Хүүхэд байхдаа холын тээвэрт эмэгтэй жолооч явдаг тухай сонсож, “Хол газар аймаг, сум алгасан явах хэцүү байх. Машин нь эвдэрвэл яана” хэмээн санаа зовж билээ. Сүүлд эмэгтэй жолооч олширч, тэднийг хараад огт гайхаагүй юм. Тэгтэл саяхан Баянтүмэн тасагт очихдоо Замын хэсгийн “ГАЗ-53” машиныг олон жил жолоодож, дараа нь хувиараа Улаанбаатар-Чойбалсан хооронд тээвэрт явдаг байсан С.Наранцэцэгтэй уулзаж ярилцахад хүүхэд насандаа эрэмгий нь дэндсэн эмэгтэй жолооч нарын тухай төсөөлөл тодхон санагдав. Ингээд түүний яриаг сийрүүлэн буулгаснаа толилуулъя.
Ажил төвтэй амьдрал үргэлжилдэг байлаа
-Би Баянтүмэн тасгийн энэ хонхорт буюу төмөр замын тосгонд төрж, эндээ дунд сургуульд сурсан. Тэгээд ТМС-ийг төгсөн жолооч болж, 19 настайдаа төмөр замтай ажил амьдралаа холбон Авто гражид жолоочоор орж байлаа. Надад өгсөн машин нь “ГАЗ-53”. Би тэр машинаа хоёр жил барьсан. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Хэсэг болгонд л нэг хүн байсан. Нийт долоон мэргэжилтэн нэг инженертэй. Би Виктор Владимирович Резниченко инженерийн удирдлагад мэргэжилтний жолоочоор фургон барьдаг болсон. Хэл мэдэхгүй учир ажил амаргүй санагдан Тасгийн дарга Д.Будхүү гуай дээр орж хэлтэл “Чамайг оросуудтай ажиллаад алдахгүй, харин ч ононо гэж бодож байна. Тийм учраас ажлаа хий” гээд өрөөнөөсөө бараг хөөгөөд гаргаж билээ. Нээрээ л хэсэг хугацааны дараа орос хэлээр тодорхой хэмжээнд ойлголцдог болсон. Нөхөр цэрэгт явсан учраас намайг нялх хүүхэдтэй гээд орос мэргэжилтнүүд Тасгийн даргад хүсэлт гарган улсын хоёр өрөө байранд оруулж байлаа. Би тэгэхэд 21 настай байсан. Даргын хэлснээр оносон зүйл их бий. Нийгмийн олон асуудлыг маань шийдэхэд тэд тусалсан даа. Дараа нь оросууд буцахад “ГАЗ-53” машинаа авч, Замын IX хэсгийн жолоочоор ажиллах болсон. Миний үүрэг өглөө, оройд ажилчид зөөх, дундуур нь эмчээ аваад дуудлагад явах ч үе гарна, цаг наргүй л ажиллана. Тэр үед ажил төвтэй амьдрал үргэлжилдэг байлаа. Хүүхдүүдээ төмөр замын цэцэрлэгтээ өгөөд л ажлаа нэгдүгээрт тавьдаг. Би энэ тосгондоо төрж, өсөж, ажиллаж, сайн муу бүхий л амьдрал минь өрнөсөн болохоор Баянтүмэндээ хайртай. Одоо аймгийн төвд амьдардаг. Аймгаас гараад тасаг руу ирэх зургаан км зам туулахдаа л сэтгэл огшдог юм.
Аав, ээж минь энэ хонхорт амьдардаг ч төмөр замд ажиллаагүй. Замын урдаа төмөр замчид, хойноо Гадаад худалдааны дамжлага баазын бараа бааз гэж байлаа. Аав тус баазад нарядчикаар ажилладаг байсан. Тухайн үед Оросоос л галт тэргээр бараа ирнэ. Тэдгээр барааг зүүн гурван аймаг руу хуваарилдаг. Аавыг Монгол Улсын алдарт уяач Т.Сэдэд гэхээр хүмүүс андахгүй. Ээж минь олон хүүхэд төрүүлж өсгөсөн, их цагаахан, өглөгч хүн байлаа. Хүнд гурван литр сүү өгдөггүй. 30, 40 литрээр нь авч ирээд ойр хавийнхандаа таваас дээш литрээр нь л тараадаг дэлгэмэл гартай хүн байсан даа. Би айлын 12 хүүхдийн дундах нь. Миний төрсөн ах, эгч нараас гурав нь бурхан болсон. Бид сүүлийн хэдэн жилд нь аав, ээжийнхээ гарыг амраахаар баруун таван давхарт авчирсан юм. Тэндээ таван жил амьдран тэнгэр болоод удаагүй байна. Ах, эгч нарын зарим нь жолооч. Социализмын үед эмэгтэй жолооч их цөөн, жолооч бол мэргэжил байлаа. Би аравдугаар ангидаа ахынхаа машиныг барьж аймаг орж үзчихээд “Жолооч болно” гээд бүрэн шийдсэн. Ер нь, өссөн орчин, ах эгч нарын ажил нөлөөлсөн байх. Уг нь би сурлага сайтай хүүхэд байсан. Анагаахын дунд сургуулийн хуваарьт тэнцсэн хэр нь аавдаа “Анагаахын дундад Дорноговь руу эрэгтэй хүүхэд авна гэнэ. Тиймээс Улаанбаатарт тээврийн ТМС-ийн авто жолооны ангийг авчихлаа” гэж худлаа хэлж билээ. Ингэж л жолооч болсон доо. Тэр үед Авто гражийн 50 шахам жолоочийн гурав нь эмэгтэй. Хамгийн залуу нь би болохоор ажлын ах, эгч нартаа их л эрхэлсэн дээ.
Холын замд ганцаараа айдаг л байлаа
-Нэг удаа Тасгийн эмнэлгийн “УАЗ-469” эвдэрсэн байхад шөнөөр яаралтай эмчийн дуудлага гарлаа. Манайх “ЗИЛ-130” машин олонтой. Бензин арай бага зарцуулдгаар нь ГАЗ-53 явуулахаар Д.Будхүү дарга намайг гэрийн утсаар дуудаж, эмэгтэй эмчтэй хамт Чингисийн далан руу явуулдаг юм. Шөнийн 00.00 цагт Даваадорж эмч бид хоёр тасгаас хөдөлсөн. 163 км зайтай шүү дээ. Очоод хүнээ үзтэл нэлээд муу тул хамгийн ойрхон эмнэлэг авч явах боллоо. Тэгсэн Эрээнцав орох галт тэрэг ирж, эмч маань өвчтөнөө аваад явсан. Би өглөө нь ажилчдаа зөөх ёстой учир 03.00 цагийн орчимд ганцаараа буцаад давхилаа. Тэр үед би 27-той л байсан санагдана. Замдаа маш их айж билээ. Учир нь, хаалганы шилэнд улаан гэрэл тусаж, дагаад болдоггүй. Жолооч нар “Чөтгөрийн гэрэл дагадаг” гэхийг сонссон болохоор айж, айдсаа дарахаар маш олон дууг нэг аяар чанга дуулаад л давхиад байж билээ. Уг нь нягтлаад харсан бол тэр нь урд хянахын улаан гэрэл л ойж туссан байхгүй юу /инээв/. Тэгсээр тав орчим км-ийн цаанаас аймгийн гэрэл харагдахад нэг юм тайвширч, өнөө чанга дуу маань суларсаар орж ирсэн. Энэ мэт холын замд шөнөөр ганцаараа явахыг алийг тэр гэх вэ. Азаар машин гэмтэж саатах нь ховор байсан даа. Ер нь, хүн ажил хийхэд хэн байх, эр эм, залуухан хүүхэн байх, зам хол байх нь хамаагүй шүү дээ. Ажил л бол ажил. Тэр үед манай Замын хэсгийн мастер Ц.Буд, мөн бригадын дарга, замчдын 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан. Хэсэг 23 км зам арчилдаг байлаа. Хамт олон минь одоо “Манай жолооч их манлайлагч, бусдыг уриалагч хүн байсан. Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүнийг ямар дарааллаар хэрэглэхийг Нараагаасаа мэдэж, ойлгосон” гэж ярьцгаадаг юм. Тиймээс хамт олон дундаа нэр хүнд гайгүй явж дээ гэж эгч нь баярладаг. Ажиллах хугацаандаа хэн нэгэнтэй муудалцаж үзсэнгүй. Хэнд ч муу юм хийгээгүй учир одоо надад нүүр бардам, сэтгэл амгалан байдаг.
Ханиас минь хойш “ГАЗ-53” л миний нөхөр болсон
-Эгч нь төмөр замдаа 20-оод жил ажилласан. 1990 он гарч нийгэм солигдсоноос хойш орос цэргийн ангийн тээвэр хумигдаж, 1200 ажилтантай байсан манай тасаг ажилчдаа цөөллөө. Тэгэхдээ жолооч нар машинаа худалдаж аваад гарч болно гэсэн боломж олгоход нь би шинэ ГАЗ-53 машинаа авсан. Тэгээд ч би эрүүл мэндийн шалтгаанаар группт гарч байсан юм. Ингээд Улаанбаатар-Дорнод хооронд хувиараа ачаа тээвэр зөөж эхэлсэн дээ. Өнөөгийнх шиг засмалгүй, Хэрлэн голын хойгуур явдаг, хонож хот хүрдэг байлаа. Ачааны эзэн хааяа хамт явна. Ихэвчлэн л ганцаараа. Нэг удаа машины кольц хугараад хүч нь муудлаа. Дуутын даваагаад арай гэж гараад “Яаж Улаанбаатар орно доо” гээд уйлж билээ. Хотоос гарсан хоёр ахмад жолооч даваан дээр таарахад нь би “Хэзээ нэг гуравдагч орны гоё машин бариад санаа амар явдаг болох бол. Орос машин их зовоож байна” гэтэл “Миний дүү харин ч азтай төрсөн эмэгтэй байна. Галын хайчаа бариад тулгын захаас холдоогүй монгол хүүхнүүд дүүрэн бий. Гэтэл чи жолоо мушгин хүрье гэсэн газраа хүрч, уулзъя гэсэн хүнтэйгээ уулзаж явна” гэж хэлсэн нь одоо ч мартагддаггүй. Ханиас минь хойш “ГАЗ-53” л миний нөхөр болсон. Үнэхээр би олон газар үзэж, олон хүнтэй уулзсан азтай бүсгүй. Тэр хоёр ахын үгэнд урамшиж, Улаанбаатар орж машинаа засуулаад буцаж байлаа.
Орон гэртэй болох гэж ор дэрээ марттал зүтгэсэн дээ
-Амьдрал хатуу шүү дээ. 32-хон настай байхад 33-тай жолооч хань минь зуурдаар бурхан болсон. Би 5-12 насны дөрвөн хүүхэдтэй, хадам ээжтэйгээ үлдсэн. Хань минь хүний ганц хүү учир ээжид нь биднээс өөр хэн ч байгаагүй. Би ханьтайгаа 17 жил амьдарсан бол хадам ээжтэйгээ 20 жил хамт амьдарсан. Дөрвөн хүүхэд, ээж, өөртэйгөө нийт зургаан амь тэжээх хүндхэн даваа нэг л мэдэхэд тулгардаг юм билээ. Би хүний төлөө биш, өөрийнхөө төлөө хүн болж төрсөн. Тиймээс миний төлөө аав ээж, ах дүү, амраг садан зовох ёсгүй. Өөрийнхөө амьдралын төлөө өөрөө л зүтгэх ёстой гэдгийг тэгэхэд ухамсарласан. Хадам ээж минь хүүхдүүдийг асарч, би ардаа санаа зовохгүй амьдралын төлөө зүтгэсэн. Хөөрхий ээж минь надад амь байлаа. Бид хоёр ер ам мурийж үзээгүй. Нөхөр маань нэг удаа намайг тэврээд хайрлан энхрийлж, би тэр хайранд нь нялхраад “Чиний ээж ганцхан чамайг л төрүүлсэн. Тиймээс би ээжид чинь насан туршид нь охиныг нь орлосон охин нь байна” гэж хэлж билээ. Тэр үгэнд нөхөр маань маш их баярласан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Түүнээс хойш хань минь удалгүй бурханд одсон. Харин би амласан ёсоороо ээжид нь төрсөн охин шиг нь л амьдарсан. Ээж маань арван хэдэн жилийн өмнө 79 хүрээд бурхан болсон Р.Дуламсүрэн гэж хөгшин байлаа. Ханийгаа нас барахад бид улсын байранд амьдарч байсан шүү дээ. Тэр үед оросууд явахад олон барилга үлдсэн юм. Тасгийн захиргаа “Чадвал мөнгөө тушаагаад нурааж ав” гээд дөрвөн хүний дунд нэг барилга өгсөн. Амьдрахын төлөө тэмцэж яваа би юунаас буцаж, няцах билээ дээ. Бурхан болоод удаагүй ханийнхаа бакалыг өмсөж, лоом бариад л орж байлаа. Манайхан тусалж, байшин барья гэсэн газарт материалыг маань ачиж буулгаж өгсөн юм. Дандаа хүний гар харна гэж байхгүй. Зургадугаар ангийн хүүтэйгээ хамжиж зургаан метртэй гуалингуудыг хөшүүргийн арга хэрэглэн хурааж цэгцлээд, удалгүй үнэ хөлсийг нь өгч сайхан байшин бариулан орсон. Гэвч гурван жилийн дараа гурван охин маань ээжийгээ холоос ирэхэд талх барьж, хоол хийж, цай чанасан угтъя гэж олон зэрэг юм залган гараад тоглоод явчихаж. Тэгсэн гал гараад байшин шатчихсан. Ингээд дөрвөн хүүхдээ тэврээд, өмссөн хувцастайгаа уйлаад л сууж байлаа. Хүүхдүүд маань галд өртөөгүй нь л аз гэж бодсон. Нэгэнт тийм юм болсон хойно одоо яах ч билээ. Улаанбаатар Дорнодын хооронд 6-10 сар хүртэл завсаргүй ачаа тээвэрлэж байгаад аймгийн төвд хоёр өрөө байр бэлэн мөнгөөр нь авсан. Орон байрны төлөө ор дэрээ марттал зүтгэсэн дээ.
Надад айж шантрах эрх байгаагүй
-Хэзээ ч би хэрэглээгээ голдоггүй. Хэрэгцээг хангаж л байвал ямар утас барих нь хамаагүй. Машин ч ялгаагүй. Одоо “Prius-20” машинаар бүхий л ажлаа амжуулж байна. Ажиллах хугацаандаа би “ЗИЛ-130” машинаар замын хажуугийн модыг усалдаг, бохирын машин бариад муу ус соруулдаг байлаа. Орос машины кранаас бусдыг нь унасан гэхэд болно. Гуравдагч орны гэснээс Солонгосын “Excel” орж ирэхэд нь авсан. Гурван оюутан зэрэг сурч байхад би мөнгө олохын төлөө үргэлж таксинд явдаг байсан. Бензин хийж, идэх хоол олохоос гадна хэнийх нь ч төлбөр нэхэгдсэн, хэн нь ч дэвтэр, үзэг, номын мөнгө нэхсэн бэлэн байх ёстой гэж зүтгэдэг байлаа. Чойбалсан хотод би арван жил таксинд явсан. Надаас өөр шөнө дунд ч хамаагүй явж байдаг эмэгтэй жолооч байгаагүй. Сайн, муу, эрүүл, согтуу янз бүрийн хүн сууна. Агсам тавина, зарим нь дээрэлхэх гэнэ. Яаж ийгээд л аргална. Надад айж шантрах, явахгүй гэх эрх байгаагүй. Зах дээр таньдаг хүн харагдвал дуудаж машиндаа суулгахыг хичээнэ. Мөнгө л олж байвал ичиж зовох шаардлагагүй гэж бодсон. Тэгсэн нутгийнхан намайг “Наашаа Нараа” гэж нэрлэсэн байгаа юм. Мэдэхгүй хүн сонсоод “Явдалтай хүүхэн байх нь” гэж боддог байсан биз. Гэтэл нөгөөх нь таксигаар хоёр, гурван зуун төгрөг олчих гээд л “Наашаа, наашаа” гэдэг байхгүй юу (инээв).
Ургуулсан модод маань үр жимсээ өгөх шиг сайхан юм үгүй
-Ер нь, би хөрөнгөтэй чинээлэг болъё гэж бодож үзээгүй. Харин амьдралаа босгоё, хүүхдүүдээ өлсгөж болохгүй, эрдэм номтой болгоё, сурч боловсроход нь юугаар ч дутаахгүй л гэж зүтгэсэн. Олсон мөнгөө маш сайн хуваарилж сурсан. Нэн тэргүүнд хүүхдүүдээ тосгоноос аймгийн сургуульд шилжүүлж, дунд сургууль төгсөөд бүгдийг нь их сургуульд сургасан. Би өөрийгөө эгэл жирийн ажилчин гэдэгтээ хэзээ ч гутраагүй. Гэхдээ л боловсролтой хүнээс нэг шат доор л байдаг юм билээ. Адаглаад дээд боловсролтой найзуудтайгаа ярилцахад миний мэдсэн юм арай л хомс санагддаг байлаа. Тиймээс би хүүхдүүдээ хэчнээн зөв өсгөлөө ч улсын их сургуулийн доктор, профессоруудын үг сургаал, мэдлэг тэдэнд хэрэгтэй гэж бодсон. Хүүхдүүдийнхээ төлөө би залуу насны аз жаргал, хайр сэтгэл гээд бүгдийг нь золиосолсон. Миний баялаг, үнэт зүйл маань дөрвөн хүүхэд минь учир өөр шигээ хар ажилтан болгохгүйг хичээсэн. Дунд сургуульд байхад нь хими, математик гээд аль болох нэмэлт хичээл заалгадаг байлаа. Том хүү одоо “Чойбалсан” нисэх буудлын дарга. Том охин уул уурхайн компанид гадаад харилцааны мэргэжилтэн. Дунд охин аймгийн Хас банканд ерөнхий нягтлан хийж байгаад Австралид төслийн менежментээр таван жил сурч ирээд удаагүй байна. Бага охин Улсын IV эмнэлэгт MRI, компьютер томографын эмчээр ажилладаг. Залуу насны зовлон өтлөх насанд жаргал болдог гэдэг дээ. Өнөөдөр би жаргаж байна. Ургуулсан модод маань үр жимсээ өгөх шиг сайхан юм үгүй. Хүүхдүүд маань намайг гурван эрх чөлөөтэй амьдруулдаг. Нэгдүгээрт, гэртээ ганцаараа өөрөөрөө байх эрх чөлөөг эдлүүлдэг. Хоёрдугаарт, санхүүгийн эрх чөлөө. Надад өгнө үү л гэхээс тэтгэврээс маань нэг ч төгрөг авахгүй. Гуравдугаарт, хүссэн газар руу аялуулдаг. Африкаас бусад тивээр аялж үзлээ. Ач, зээ гэвэл таван охин, таван хүүтэй болсон. Үнэхээр сайхан байна. Хүү маань надад зуслан авч өгсөн. Зунд нь зусландаа 26-27 төрлийн жимс тарьдаг. Варениа хийгээд өвөлжин идчихдэг. Мөн нарийн ногоо тариад даршилж байгаа.
Кабиндаа бол Түмэндэмбэрэл л явлаа
-Хүүхэд байхдаа сургуулийнхаа хэдхэн гоцлол дуучдын нэг нь байлаа. Дуунд их дуртай. Тэгээд жолооч болчихоор дуулахгүй явна гэж үгүй шүү дээ. Ер нь, дуулдаггүй жолооч ховор байх. Кабиндаа л Банзрагч, Түмэндэмбэрэл гэдэг дээ. Эгч нь кабиндаа бол Түмэндэмбэрэл л явлаа (инээв). Саяхан Баянтүмэний ахмадуудын шинэ жил дээр “Чи миний сэтгэлийн анд” дууг дуулсан. Ер нь, залуулаг байхыг хүсдэг. Орчлонгийн жамаар бие хөгширсөн ч сэтгэлээрээ залуу байх юм сан гэж боддог. Эгчид нь хоёр сайхан хүндтэй тэмдэг бий. Нэг нь “Онц тээвэрчин”, Тээвэрчдийн 90 жилийн ойгоор хүртэж байлаа. Нөгөөх нь дөрвөн хүүхэд төрүүлсний “Эхийн алдар” одон.
Түүнтэй цаг ч хүрэхгүй хугацаанд ярилцахдаа сэтгүүлч миний бие бахархаж, огшиж, зарим үед хоолой зангирч суулаа. С.Наранцэцэгийн амьдрал аз жаргал, баяр баясал, хагацал гуниг, тэсвэр, тэмцэл хатуужил хосолсон, яг л кино шиг ажээ.
М.Наранболд
Сэтгэгдлүүд
Цоглог бүсгүйдээ баяр хүргэе утт удаан жаргахыг ерөө
Manai angiin /tugsultii/ Sanjaajamtsiin ehner mash mundag busgui yma.Yariltsalgig nulims dusluulj unshla.Saihan mundag busgui mini ur huuhed ach zeeteigee on udaan jil eruul baij urt naslaj udaan jargaarai.Baharhaltai saihan busgui bainaa.
Энэ сайхан эмэгтэйтэй мөр зэрэгцэн ажиллаж төмөр замын тосгондоо амьдарч байлаа. Илэн далангүй ярьдаг маш энгийн чухал хүндээ. ГАЗ 53 машиных нь тэвшин дээр сууцгаагаад ажилдаа ирж буцаад л. Бидэнд дурсамжтай сайхан үе зөндөө байгаа.
Сайхан түүх байна аа. Хүний амьдрал баялаг юм аа. Эрүүл энх урт удаан наслаарай. 😊😇
Миний ээж амьд бурхан.
Мундаг эгч байна. Сайн сайхныг хүсье.
Ээж гэдэг хүмүүс бурхад юмдаа