Миний багад манайх Могойтын голын хөндийн Дөрөлж гэх аманд өвөлждөг байлаа. Сумын төв /Бат-Өлзий/-өөс гэр маань дөрөв шахам км, дундаа нэг өндөр уултай. Ухаан орох цагаасаа л тэр уул буюу Улаан хадны шилээр сумын төв рүү ирж очсон болохоор чулуу бүрийг нь андахгүй мэднэ. Гэхдээ л уул давах залхуутай санагдана. Эгчтэйгээ хичээлд явахдаа хоцорч алхан, бараг чирүүлсээр байж нэг юм давдаг сан. Харин цагаан сараар л юунд ч торохгүй, бараг түрүүлэх шахам гүйсээр давдаг байлаа. Зөвхөн бид хоёр ч биш, Могойтын хөндийн хүүхдүүд нийлчихнэ. Ээж маань бид хоёрт нэг нэг том даавуун тор оёж өгнө. Даваан дээр гарсан хойноо эгч сумын төв рүү саравчлан хараад чихэнд “Хоёулаа Дэмид ах /нагац/-ынхаар орчихоод л хуучин шигээ Найман булангийн арын гудамжнаас эхэлчихье. Тэр гудамжаа дээшээ өгсөж дуусгаад урд гудамжийг уруудна. Тэгээд урд талаар нь өгсөөд, дахиад тэрүүгээр уруудна” гээд агаарт хуруугаараа зурангаа шивнэн хэлсэн нь одоо ч тод санагдаж байна. Хоёулхнаа тусдаа явна шүү гэдгээ сэмээрхэн анхааруулж буй нь тэр. Хүүхдүүд бүгд л тороо эвхээд өвөртөлчихсөн, зарим нь айлаар хамт явъя гэж эгчээс гуйна. Ингээд л сумын төвийн бүх айлыг захаас нь хэсэж бэлэг цуглуулах “арми” Араамын дэнжийн модны хаяанаас гүйлдсээр гардаг байлаа. Нэн тэргүүнд Дэмид ахындаа золгон хүндтэй зочид шиг л буузаар дайлуулж аваад эгчийн хэлснээр эхнээс нь хэсэж, айлд ороод үүдэнд нь зогсоцгоочихно. Таних, танихгүй ер хамаагүй, “Хэний хүүхэд вэ” гэж ч асуулгүй бэлэг өгөөд л гаргадаг сан. Эзэнгүй айл таарвал заавал эргэж тойрсоор байж орж нэг санаа амарцгаана. Бэлгэнд 12 хуудастай дэвтэр, ёотон, боорцог, жигнэмэг өгөх нь элбэг. Тиймээс задгай жигнэмэг, боорцгоороо айлын нохой аргална. Харин зарим айл “Мөнхөөгийн хүүхдүүд үү” гэж инээгээд нэг, гурав, таван төгрөг хүртэл өгөх нь бий. Энэ мэт сумын төвийн айлыг барах гэж нагац ахындаа хонож лав л хоёр өдрийг зарцуулдаг сан. Айлаа хэсэж дууссан Могойтын голын хүүхдүүд тор дүүрэн бэлгээ дамжлаад, ялсан баатрууд шиг л Араамын дэнжээд өгсдөг байлаа. Даваан дээр гарсан хойноо эгч торноосоо мөнгөө гаргаж тоолоход 100 гаруй төгрөг байдаг сан. Хүүхэд насанд минь цагаан сар мөн ч сайхан болдог байж дээ. Одоо Могойтын голын хүүхдүүд сумын төвийн айлуудыг хэсэхээр бидэн шиг сүрэглэн давцгаадаг хэвээрээ болов уу.
М.Наранболд
