай намайг надаас хамаагүй ахмад, тэтгэвэрт гарах гэж байгаа замчид хүртэл “Та”, “Мастераа ...” гэнэ. Айл орвол “Мастер дээшээ суу” гээд л.. Тийм их хүндэтгэл, итгэл хүрээд ирэхээр би өөрөө буруу явж болохгүй, юманд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү дээ. Түүнд нь их баярлаж, улам илүү хариуцлагатай байхыг хичээдэгсэн. Хэрвээ би ойворгон сагсуу байсан бол хэн намайг хүндэлж, хэн надад итгэхэв дээ. Миний тавьсан шаардлага үнэ цэнэгүй байна. Хүндэтгэл хүндэтгэлээс л төрнө дөө. Бусдыг аашилж, загнаад хүндэтгэл хүлээнэ гэж хүлээгээд ч яах вэ. Хүнтэй хүн л гэж харьцах нь чухал. Тэр үед би хэсгийнхээ хамгийн залуу нь байж. Одоо бол хамгийн ахмадын тоонд орчихлоо. Төмөр замчид их залуужиж байна даа гэв.  

Түүний гараас ажил амьдралын замд дөрөөлсөн залуус цөөнгүй. Шавь нараас Замын ангид 2-3 инженер, техникч, говийн шинэ төмөр замд ч инженер, техникч, бригадын дарга нар ажиллаж байгаа гэв. Залуус шинэ төмөр зам руу хошуурах юм танд тийм ажлын санал ирэх юмуу гэхэд “Ирсээн, ирсэн. Хэд хэдэн удаа шүү. Гэхдээ би Замын IV ангиасаа хаашаа ч явъя гэж боддоггүй. Миний амьдралыг залгуулж, намайг хүний зэрэгт хүргэсэн хамт олон, ажил мэргэжилдээ дэндүү хайртай” хэмээн эрсхэн хариуллаа.

Замын мэргэжлийн аваргын шагнал хүртсэн мэдээгээ хамгийн түрүүнд аавдаа дуулгажээ. Аав минь их баярласан. Ийм хүндтэй шагнал хүртэхэд хамт олны минь хувь нэмэр их бий. Тиймээс хамт олондоо, алба, ангийн удирдлагадаа  баярлаж талархаж явдаг шүү.

Б.Батхүүгийн нэг дүү түүнийг дагаж замчин болжээ. Мөн нэг дүү нь Замын-Үүдэд цэцэрлэгийн багшаар ажилладаг бол хоёр дүү, аав нь хотод аж төрдөг байна. Харин ээж нь 2000 онд бурхан болжээ.

Түүний гэргий О.Болормаа Замын-Үүд ШАА-д ачаа вагон хүлээлцэгцээр ажилладаг аж. Б.Батхүү Зүүнбаянд шинэхэн замчин байхдаа Зүүнбаян насныхаа ханьтай танилцсан гэдэг. Удам залгасан төмөр замчин бүсгүйг оюутан байхад нь танилцаж айл гэр болсноос хойш 20 гаруй жилийг үдэж, охин хүү хоёртой болжээ. Том охин нь Солонгост сурдаг бол бага хүү нь дунд сургуулийн есдүгээр анги гэнэ. “Би хүүгээ төмөр замчин болоосой” гэж боддог. Гэхдээ өөрөө юу гэхийг мэдэхгүй юм” гэлээ.

“Сайн санааны үзүүрт тос” гэдэг. Б.Батхүү мастер очсон газар бүртээ мод тарьж, буян бүтээж, бусдын хүндлэл хүлээсээр л... Нэг мод тарих мянган зул асаахтай тэнцэх буян гэдэг. Ингэж бодвол ч...

 

Б.Гүнжинлхам 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.