Нүүр Нийгэм “За бол за гэдэг хүн” гэж хэн бэ?
Нийгэм

“За бол за гэдэг хүн” гэж хэн бэ?

G.Press 3 жилийн өмнө 227 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн  зөвлөх багш, доктор, профессор Р.Дарьхүүтэй  өнөөгийн нийгэм дэх хүний ёс суртахууны төлөвшлийн талаар товч ярилцлаа.


-Өнөөгийн нийгэмд хуурамч дүр төрх бүрдчихсэн санагдах юм. Хүнд итгэхэд бэрх.  Үүнийг үзэгдэл гэж ойлгох уу эсвэл дутуу болосрол гэх үү?    

   -Боловсрол бол  хүнийг амьдрах чадварт сургах, хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох чухал зүйл шүү дээ. Хүн байх мэдлэг ухааны хамгийн ууган нь философи. Түүний бүрэлдэхүүн нь ёс зүй. Ёс зүй нь ёс суртахууныг судална. Ёс суртахуун гэдэг хүний үнэт хөрөнгө юм. Ёс суртахууны хувьд төлөвшиж байж сая л хүн болно. Бусдыг  хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, хөдөлмөрч, хариуцлагатай.  Настайчууд ярьдаг даа. “За бол за гэдэг хүн” гэж. Энэ бүхэн чинь ёс суртахуун зан чанарын төлөвшил шүү дээ. Энэ төлөвшил манайд дутагдаж байгаа болохоос боловсролтой хүн илүүдээгүй.

- Манайхан гудамжаар зөрөхдөө барагтай бол зай тавихгүй. Гадаадынхан бие биеэ хүндэлдэг, зам тавиад өгчихнө. Энэ бүхэн нь тэдэнд  амьдралыг илүү таатай, хялбар болгоод байна л даа?

-Үүнийг хүүхдэд багаас нь албан болон албан бус сургалтаар төлөвшүүлж өгөх хэрэгтэй байгаа юм. Уг нь бидэнд уламжлалт ухаан бий. Тэнд хүнээр хүн хийх бүхий л арга бий. Эцэг эх, нийгэм хамтаар хариуцлага хүлээж байна. Зөвхөн гэр бүлийн асуудал биш, эсвэл нийгэм, хувь хүн рүү чихдэггүй. Бүх зүйл хоорондоо уялдаатай, шүтэлцээтэй байгаа шүү дээ.

-Нийгэм соён гэгээрээд ирэхээр илүү зөв шийдвэр гаргаж, төлөвшдөг гэдэг. Энэ тухайд?

-Соён гэгээрүүлнэ гэдэг чинь боловсролтой хүн болгоно гэсэн үг. Боловсрол гэдгийг зөв, бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Ажлын хариуцлагатай, аливаад үнэнчээр чин сэтгэлээсээ хандана гэдэг чинь жинхэнэ боловсрол юм. Тэрийг олгоход эцэг, эх ч нэг их ач холбогдол өгөхгүй, сургууль ч энэ тэр ч хэрэгтэй гээд баахан мэдлэг чихээд байдаг. Яг хүн байх ухааны мэдлэг өгөх нь дутмаг байна. Философийн мэдлэг гэхээр социализмын үед дунд сургууль, ахлах ангид үзээд, их, дээд сургуулиудад заавал судалж улсын шалгалт өгдөг байлаа. Энэ чинь хүний төлөвшил хандлагад нөлөөлж, зөв сэтгэх, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах зэрэг олон чадварыг олгодог байсан. Одоо бол дунд сургууль, их сургуульд ч үзэхгүй байна. Их сургуульд сонгон гээд цөөхөн оюутан л үзэж байна. Гэтэл барууны орнуудын   ахлах сургуульд философи үзэж л байгаа байхгүй юу.

- Өнөөгийн нийгэмд хэт аминч  үзэл давамгайлж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

   - Нийгэм өөрчлөгдөхөөр хүмүүс бас өөрчлөгдөж байна шүү дээ. Социализмын үед хүмүүс хамтач байсан. Нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө гээд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс харьцангуй олон байж. Одоо 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд орсноор яах аргагүй хувь, хувийн хэвшил давамгайлаад ирэхээр би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хэт амьтанлаг хувиа хичээсэн үйлдэл давамгайлж нийгмийн ёс суртахуун улам бүр уналтад орж байгаа юм. Хөдөлмөр гэдэг зүйлийн эдийн засгийн утгаас ойлгоод байгаа юм. Гэтэл хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ талаас нь ерөөсөө харахгүй болчихоод байгаа юм.  Монголчууд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог” гэж ярьдаг. Тэр хөдөлмөр чинь цалин авахаас гадна хүнийг төлөвшүүлдэг, нийгэмшүүлдэг. Өнөөдөр нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл чинь хүнлэг ёс, хүн чанар, шударга ёс юм. Энэ чинь ёс суртахууны үнэт зүйл биз дээ.

-Хүүхдийг багаас нь төлөвшүүлж, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

- Өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдэд зориулсан философи байна. Бүр багаас нь бүтээлчээр, зөв сэтгэх, юманд олон ургалч үзлээр хандах, бусдад хүлээцтэй байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, маргах мэтгэлцэх соёл гэдгийг төлөвшүүлэхэд философи их чухал юм. Ер нь, хүүхдээ цэцэрлэг, сургуульд даатгах биш  эцэг, эх нь гэр бүлийн  суурь хүмүүжлийг багаас нь олгоход л анхаармаар байгаа юм. Дээр нь, гадаад хэл сургахаас эн тэргүүнд ажил хийж,  бусдын төлөө хариуцлага хүлээж, үүргээ биелүүлдэг хүнийг л бид бэлтгэх хэрэгтэй дээ.

- Ёс зүй, ёс суртахуун хоёрын ялгааг хамгийн энгийнээр тайлбарлавал юу гэж хэлэх вэ?

-Ёс суртахуун гэдэг нь хүний биеэ авч явах хэм хэмжээ, горим журмын нийлбэр юм. Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “Юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэсэн байдаг шүү дээ.“Ёс зүй гэдэг нь хүн юу хийх, юунаас татгалзах ѐстойг судалдаг ухааны нэр” хэмээн ѐс зүйг үндэслэгч гэгддэг Аристотель хэлсэн. Эндээс зүй тогтол, ялгаа нь харагдах байх.  Угтаа бол  хүмүүн бидний  зайлшгүй баримталж хэрэгжүүлэх амьдралын зарчим, дагаж мөрдөх зүй зохистой хэм хэмжээ юм шүү дээ.

     -Мэргэжилтэн бүр мэргэжилдээ сайн чадварлаг байхын зэрэгцээ мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой.  Энэ тухай таны бодлыг сонсмоор байна?

- Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Мэдээж, мэргэжилдээ үнэнч, шударга, идэвх зүтгэлтэй, санаачлагатай мэргэжилтэн чухал. Сүүлийн үед ажил олгогчид  мэргэждийн ур чадвараас илүүтэй хүнийг хүн ёсоор хүндэтгэх харилцаа, мөс чанарыг тэргүүнд тавьж ажилтнаа сонгож байна.  Мэргэжилтний ёс суртахууны хариуцлага дотор өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих, идэвх санаачлагатай байх, хичээл зүтгэл гаргах, бурууг бусдаас хайхгүй байх, өөрийн үйлдлийн бурууг хүлээх зэрэг олон давуу тал бий. Наад зах нь олны дотор биеэ зөв авч явах, доромж бүдүүлэг үг хэрэглэхгүй байх гээд хүний ёсны олон жишээ байна шүү дээ. Ийм мэргэжилтэн бол  компаний  үнэт баялаг юм.

Мэргэжлийн ёс зүйн тухайд ажил мэргэжлийн нэр хүнд, үнэ цэн, хариуцлагыг дээшлүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр байгууллагын  тогтвортой хөгжлийг хангах, нэр төрийг хамгаалах зэрэг олон хүчин зүйлийг ажилтан эрхэмлэх ёстой байдаг.  

 

И.Наранчимэг

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.